Владимир Путин, Си Жиньпин нар хэлэлцээ хийжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар лхагва гарагт Москва хотод хэлэлцээ хийлээ. Си Жиньпиний Орост хийж буй төрийн айлчлалын хүрээнд хийсэн хэлэлцээ гурван цаг орчим үргэлжилжээ. Хоёр улсын удирдагчид олон улсын асуудлууд, аюулгүй байдал болон эдийн засгийн асуудлыг хэлэлцсэн байна.

Үндэсний валютаар төлбөр тооцоо хийнэ

ОХУ болон БНХАУ үндэсний валютаар төлбөр тооцоо хийнэ гэж В.Путин уулзалтын дараа мэдэгдсэн байна.

“Бид дөнгөж сая хоёр талын худалдаанд рубль болон юанийн хэрэглээг өргөжүүлэхэд, мөн дэлхийн зах зээлийн байдал тогтворгүй үед банкны гүйлгээг таслахгүй байхад чиглэсэн Засгийн газар хоорондын гэрээ байгууллаа” гэж тэрбээр мэдэгджээ.

Хоёр орны байр суурь ижил байна

ОХУ-ын Ерөнхийлөгч мөн Солонгосын хойгийн байдлыг зохицуулах асуудалд Москва болон Бээжингийн байр суурь ижил байгаа болохыг онцлон тэмдэглэсэн байна.

Түүний мэдэгдсэнээр, "бүс нутгийн асуудал, тэр дундаа цөмийн асуудлыг улс төр-дипломат арга замаар шийдэхээс өөр арга зам байхгүй бөгөөд байх боломжгүй”. Үүний сацуу, тэрбээр ОХУ болон БНХАУ Венесуэлийн байдлыг тогтворжуулахыг дэмжихийн сацуу Сири улстай хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлнэ гэдгийг дурджээ.

ОХУ-ын төрийн тэргүүний хэлснээр, Москва болон Бээжин зэвсэглэлд хяналт тавих, зэвсэг хураах болон зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээний одоо байгаа тогтолцоог сүйтгэхийг хүлээн зөвшөөрөхгүй.

Талууд НҮБ, ШХАБ, БРИКС болон яриа хэлэлцээний бусад талбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байгаа гэдгээ нотоллоо гэж В.Путин нэмж хэлсэн байна.

Эдийн засгийн харилцааг хөгжүүлэх тухайд

ОХУ-ын Ерөнхийлөгч мөн Приморийн хязгаарт Орос-Хятадын хөдөө аж ахуйн холдинг байгуулах асуудлыг хэлэлцсэнийг мэдээлжээ. Хөрөнгө оруулалтын хэмжээ хэдэн арван тэрбум рублиэр тоологдож магадгүй байна.

В.Путин аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ярихдаа, Хятадаас Москва хотод олон зочид ирдэг болохыг онцлон дурджээ. Өнгөрсөн онд Оросын 2.2 сая орчим иргэн Хятадад аялсан бол тус улсын 1.7 сая гаруй иргэн Орост зорчсон байна.

Оросын удирдагч мөн Москвагийн амьтны хүрээлэнд хулсны хоёр баавгай бэлэглэсэнд Хятадын даргад талархаад, энэ үйл явдлыг итгэл найдвар, нөхөрлөлийн дохио гэж нэрлэжээ. Хулсны баавгайг янз бүрийн оронд илгээдэг нь Хятадад уламжлал болон тогтсон бөгөөд “панда-дипломат харилцаа” хэмээн нэрийддэг.

Хамгийн дотны анд нөхөр

БНХАУ-ын дарга Си Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдэхдээ, Владимир Путин бол миний хамгийн ойр дотны найз гэсэн байна.

“Би 2013 оноос хойш ОХУ-д найм дахь удаагаа айлчилж байна. Ерөнхийлөгч Путин бид хоёр нягт хамтран ажиллаж, хувийн дотно нөхөрлөлийг бий болгосон. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд бид бараг гучин удаа уулзжээ. ОХУ бол миний хувьд хамгийн очих дуртай улс бол харин Ерөнхийлөгч Путин миний хамгийн дотны найз бөгөөд сайн хамтрагч юм” гэж Си Жиньпин хэлжээ.

Си Жиньпиний хэлснээр, хэлэлцээ нээлттэй, найрсаг уур амьсгалд болсон байна.

Түүхэн хил хязгаар

БНХАУ-ын дарга мөн хоёр улсын бараа эргэлтийн хэмжээ 100 тэрбум ам.долларт хүрч, “түүхэн дээд амжилт тогтоосныг” цохон тэмдэглэв.

“Манай хоёр улсын хамтын ажиллагааны чанарын түвшин сайжирч байна. Эрчим хүч, хөрөнгө оруулалт, сансар болон нисэх хүчний салбарт стратегийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Си Жиньпиний хэлснээр, хоёр орны удирдагчид “Нэг бүс-нэг зам” санаачилга болон Евразийн эдийн засгийн холбооны хүрээнд бүс нутгийн интеграцыг хөгжүүлэх ажлыг үргэлжлүүлэхээр тохиролцжээ.

Олон тэрбумын гэрээ байгууллаа

В.Путин, Си Жиньпин нар ОХУ болон БНХАУ-ын төрийн байгууллагууд, компаниудын төлөөлөгчдийн хооронд гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцжээ.

Тухайлбал, ОХУ-ын төрийн мэдлийн цөмийн эрчим хүчний "Росатом" корпорац болон БНХАУ-ын Цөмийн аж үйлдвэрийн улсын корпорацын төлөөлөгчид Хятадын Ляонин мужид "Сюйдапу" АЦС-ын эрчим хүчний 3, 4 дүгээр блокийг барих гэрээнд гарын үсэг зурсан байна.

Үүнээс гадна, Оросын шууд хөрөнгө оруулалтын сан болон “China Investment Corporation” Орос-Хятадын шинжлэх ухаан-техникийн инновацын сан байгуулахад тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хамтран хийхээр тохиролцжээ.

Москвагийн амьтны хүрээлэнд хулсны баавгай бэлэглэв

В.Путин, Си Жиньпин нар хэлэлцээ хийснийхээ дараа Хятадын "Haval" маркийн жийп машинтай танилцжээ. Уг машиныг Оросын Тула мужид үйлдвэрлэдэг байна.

Үүний дараа тэд Кремлиэс “Aurus” лимузин машинаар Москвагийн амьтны хүрээлэнд очиж, хулсны хоёр баавгай хүлээлгэн өгөх арга хэмжээнд оролцжээ.

Москвагийн амьтны хүрээлэнгийн шинэ амьтдын анхны үзэгчид нь хоёр улсын удирдагчдаас гадна хоёр орны залуу үеийн төлөөлөгчид болсон байна. Эдгээр хүүхдүүдийн дунд Хятад хэлний олимпиадын аваргууд, “Дельфикийн тоглоомууд” уралдааны ялагчид, Москва хотын даргын шагналын эзэд, ОХУ-д ажиллаж буй Хятадын дипломат ажилтнуудын хүүхдүүд байжээ.

Хүүхдүүд В.Путин, Си Жиньпин хоёртой орос, хятад хэлээр мэндчилсэн байна. Тэд хамтдаа хулсны баавгайнуудыг үзэж сонирхож, амьтдын зан авирын талаар сэтгэгдлээ солилцжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.