Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэг ахдаа ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бэлэглэсэн үү

П.Урнаа / Хууль

-ЖАРГАЛТХААН СУМЫН ГАЗАР НУТАГТ АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВСАН “ГҮҮД КЭСТЛ” ХХК НЬ БАРИЛГЫН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙЖЭЭ-

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дахь вольфрамын томоохон ордын илэрцийг Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэг ахынхаа компанид өгөхөд нөлөөлсөн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Тодруулбал, дээрх ордын илэрц дээр таван компани сонгон шалгаруулалтад орох хүсэлт гаргаснаас Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгийн ах Тагарваагийн Эрдэнэбулганы “Гүүд кестл” компани ялалт байгуулсан гэсэн мэдээлэл буй юм.

Энэ тухай зарим хэвлэлүүдэд, “Тагарваагийн Эрдэнэбулганы “Гүүд кестл” гэх компани тус шалгаруулалтад тэнцэх магадлал багатай, уул уурхайн түүх гэхээр зүйлгүй. Зөвхөн Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэг хүчин чармайлтаар ялалт байгуулсан. Учир нь Д.Дашзэвэг нь “Гүүд кестл” компанийн захирал Тагарваагийн Эрдэнэбулганы дүү юмсанж. Хүүхэн хутагт О.Тагарваа агсны өргөмөл хүү нь Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэг бөгөөд ахдаа орд газар бэлэглэж орхижээ. Энэ талаар сонгон шалгаруулалтанд өрсөлдөн ялагдсан “Бажа Азиа Монголиа“, “Зая Кристал” компаниуд Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, АТГ-т гомдол гаргасны дагуу АТГ-аас Д.Дашзэвэгт хэрэг үүсгэн шалгаж байгаа” хэмээн бичигдсэн байна.

Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны есдүгээр сарын 24-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дахь 374,1га бүхий Хатагтай нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлагдсан байна. Тус сонгон шалгаруулалтад “Гүүд кестл” ХХК, “Поларис инженеринг консалтинг” ХХК, “Бажа азиа монголиа” ХХК, “Зая кристалл” ХХК, “Чандмань эрдэс” ХХК зэрэг компаниуд оролцжээ. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн Сонгон шалгаруулалтын үнийн саналыг 2018 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдрийн 09:00 минутанд Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 209 тоот өрөөнд нээж сонгон шалгаруулалтаа хийж байжээ.

“Гүүд кэстл” нь ямар компани бэ гээд сайтар хайгаад үзвэл, тусгай зөвшөөрөл олгох асуудлаар урьдчилсан дүгнэлт гаргах ажлын хэсгийн 2019 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн хурлын шийдвэрээр Т.Эрдэнэбулган захиралтай “Гүүд Кэстл” ХХК нэрээ “Мета Менежмент” ХХК болгон өөрчилсөн байна. Ийнхүү нэрээ өөрчлөхөөс өмнө “Гүүд Кэстл” ХХК нэрээрээ улсад:

-2013 онд Улсын төсвөөр Нийслэлийн боловсролын салбарт хийгдсэн засварын ажлын жагсаалтад багтсанаар бол Мэргэжлийн сургалттай ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн дээвэр, шал, цонхны засварын ажлыг наймдугаар сарын 22-ноос, есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 150 сая төгрөгийн өртөгөөр хийж гүйцэтгэжээ.

-2015 онд Засгийн газраас "Аймаг бүрт 1000 айлын орон сууц" хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал суманд 126 айлын, есөн давхар, хоёр орон сууцны барилгын гүйцэтгэгчээр ажилласан байна. Улмаар барилгыг ашиглалтад оруулж байжээ.

image

image

-Д.ДАШЗЭВЭГ: НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД МИНИЙ АХ ДҮҮ ХАМААТАН МӨН Ч БАЙ, БИШ Ч БАЙ БҮГД ОРОЛЦОЖ БОЛНО-

АТГ-аас Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгт хэрэг үүсгэн шалгаж байгаа эсэхийг АТГ-аас тодруулахад, “Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгийн талаар манайд ямар нэгэн гомдол мэдээлэл одоогоор ирээгүй байна. Нэгэн хэвлэл мэдээллийн байгууллага \сайт\ АТГ-ын сар бүрийн 25-ны өдөр хийдэг тайлангийн мэдээний үеэрээ Д.Дашзэвэгийг шалгагдаж байгаа тухай мэдээллийг АТГ-аас өгсөн мэтээр бичсэн байсан. Энэ бол үндэслэлгүй мэдээлэл” хэмээх тайлбарыг өглөө.

Мөн энэ талаар өөрөөс нь албан ёсны тайлбар авахаар холбогдсон юм. Тэрээр хэлэхдээ, “Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дахь Хатагтай нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарласан. Ингэхдээ сонгон шалгаруулалтын журмын дагуу нээлттэйгээр зарлахад таван компани оролцсон. Үүнээс нэгдүгээр байранд орсон компани 355 сая төгрөгийн үнийг санал болгосноор шалгарсан байдаг юм. Хоёрдугаар байранд орсон компани 53 сая төгрөг санал болгосон. Тэгэхээр аль илүү үнэ санал болгосон нь авах ёстой юм байгаа биз дээ. Тэрхүү 355 сая төгрөгийг бүгдийг нь улсад тушаасан” гэсэн тайлбар өглөө.

-Сонгон шалгаруулалтыг ямар дүрэм журмын дагуу явуулсан бэ?

-2008 оноос өмнө өргөдлөөр өгдөг байсан. Түүнийг нь хэн нэгэн аваад далд хийчихдэг байсан. Одоо зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар шийддэг болсон. Хуулиндаа зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар явагдана гэж заасан байдаг. 2018 оны хоёрдугаар сарын 18-нд УУХҮЯ-ны сайдын баталсан журмын дагуу аль болох ил тод, нээлттэйгээр сонгон шалгаруулсан. Өмнө нь янз бүрийн журам байдаг байсан бол одоо бүх талын хардлагыг арилгах гэж хичээсэн журам юм. Тусгай зөвшөөрөл олгодог учир янз бүрийн хардлага сэрдлэг их гардаг учир анхнаасаа нээлттэй болгохыг зорьсон. Түүнчлэн бүх оролцогч буюу таван компанийн төлөөлөл, есөн комиссын гишүүнийг зэрэгцүүлэн суулгаад техникийн болон үнийн саналыг задалсан байдаг юм.

-Шалгаруулалт шударга бус болсон тухай зарим хэвлэлд онцолсон байна. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?

-Хэн нэгэн ах дүү, танил талдаа бичээд өгчихдөг асуудал гаргавал өөрийгөө шоронд хийлгэх хэмжээнд хорлох тэнэг хүн байхгүй. Миний талаар мушгин гуйвуулж, эсэргүүцсэн мэдээ гарсныг харсан. Хүмүүст аль болох зөвөөр тайлбарлахыг оролдож байна. Гэхдээ ийм ажил хийж байгаагийн хувьд янз бүрийн гүтгэлэг доромжлол байж л байдаг. Тэр болгонд дэвхцээд байх шаардлага надад байхгүй. Сонгон шалгаруулалт хэрхэн явагдсан талаар бүх мэдээлэл нээлттэй бий шүү. Надаас авч болно.

-Таныг өөрийн ах Т.Эрдэнэбулганын компани болох “Гүүд Кэстл”-д давуу эрх олгосон гэгдэж байгаа. Үнэн үү?

-Энэ бол нээлттэй сонгон шалгаруулалт. Тиймээс миний ах дүү хамаатан садан мөн ч байна уу, биш ч байна уу бүгд оролцож болно шүү дээ. Хамгийн гол нь хэн хамгийн өндөр үнийн санал хэлсэн бэ гэдгээрээ шалгардаг. Хэрэв би 53 сая төгрөгийн үнийн санал хэлж хоёрдугаар байранд орсон компанид өгчихсөн байвал, энэ бол жинхэнэ асуудал болох байсан. Өмнө нь төлбөргүй авчихаад байдаг байсан бол одоо төлбөртэйгээр өгье гэдэг байдлаар энэ журмыг гаргаж ирсэн байдаг.

-АТГ хэрэг үүсгэн шалгагдаж байгаа гэдэг мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Тийм мэдээлэл нийтлэгдсэн л байна лээ. Мөн вольфрамны орд гэж бичсэн байсан. Гэтэл тухайн газрын бүх эрдэсийнх нь мэдээлэл манай байгууллагын сайтад нээлттэй байгаа. Алтны ордын нэг хоёр цэгтэй.


Сэтгэгдэл

Зочин [139.5.219.55] 2019-04-01 06:15:47

үнэн л байна ш дээ.та нар нэг зүйл зарах байлаа гэж бодъё.Аль үнэ илүү хэлсэнд нь зарахыг бодно биз дээ.

Иргэд [124.158.95.138] 2019-03-13 08:46:14

Хулгайчийг шалга

Зочин [202.9.42.244] 2019-02-28 04:49:15

Том юмаа улсын юмаар алчуур болгоод л

Зочин [198.16.74.203] 2019-02-28 04:31:02

ene olon zambaraagui tusgai zovshoorluudiig tsegtsleh geed tom zorig gargaaad chuhal shiidveruud gargaad, huuli erh zuin orchnig ni sain tsegtselj bgaa yum bn gej haraad bgaa. ene zergiin hel am bol baih shu dee. ahiih ni kompani bn uu egchiih ni kompani bn uu hur bur songon shalgaruulaltad oroh erhtei bizdee?

2 [77.111.247.41] 2019-02-28 03:38:49

2 мэнгэтэй 2 мэнгэ нь 2уулаан үстэй

Зочин [202.179.26.109] 2019-02-28 03:34:45

za neg muu haiguuliin lizenz l baina. yum baigaa baihgui n medegdehgui, baihgui baih magadlal asar undur l gesen ug. ene humuus uul uurhai geologi haiguuliin talaar yamar ch medleggui baij ih hudal yarih yum

Зочин [202.9.45.124] 2019-02-28 02:19:33

Хуулийн шударга хандалтыг л харахаас.

Зочин [103.242.47.90] 2019-02-28 01:30:24

нийтлэл уншихад бол авч өгсөн асуудал алга байна шдээ, хамаагүй илүү үнэ хэлээд ахынх нь компани авсан юм байна. сайн байна ахдаа шударга хандсан байна. сонгон шалгаруулалт гэдэг бол илүү үнэ хэлснийг шалгаруулдаг тогтолцоо.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.