М.Жаргалмаа: Хувцсанд шингэсэн тамхины үнэр нэг цагийн турш бусдыг хордуулдаг

М.Амаржаргал / Эрүүл мэнд

-ТАМХИЙГ ДАВИРХАЙ БАГАТАЙ, НИКОТИНЫ ХЭМЖЭЭ БАГА ГЭЖ СУРТАЛЧИЛЖ ХҮМҮҮСТ ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛДЭГ-

Тамхины хор уршиг болоод тамхинаас ангижирснаар ямар эерэг нөлөө гарах талаар Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан М.Жаргалмаатай ярилцлаа.

Тамхины хор уршиг, хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг талаар иргэдэд мэдээлэл өгөхгүй юу?

-Тамхины хор нөлөөний талаар эрүүл мэндийн байгууллагууд болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр жил бүр олон янзын арга хэлбэрээр хүргэсээр ирсэн. Хүмүүсийн ихэнх нь тамхи чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчин, хорт хавдар үүсгэдэг, зүрх судас, төв мэдрэлийн системд муугаар нөлөөлдөг болохыг ямар нэг хэмжээгээр сонссон байдаг. Гэтэл тамхины үйлдвэрлэл, хэрэглээ огт буурахгүй байгаа нь никотин гэх донтуулагч бодистой холбоотой. Зарим тамхийг давирхай багатай, никотины хэмжээ бага гэж сурталчилж буй нь хүмүүсийг хуурамч, итгэл найдвар төрүүлсээр байгаа нь харамсалтай. Гэтэл эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, үйлчилгээ нь ямар ч ялгаагүй хэвээрээ л байдаг. Аюулгүй, хоргүй тамхи гэж байхгүй. ДЭМБ-ын мэдээлснээр тамхины хэрэглээ нь 10 хүн тутмын нэгийг үхэлд хүргэдэг. Энэ тооцооллоор жил бүр тамхинаас болж НАЙМАН сая орчим хүн нас бардаг гэсэн дүн мэдээлэл бий.

Тамхи татдаг хүмүүсийн дунд ямар өвчин түгээмэл зонхилж байна вэ?

-Дан ганц тамхи татдаг хүмүүс гэлтгүй дам тамхидалтад өртсөнөөс үүдэн өргөн хүрээний өвчлөл бий болдог. Тодруулбал, бүх төрлийн хорт хавдар, зүрх судасны өвчлөлүүд, амьсгалын эрхтний эмгэгүүд, бэлгийн болон нөхөн үржихүйн эртхэн системийн өөрчлөлтүүдээс гадна альцгеймерийн өвчин, ухаан самуурах эмгэг үүсэхэд нөлөөлдөг. Анагаах ухаан, шинжлэх ухааны судалгаа шинжилгээнүүд хөгжих тусам тамхины шалтгаант өвчин эмгэг, өөрчлөлтүүд шинээр нэмэгдсээр байгаа.

-Тамхи татаж буй хүн дан ганц өөрийгөө бус бусдыг хордуулдаг. Тамхи татдаг хүн өөрийгөө болон бусдад ямар хор нөлөө үзүүлэх вэ. Та дэлгэрүүлээд яриад өгөхгүй юу?

-Дам тамхидалт буюу идэвхгүй тамхидалт нь тамхины хорт бодисуудаар дүүрсэн агаараар амьсгалж, тамхи татсан хүнтэй адилхан хордоно гэсэн үг. Уугьж буй утаа нь тамхичдын амьсгалж буй утаанаас хорын агууламжаар өндөр байдаг. Тухайлбал, угаарын хий 2.5-15 дахин, никотин 1.5-20 дахин, бохь 15 дахин их байна. Гэртээ эсвэл машиндаа тамхи татсан бол агаар сорох төхөөрөмж ашиглах, цонх салхивчаа онгойлголоо ч тамхины утаа багасахгүй, эрүүл агаарын түвшинд хэзээ ч хүрч чаддаггүй. Тэр ч байтугай хувцсанд шингэсэн тамхины үнэр, хорт нэгдлүүд нь нэг цагийн турш бусдыг хордуулах чадвартай байдаг. Мөн тамхи татдаг хүний хажууд байсан бага насны хүүхдүүд ирээдүйд тамхичин болох магадлал өндөр болдог. Иймээс тамхигүй орчин л таны гэр бүл, хайртай дотны хүмүүсийг чинь тамхины хор уршгаас сэргийлэх болно.

Тамхидалт нь даамжирсаар донтолт болон хувирдаг. Мэдээж тамхины найрлагад ордог никотин гэх бодисноос болж донтдог гэсэн ойлголт иргэдийн дунд бий. Тамхины найрлагад хичнээн төрлийн бодис ордог вэ?

-Тамхины донтуулагч гол хүчин зүйл бол никотин байдаг тухай дээр дурдсан. Магадгүй тамхинд байдаг бодисуудаас олон нийтийн хамгийн их сонссон бодис нь никотин. Гэтэл тамхинд агуулагдах хорт бодисуудын нэр төрөл 4000 гаруй, сүүлийн үеийн судалгаагаар түүнээс ч илүүтэйгээр хүний биед хортой нэгдлүүд цуглардаг гэдгийг сануулах нь зүйтэй болов уу. Олон тооны үхлийн өвчнийг эдгээр хортой нэгдлүүд үүсгэдэг.

Зарим эрдэмтэд никотиныг хамааралд оруулдгаараа геройн болон кокайнтай нэг бүлэгт байдаг мансууруулах бодисуудаас ч илүү хүчтэй хамаарлыг бий болгодог гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тамхи татахыг албадаж, дасал үүсгэж донтуулах үйлдэл үзүүлдэг гэсэн үг.

-ТАМХИ ТАТАХ НЬ УУШГИНЫ ХОРТ ХАВДРААР НАС БАРАХ МАГАДЛАЛЫГ 20 ДАХИН НЭМЭГДҮҮЛДЭГ-

-Нэгэнт донтолттой болчихсон иргэнд цаашид ямар эрсдэл гарах вэ. Тамхинаас ангижрах ямар нэгэн арга байна уу?

-Мэдээж маш олон төрлийн өвчин эмгэг, эдийн засаг, гоо сайханд үзүүлэх таагүй нөлөөнүүд байна. Тамхинаас гарч чадахгүй байгаадаа гутрах, гэр бүлийн харилцаа муудах зэргээс болж сэтгэцийн тулгамдсан асуудалд орох эрсдэлийг бий болгож байна. Тамхинаас гарах “6З-ийн зарчим” гэх аргачлал байдаг. Мөн дасгал хөдөлгөөн, иогоор хичээллэх, эмийн эмчилгээ хийлгэх гэх мэт аргыг хэрэглэж болно. Хэрвээ хүн хүсэх л юм бол гарах гарц, арга замууд олон бий. Хүн аль ч насандаа тамхинаас гарснаар эрүүл мэнддээ маш чухал тус хүргэж болно. Аль болох эрт гарах тусам л тамхины хор хөнөөлөөс эрт ангижирна гэсэн үг.

Сонирхуулахад өдөрт татах тамхиныхаа хэмжээг цөөрүүлж бага багаар дасгаж гарахаас илүү тамхиа шууд хаях нь өндөр үр дүнтэй байгааг Оксфордын их сургуулийн судлаачид зургаан сарын турш хийсэн судалгаагаар тогтоосон байдаг. Судалгаанд хамрагдсан 700 хүнээс тамхиа огцом хаясан хүмүүсийн нэг сарын дараах амжилт нь аажмаар зогсоосон хүмүүсийнхээс 25 хувиар илүү, зургаан сарын дараа эхний хэсгийнхний 22 хувь нь тамхинаас бүрмөсөн гарсан бол “удаан” бүлгийнхний 15 хувь нь л гарч чадсан байдаг. Аль ч аргыг сонгосон бай хамгийн гол нь тамхинаас гарахыг тухайн хүн өөрөө шийдсэн байх нь чухал.

-Тамхинаас гарах гэж буй хүн сэтгэл санаагаа хэрхэн бэлдэх вэ?

-Зарим хүмүүс тамхинаас гарсан ч эргээд орчихдог тохиолдол байдаг. Энэ нь төлөвлөгөөгүй, бэлтгэлгүй эхэлснээс болдог. Та бэлтгэл хийлгүйгээр гүйлтийн уралдаанд оролцохгүй шүү дээ. Бэлэн болох хүртлээ өөрийн бие болон сэтгэл санаагаа тамхинаас “чөлөөлөх” асар том өөрчлөлтөд бэлтгэх хэрэгтэй. Жишээ нь: Яагаад тамхи татдаг, яагаад гармаар байгаагаа, тамхины хор уршиг болон тамхинаас гарах үр ашгийн талаар бодож тэмдэглэл, дүгнэлт хийж үзээрэй.

Уушгины хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн тоо нэмэгдэхэд тамхидалт, дан тамхидалт нөлөөлж байна уу?

-Тамхи татах нь уушгины хорт хавдраар нас барах магадлалыг 20 дахин ихэсгэдэг. Олон арван жил тамхи татсан хүмүүсийн 90-95 хувь нь уушгины хорт хавдраар өвчилдөг гэсэн баримт ч бий. Мөн уушгины архаг бөглөрөлт үүсэх эх үүсвэрийн 80-90 хувь нь тамхи татсанаас болдог. Харамсалтай нь ийм хор хөнөөлтэй бүтээгдэхүүнийг залуу үеийнхэн, ялангуяа охид эмэгтэйчүүд ихээр хэрэглэх болсон нь сүүлийн үед анхаарал татах болсон.

Тамхи нь дан ганц уушги гэлтгүй дархлааны систем, зүрх судас, бэлгийн сулрал, элэгний өвчлөлд хүртэл нөлөөлдөг. Мөн эмэгтэйчүүдэд сарын тэмдэг алга болох, зулбах, дутуу төрөх, эрт хөгшрөх гээд олон сөрөг талтай.

-Тамхинаас татгалзчихвал монголчуудын дундаж наслалт нэмэгдэхэд нөлөөлөх болов уу?

-Хүн амын дундаж наслалтад нөлөөлдөг хамгийн чухал зүйлийн нэг нь эрүүл мэнд. Тамхины шалтгаанд өвчин эмгэгүүд багасвал хүний дундаж наслалт нэмэгдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлнө.