Нийслэлийн мэргэжлийн хяналт: Аюулгүйн үзлэг шалгалтын талаар мэдээлэл хийлээ

Д.Тулга / Хууль

Аюулгүйн үзлэг шалгалт, аж үйлдвэрийн салбарт ионжуулагч цацрагийн үүсгүүр ашиглаж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын цацрагийн аюулгүй ажиллагаанд хийгдсэн хяналт шалгалтын дүнг танилцуулж байна. Дулааны II дугаар цахилгаан станц, МИАТ, Гааль, цагдан хорих 461 анги, Эрчим хүчний хөгжлийн төв гэх мэт байгууллагууд эрсдэлтэй гарчээ.

Бичлэг:

-МИАТ, Гааль, Цагдан хорих анги гэх мэт газруудад цацраг үүсгүүрийн 78 зөрчил илэрчээ-

Аюулгүйн үзлэг шалгалт, аж үйлдвэрийн салбарт ионжуулагч цацрагийн үүсгүүр ашиглаж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын цацрагийн аюулгүй ажиллагаанд хийгдсэн хяналт шалгалтын дүнг НМХГ-аас танилцуулж байна.

Дулааны II дугаар цахилгаан станц, МИАТ, Гааль, цагдан хорих анги, Эрчим хүчний хөгжлийн төв гэх мэт байгууллагуудыг шалгалтад хамруулжээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хурал болж байна. Энэ үеэр аж ахуй нэгж, байгууллагад хийсэн цацраг үүсгүүрийн шалгалтын үр дүнг танилцууллаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн хэмжээнд аюулгүйн үзлэг шалгалт, аж үйлдвэрийн салбарт ионжуулагч цацрагийн үүсгүүр ашиглаж буй 9 ААН, байгууллагад Төрийн хяналтын тухай, Цөмийн энергийн тухай, Зөрчлийн тухай, Агаарын тухай хуулиуд болон холбогдох дүрэм журмын хэрэгжилтэд төлөвлөгөөт шалгалтыг хоёр сарын хугацаанд хийжээ.

Шалгалтаар их эрсдэлтэй 1, дунд эрсдэлтэй 2, бага эрсдэлтэй 6 байгууллага үнэлэгдэж, нийт 78 зөрчил илрүүлжээ. Нийтлэг зөрчлийг дурдвал;

1. Дулааны хоёрдугаар цахилгаан станц, УБ хот дахь Гаалийн газар, Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги нь
- Цацрагийн үүсгүүр ашиглах тусгай зөвшөөрөлгүй
- Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй
- Цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрмийг мөрдөж ажилладаггүй
- Цацрагтай холбогдсон үйл ажиллагааны онцлогт тохирсон цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг улсын байцаагчаар хянуулж баталгаажуулаагүй
- Цацрагийн үүсгүүрийн ашиглалтын бүртгэл хөтөлж, жилийн эцсийн дүнг гаргаагүй
- Цацрагтай ажиллагчдыг мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлгийн үзлэгт тогтмол хамруулаагүй
- Дотоод хяналтын ажилтан нь цацрагтай холбоотой үйл ажиллагаандаа батлагдсан хөтөлбөр, удирдамжийн дагуу хяналт тавьж ажилладаггүй гэх мэт зөрчлүүд илэрчээ.

2. МИАТ XK-ийн Агаарын хөлөг засвар үйлчилгээний газар нь

- Цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрмийг мөрдөж ажилладаггүй
- Цацрагтай холбогдсон үйл ажиллагааны онцлогт тохирсон цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг улсын байцаагчаар хяналт тавьж ажилладаггүй байна.

ЦАЦРАГИЙН ҮҮСГҮҮРИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ 3 БАЙГУУЛЛАГА БАЙЖЭЭ

Дулааны хоёрдугаар цахилгаан станц, УБ хот дахь Гаалийн газар, Цагдан хорих 462 дүгээр хаалттай анги, МИАТ XK-ийн Агаарын хөлөг засвар үйлчилгээний газруудад Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нэжэ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан үйл ажиллагааг түр зогсоох прокурорын 3 тогтоол гаргуулан 2 цацрагийн үүсгүүрийг цацрагийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж битүүмжилжээ.

Шалгалтын дүнд тусгай зөвшөөрөлгүй, цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй 3 байгууллагын /Дулааны хоёрдугаар цахилгаан станц, УБ хот дахь Гаалийн газар, Эрчим хүчний хөгжлийн төвийн/ үйл ажиллагааг түр зогсоож, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж, цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулжээ.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хурлын төгсгөлд хэлэхдээ "Хувийн болон улсын байгууллагын ялгаа гэж байх ёсгүй. Яагаад төрийн байгууллага хариуцлага үүрэхгүй байна вэ. Удирдлагуудад хариуцлага үүрэх ёстой. Албан ёсоор арга хэмжээ авна. Хэрэв хариуцлагаас мултрах гэж байгаа бол шүүх хяналтын байгууллага руу шилжүүл. Эндээс харахад шалгалтаар маш их эрсдэлтэй нь илэрсэн газрууддаа ямар ч хариуцлага ногдуулаагүй байна. Өнөөдрийн шийдвэр дээр албан тушаалтных нь нэрийг нь бичээд хариуцлага тооц. Тэгш бус байдал бий болгож болохгүй. Шударга л байх ёстой" гэсэн юм.