“Ногоон алт”-ны төлөөх тулаан буюу биологийн дээрэм

Д.Тулга / Шинжлэх Ухаан 2023

Өндөр технологийн бизнес эрхлэгч корпорацуудын эмийн үйлдвэрлэлийн процесст өргөн дэлгэрсэн практик арга ажиллагааг биологийн дээрэм гэдэг

Биологийн олон янзын тухай НҮБ-ын Конвенцийн 1-р бүлэгт “биологийн олон янзыг хадгалах, тэдгээрийн компонентуудыг тогтвортой ашиглах ба генетик нөөцийг ашигласны дүнд гарсан ашгийг шударгаар, тэгш хуваарилах улмаар эдгээр нөөц, технологи, тэдгээрийн санхүүгийн боломжтой холбоотой бүх эрхийг дамжуулан өгөх” гэж зорилтыг тодорхойлсон бол 3-р бүлэгтээ “улс орнууд өөрсдийн байгалийг хамгаалах бодлогын дагуу байгалийн нөөцөө ашиглах бие даасан эрхтэй байна” гэжээ. 15-р бүлгийн 1-р зүйлд “генетикийн нөөцөө ашиглах нь улс орнуудын засгийн газрын бүрэн эрх бөгөөд өөрсдийнхөө дотоодын хууль тогтоомжоор зохицуулна” гэж заасан байна.

Биологийн дээрэм гэдэг нь НҮБ-ын энэхүү конвенцоор улс орнуудад олгосон биологийн нөөцөө ашиглах бие даасан эрхийг зөрчдөг бөгөөд уугуул нийгэм генетикийнхээ нөөц, уламжлалт мэдлэгийнхээ эрхийг алдаж, өөрсдийнхөө эрхийг биологийн олон янзыг ашиглах бусдын монополиор сольж байгаатай холбоотой юм. Тухайлбал, тэд гарган авсан технологи, аргуудаа “шинэ бүтээл” хэмээн нэрлээд хэрэг дээрээ эрт дээр үеэс тухайн ард түмэнд мэдэгдэж байсан мэдлэгийн талаар худал мэдээлэл хийж байгаа нь тэр мэдлэгийг жинхэнэ бүтээгчдийг нь дэлхийн зах зээлээс салгаж байгаа хэрэг бөгөөд энэ нь үнэн хэрэгтээ тэдний өдөр дутмын амьдралыг патенталж байна гэсэн үг юм.

Биологи судлаачид биологийн дээрэмчдийн адил амьтан, ургамлын төрөл зүйлүүдийг хайж халуун бүсийн ой ширэнгийг самнан хүнсний бүтээгдхүүн эсвэл өвс ургамлыг нь патентлан эзэмших өөрсдийн далд төлөвлөгөөндөө нутгийн эмч нарыг татан оролцуулдаг бөгөөд гаргаж авсан бүтээгдэхүүнээ тэдэнд эргээд худалддаг юм. Үүний дүнд генетикийн нөөцийг нь бүрэн ашиглан гаргаж авсан шинэ бүтээгдэхүүнүүд нь уугуул нутгийн эдийн засгийг бүрэн сүйрүүлдэг байна.

Өнөөдөр аливаа улс орны ард түмний үнэт зүйлсийг түүний дотор биологийн эд зүйлсийг хил дамнуулан гаргахад хяналт тавьдаг систем үндсэндээ алга байна. ДНК-ийн загварыг эмэгтэй хүний цүнхэнд нууж хилээр гарах тийм ч хүндрэлтэй биш. Ингэснээр биологийн материалуудын жинхэнэ эзэмшигчид нь одоо өөрсдийнхөө ургамлыг худалдаж авахад хүрсэн төдийгүй өөрсдийнхөө технологийг ашиглуулсан хувиас ч хүртэж чадахгүй байна.

Ийнхүү “ногоон алт”-ны төлөөх өрсөлдөөн хөгжиж буй орнуудын үндэсний цэцэрлэгийг үгүйрүүлэн дуусгаж байна. Тухайлбал, биологийн колоничлогчид дэлхий даяар хэрэн тэнүүчилж явдгаас олон улс орон хэлмэгдэж байдгын тодорхой жишээ нь Энэтхэг улс юм. Ханиад, астма, шар өвчин болон шархыг эмнэдэг энэтхэгийн анар болон тошлой жимсүүд, уушиг, үе мөчний өвчинд хэрэглэдэг гич, хайди, амальтас зэрэг 22 нэр төрлийн ургамал гадаадын пүүс компаниудын нэр дээр патентлагдсан байна. 1996 онд АНУ-ын нэгэн пүүс энэтхэгийн хар чинжүү, түүний хандыг гаргах онцгой эрхийг өөрийн нэр дээр патентлуулсан төдийгүй 1997 онд арьсны өвчинд хэрэглэдэг бактерийн эсрэг шинж чанартай хэд хэдэн эмийг патенталж амжжээ. Харин 1999 онд мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээг олон зуун жил энэтхэгийн хөдөө тосгонуудад хэрэглэж ирсэн нь нийтэд тодорхой болсон тул өргөдөл хүсэгчдэд патент олгохоос татгалзсан анхны тохиолдол гарсан байна. 1998 онд Rice Tech компани “басмати” цагаан будааг патентлуулсан бөгөөд хожим нь мөн энэ компани 5 сая ядуу фермерүүдийн үндсэн бүтээгдхүүн болох тай үндэсний жасмин цагаан будааг патентлуулж амжжээ. Басмати цагаан будаа нь Энэтхэгийн экспортын үндсэн бүтээгдхүүний нэг бөгөөд жилд хагас сая тонныг дэлхийн зах зээлд нийлүүлдэг юм.

image

Шотландын Рослины институт Энэтхэг үхрийг патентлах өргөдөл өгчээ. Гэхдээ тэд өнө эртнээс энэтхэгиййн үлгэр туульсад гардаг маш бага тэжээл хэрэглээд их тослогтой сүү өгдөг ганцхан үүлдрийн үнээг нь сонирхож байгаа бөгөөд энэ үүлдэр одоо мөхөхдөө тулаад байна. 1999 онд Cromak Research компани диабетийн эсрэг үйлчилгээтэй 3 төрлийн ургамлын цуглуулгыг нь патентлуулжээ.

Азид өргөн тархсан бөгөөд нууцыг нь олон жил хадгалсаар ирсэн орон нутгийн эмийн ургамлыг ашигладаг эртний эмнэлгийн систем биологийн дээрэмчдийн аюулд хамгийн их өртөж байгаа юм. Барууны пүүсүүдийн эмийн бүтээгдхүүний дөчин хувь азийн орнуудаас гаралтай ургамлуудын хандыг агуулдаг бөгөөд энэ нь эдгээр орнуудад ямар ч ашиг авчирдаггүй. Шри-ланкийн хуулиар эмийн ургамал болоод тэдгээрийн хандыг экспортод гаргахыг зөвшөөрдөггүй боловч биологийн дээрэмчдийг зогсоож чаддаггүй юм. Ийм олон жишээг дурдаж болно.

image

Хүний генетикийн нөөцийг судлахтай холбогдсон төслүүд мөн уугуул ард түмэнд оногдох ёстой. Судалгааны объект нь уугуул иргэдээс төрөл бүрийн өвчний эсрэг үзүүлдэг байгалийн иммунитет байдаг бөгөөд тэдний цуснаас авсан дээжийг ашиглан ямар ч нөхөн төлбөргүйгээр эм үйлдвэрлэн гаргасаар байгаа юм. Энэ туршлага хөгжилтэй орнуудыг ч тойрсонгүй. Америкийн эмч Гоулд мэс засал хийхээр бэлтгэж байх үедээ өвчтөний цусанд маш чухал идэвхжүүлэгч уураг байгааг олж илрүүлэн түүнийгээ “Мо Лайн” гэж нэрлэн патентлуулснаар 15 сая доллар олсон бөгөөд нийт худалдаанаас 3 тэрбум долларыг хармаалж чадсан байна. Доктор С.Уэллс өөрийн ажилтнуудынхаа хамтаар хүрч очиход хамгийн бэрхшээлтэй Дундад Азийн нутгийн иргэдийн ДНК-г цуглуулахаар Торгоны замаар аялж байсан байна. Стэнфордын Их сургууль 5000 янз бүрийн ард түмний төлөөллийн цусыг цуглуулахаар бэлтгэж байсан ба үүнийг нь “вампирын төсөл” гэж шүүмжлэгчид нэрлэж байжээ. Харвардын Их сургуулийн нэгэн профессор Исландын 10 жил цуглуулсан эд эсийн эмнэлгийн архивт нэвтрэх эрхийг авсан байна. Тэрээр угсаатны хувьд нэгэн төрлийн болох иргэдийн цусыг ашиглан удамшлийн өвчин үүсэх шалтгааныг судлах ажилдаа энэхүү архивийг ашиглахаар шийдвэрлэж байжээ.

Иймэрхүү байдлаар дэлхийн олон орны иргэд ДНК-ийн судалгааны эх үүсвэр болдог байна. Энэ байдлаар бол венесуэлчүүд Хантингтоны өвчний нууцийг тайлах түлхүүр болох боломжтой бол өмнөд Атлантикийн арлуудын оршин суугчид астма өвчний түлхүүр болох юм. Тэгвэл энэхүү процессыг дэлхийн олон үндэстэн ард түмэн зүгээр хараад суухыг боломжгүй гэдэг нь хэн бүхэнд тодорхой байна.

Манай улсын хувьд эдгээр орнуудын гашуун туршлага мөн адил давтагдаж эхлээд байгаа талаар Хятадын шинжлэх ухааны сэтгүүлчдээс 2007 онд товч мэдээлэл бидэнд ирүүлж энэ талаар манай орны эрдэмтэд Засгийн газраас арга хэмжээ авах шаардлагатай болохыг анхааруулж байсан юм. Тэд захидалдаа Японы NITE корпораци нь (Chugai компанитай хамтран) 2007 оны 7 сард Монголд шинэ микроорганизмуудыг судлах ажлаа эхлүүлсэн байна. Дэлхий даяар нэрд гарсан судалгааны эдгээр төвүүд нь 7,8-р саруудад Баруун Монголын Увс нуурын орчмын нутаг, ногоон болон цөлийн бүс, Улаанбаатар орчмын давстай нууруудаас микроорганизмуудын дээжийг авсан байна. Монгол орон бол хангай, говь, өндөр уул нурууд, олон төрлийн эрдэс минерал агуулсан нууруудтай, Төв Азийн эрс тэс уур амьсгалтай орон шүүдээ. Одоо тэд Вьетнам, Индонез, Тайланд, Маяанмараас эхэлсэн судалгаагаа Хятадаар дамжаад эрс тэс уур амьсгалтай Монгол, цаашлаад Сибирь хүртэл өргөжүүлэхээр хөдөлсөн байна гэж бичсэн байна. Одоо Япончуудаас гадна Хятад, Солонгос жуулчид олноор орж ирэн бүхэл зуны туршид эмийн ургамал түүж нутагтаа буцдаг тухай нутгийн ардууд байнга ярьж гомдоллосоор байна. Хилээр яаж авч гардаг юм бол? Манай гаалийн байгууллагынхан энэ тухай мэдэж л байдаг байхдаа.

image

Тэгэхээр одоо энэ төрлийн дээрэмдлэгийг таслан зогсоох эсвэл зохицуулах талаар дэлхийн нийгэмлэгээс тодорхой арга хэмжээ авах шаардлагатай болжээ.

1998 онд Африкийн Нэгдлийн Байгууллага биологийн эрэл хайгуулын асуудлаар африкийн орнуудын хууль тогтоомжуудыг уялдуулах зорилгоор төсөл санал болгосон жишээ байна. Байгууллага өөрийн гишүүн орнуудыг Африкаас гаралтай байгалийн цэвэр бүтээгдхүүнээс гарган авсан бөгөөд африкийн ард түмний хувь оролцоог хүлээн зөвшөөрөөгүй, эдгээр ард түмэнд ашиглах эрх олгоогүй нөхцөлд тухайн эмэнд олгосон ямар ч патентийг хүлээн зөвшөөрөхгүй байх тухай хууль гарган батлахыг уриалсан байна. Тус байгууллагаас бэлтгэсэн баримт бичгийн төсөл шинэ бэлдмэлийг эзэмших эрх нь уугуул ард түмэнд нь үүрд хадгалагдах бөгөөд энэхүү эрхийг баримтлахыг баталгаажуулсан хууль боловсруулж гаргахыг улс орнууддаа уриалжээ.

Биднийг ингэж өөр өнгийн алтны төлөө дайн зарлаад орондоо унтах завгүй олзолдон булаалдаж байх хооронд “ногоон алт”-ыг маань манай түншүүд патентлуулаад дуусгачихсан байгаа юм биш биз.

“Амьдрал ба үхлээр хэн ч ашиг хонжоо олох учиргүй учраас эрүүл мэндийн салбарт гарсан нээлтүүд нь патентлалаас ангид байх ёстой” гэж Энэтхэгийн ерөнхий сайд асан Индира Ганди хэлсэн байдаг.


Сэтгэгдэл

Иргэн [203.169.50.254] 2019-06-04 05:15:11

Тун чухал сэдвийг ил гаргаж ирсэнд талархаж байна. Биднийг санаандгуй алмайрч байх хооронд гадныхан хамаг зуйлийг маань олзолно шуу.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.