АНУ, БНХАУ-ын лидерүүд Осакад нүүр тулан уулзана

Т.Хулан / Гадаад мэдээ

АНУ, БНХАУ хоорондын худалдааны дайн дахин хурцдаад байгаа энэ өдрүүдэд хоёр улсын лидер нүүр тулан уулзах мэдээлэл цацагдлаа. Ирэх сарын сүүлчээр Япон улсын Осака хотноо болох G20 бүлгийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд ноён Доналд Трамп, Ши Жиньпин нар уулзалт товлосон тухай Хонконгийн South China Morning Post сонин нийтэлжээ.

Хонконгийн хэвлэл БНХАУ-ын Ардын банкны захирлаар ажиллаж байсан, улс төрийн шинжээч Дай Сянлуны үгэнд тулгуурлан ийнхүү хоёр улсын лидер Осака хотноо хоёр талт уулзалт хийнэ гэж мэдээллээ. Гэхдээ энэ уулзалтаар талууд худалдааны маргааныг шийдвэрлэж чадахгүй, эерэг үр дүнд хүрэхгүй л болов уу гэж шинжээчид таамаг дэвшүүлж байна.

Бээжин хотноо болж байгаа технологийн салбар дахь Хятад-Америкийн харилцааны асуудлаарх семинарын үеэр ноён Дай Сянлун ийнхүү тэмдэглэсэн байна. “Ирэх сарын сүүлчээр Япон улсад АНУ, БНХАУ-ын лидерүүд уулзана. Гэхдээ эерэг, таатай мэдээ дуулгана гэдэгт итгэлгүй байна” гэж ноён Дай Сянлун хэллээ. Энэ үед дэлхийн номер нэг болон хоёрт жагсах хүчирхэг эдийн засагтай хоёр их гүрэн хоорондын худалдааны маргааныг шийдвэрлэхэд ахиц, дэвшил гарна гэдэгт шинжээчид эргэлзэж байна. Ноён Дай Сянлун нь БНХАУ-ын Олон улсын Эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны төвийн дэд захирлын алба хашдаг байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Япон улсын Осака хотноо ирэх сарын сүүлчээр G20 бүлгийн уулзалтын талбарт БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахаар тэсэн ядан хүлээж байгаагаа мэдэгдсэн. Энэ уулзалтаар худалдааны салбар дахь хоёр талт хамтын ажиллагааг хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа зарласан. Энэ мэдэгдлийн талаар Бээжин одоогоор ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй байна. Мөн Японд хоёр талт дээд хэмжээний уулзалт хийнэ гэсэн мэдээллийг ч БНХАУ-ын эрх баригчид батлаагүй байгаа юм.

АНУ-БНХАУ хоорондын худалдаа эргэлтэд АНУ алдагдал хүлээж байгааг Цагаан ордны тэргүүн Доналд Трамп нэг бус удаа шүүмжилж байсан. Улмаар өнгөрсөн онд хэд хэдэн үе шаттайгаар БНХАУ-аас импортлох бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар шинээр оноож, мөн өмнөх татварыг нэмэх шийдвэрүүд гаргасан. Сүүлд л гэхэд энэ сарын 10-ны өдөр БНХАУ-аас импортлох 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд оногдуулах гаалийн татварыг 10% байсныг 25% болгон нэмэгдүүлсэн. Цаашлаад Хятад улсаас импортлох үлдсэн 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд оногдуулах гаалийн татварыг нэмэх үйл явц эхлүүлэхийг ч холбогдох албаныханд даалгасан мэдээлэл цацагдсан. Худалдааны хэлэлцээрээр зөвшилцсөн зүйл заалтаасаа Бээжин буцсан учир ийнхүү эдийн засгийн ээлжит хориг тогтоохоос аргагүйд хүрсэн гэж Вашингтон энэ шийдвэрээ тайлбарласан юм. Хариуд нь Бээжин ч гаалийн татвараа нэмэгдүүлсэн. Энэ шийдвэр маргаашнаас хэрэгжиж эхэлнэ. АНУ-аас худалдан авах 5,000 гаруй нэр төрлийн 60 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд Бээжин гаалийн татвар оноох юм.


Сэтгэгдэл

Зочин [202.9.43.145] 2019-05-31 12:02:23

Худалдааны дайнд хэн нэгэн ашиг олж, хэн нэгэн алдагдал хүлээх ёсгүй. Худалдаа шударга харилцан ашигтай байх ёстой

Зочин [99.203.17.85] 2019-05-31 12:49:46

За дамжуулая 2 талд

Нягмаа [194.228.76.84] 2019-05-31 10:13:01

Лидер гэхийн оронд удирдагч, дарга, тэргүүлэгч гэж яагаад бичихгүй байна? Лидер гэж дормжлолын санаатай үг шигээ. Нүүр тулна гэдэг ч эвгүй л үг байна. Аятайхан үгээр хэлэх чадвар алга уу дарга аа.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.