Баян-Өлгий аймагт улсын нөөцөөс 700 тонн өвс, 480 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгохоор болжээ

П.Урнаа / Орон нутаг

Улсын онцгой комиссын даргын тушаалаар орон нутагт ажиллаж буй Шуурхай бүлэг өчигдөр Баян-Өлгий аймагт ажиллажээ. Энэ хүрээн хаваржилтын нөхцөлд үнэлэлт, дүгнэлт өгөн, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцсан байна.

Тус аймгийн 13 сумын 90 багт 15,356 өрхийн нийт 2,141,533 толгой мал хаваржиж буй. Нийт 12 суманд хаваржилт хүндэрсэн. Энэ өвөл цаг агаар олон жилийн дунджаас хүйтэн байснаас эхний хоёр сарын байдлаар 25,384 толгой мал зүй бусаар хорогдож, 26,241 толгой мал хээл хаяжээ.

Түүнчлэн Алтай, Алтанцөгц, Баяннуур, Буянт, Дэлүүн, Толбо сум бүхэлдээ, Бугат, Булган сумын зарим багууд, нийтдээ 60 гаруй багийн нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч малын зүй бус хорогдол нэмэгдэх, мал төллөх явцад хүндрэл учрахаар байгаа аж. Мал хорогдож буй шалтгаан нь бэлчээрийн ногооны гарц муугаас өнгөрсөн зун, намар мал тарга хүч сайн авч чадаагүй, өвөлдөө мөн тэжээлийн хомсдолд орсон гэж орон нутгийн удирдлагууд тайлбарлав.

Аймгийн хэмжээнд болон зэргэлдээ аймгуудад намар хадсан хөх боодол өвс 8500-12000 төгрөг, мөс хөлдсөний дараа зундаа намаг, усан дундуур байсан шим сөл муутай боодол өвс 5800-7600 төгрөгийн үнэтэй байна. ОХУ, БНКУ-аас импортоор оруулж ирж буй нэг уут хорголжин багсармал тэжээл 26,000 төгрөг, алслагдсан газруудад 35000 төгрөгт хүрч өсчээ.

Иймд улсын нөөцийн өвс тэжээлийг хаваржилт хүндэрсэн сумдын малчдад хөнгөлөлттэй үнээр олгох, импортоор авч байгаа хүчит багсармал тэжээлийн гаалийн татварыг чөлөөлүүлэх, ОХУ-аас өвс оруулах ажил зохион байгуулахаар болсон байна.

Үүссэн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгсний үндсэн дээр улсын нөөцөөс тус аймагт 700 тонн өвс, 480 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчдад олгохоор шийдвэрлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.