“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы багийнхан Хөвсгөл аймагт ажиллаж байна

Д.Тулга / Эрүүл мэнд

Хавдар гэнэтхэн нэг өглөө сэрэхэд үүсдэг өвчин биш юм. Хавдрын урьтал эмгэгийг эрт шатанд нь илрүүлж чадвал Монголын хүн амын дунд нас баралтын хоёр дахь шалтгаан болохгүй байх боломжтой. Иймд олон нийтийн дунд хавдар өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдлэг мэдээлэл олгох, зорилтот бүлгийн иргэдийг цогц үзлэг шинжилгээнд хамруулах, үндэсний хэмжээний аян өрнүүлэх ажлыг ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/-тэй хамтран энэ онд ес дэх жилдээ хэрэгжүүлж байна.

Энэ жилийн хувьд тус аяныг гурван газар хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс өнгөрсөн сард Хан-Уул дүүрэгт амжилттай эхлүүлж, зорилтот бүлгийн 1,200 гаруй иргэнийг үзлэг оношилгоонд хамруулж чадсан юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Дархан-Уул аймагт ажилласан “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы багийнхан өчигдөр хоймор нутаг Хөвсгөл аймагт аяны дөрөө мулталлаа. Дарханд 5 өдөр ажиллахдаа эмч нар 1400 хүнд үзлэг оношилгоо хийж, хавдар 5, хавдрын сэжигтэй тохиолдол 13-ыг илрүүлсэн байна.

Аяны хүрээнд уламжлал ёсоор зорилтот бүлгийн иргэдийг хавдраас урьдчилан сэргийлэх цогц үзлэг шинжилгээнд хамруулж, олон нийтэд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг мэдээлэл олгох, эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах ажлыг зохион байгуулна. Хөвсгөлд тус аян 5 дахь удаагаа хэрэгжиж буй бөгөөд аймгийн ард иргэдийн талархлыг хүлээж, хүсэн хүлээдэг аян болтлоо танигджээ. “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг найман жилийн турш хэрэгжүүлэхдээ хавдрын өвчлөлийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулаад зогсохгүй төрөөс анхаарлаа хандуулах түвшинд ач холбогдлыг нь олон нийтэд таниулж чадсан нь энэхүү аяны хамгийн том үр дүн гэж зохион байгуулагчид онцолж байлаа.

Хөвсгөл аймгийн хувьд сүүлийн 5 жилийн байдлаар хорт хавдрын 1316 тохиолдол бүртгэгдэж, хавдраас шалтгаалж 1017 хүн нас баржээ. 100,000 хүн амд ногдох зонхилон тохиолдох хорт хавдрын өвчлөлөөр тус аймаг улсад 12-рт жагсаж буй бөгөөд элэг, ходоод, уушгины хорт хавдрын өвчлөлийн үзүүлэлтээр улсын дунджаас өндөр байгаа аж.

Хавдар өвчнийг эрт үед нь илрүүлж чадвал бүрэн эмчлэгдэх боломжтой бөгөөд аяны үзлэг оношилгоогоор хавдрын эхний үе шатандаа оношлогдон цаг алдалгүй эмчилгээ хийлгэн эрүүл саруул болсон иргэд олон байдаг билээ. Энэ жилийн хувьд “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы сүүлчийн зогсоол Хөвсгөл аймаг бөгөөд 6-р сарын 17-ноос 5 хоногийн турш эмч нарын баг тус аймагт ажиллах юм.

Энэ дашрамд дурдахад, өнгөрсөн найман жилийн хугацаанд аяны багийнхан 72,440 км зам туулан Монгол орны өнцөг булан бүрт хүрч ажилласан бөгөөд нийт 120 мянга гаруй иргэнийг хавдраас урьдчилан сэргийлэх цогц үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамруулан, 600 орчим хүнд яаралтай мэс ажилбар хийж, амьдрал бэлэглэсэн юм. Мөн тус аяны хүрээнд 10,000 гаруй эмч мэргэжилтнийг сургалтад хамруулсан байна. Аяныг хамтран хэрэгжүүлэгч, ХААН Банк Сангийн хувьд өнгөрсөн хугацаанд 1.1 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт үзүүлээд зогсохгүй, аяныг хэрэгжүүлэх бүхий л зохион байгуулалтад хамтран ажиллаж, орон нутгийн 2,700 гаруй ажилтнаа эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнээр бэлтгэн, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг олон нийтэд түгээгээд байна.

Та, бид хавдраас урьдчилан сэргийлж чадна!


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.29] 2019-06-19 06:41:51

Энэ цагийн хуваарийг нь аль 3 сарын өмнөөс зарлаж болоогүй юм уу?

Зочин [122.201.19.99] 2019-06-19 03:03:08

Хавдарын энэ шоу үр дүнгүй эцсийн шатанд нь оношилж хагалгаа хийхээл болчих

Зочин [66.181.161.90] 2019-06-19 05:02:38

Зөв

Зочин [66.181.161.90] 2019-06-19 05:01:58

Эхлээд зөв бичиж сур!!! Энэ ёстой зав зүйтэй ажил хүмүүсээ идэвхтэй оролцоорой


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.