МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

М.Амаржаргал / Нийгэм

-ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ ЖУРМЫГ БАТАЛЛАА-

image

Тэргүүлэгчдийн хурлаар Түрээсийн орон сууцанд хамруулах журмыг баталлаа. Энэхүү журамд тусгаснаар түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг хамруулах аж.

Нэг ам.метрийн үнийг сарын 6000 төгрөгөөр тооцож, гурав хүртэлх жилээр түрээслүүлэхээр тусгасан. Ингэхдээ түрээсийн орон сууцны нэг ам.метрийн үнийг сарын 6000 төгрөгөөр тооцож, гурав хүртэлх жилээр түрээслүүлэхээр тусгасан байна. Тэгвэл түрээслээд өмчлөх иргэдийн хувьд нийт тав хүртэлх жилийн хугацаанд түрээслээд өмчлөх боломжтойгоор тусгаж өгчээ. Иргэдийн зүгээс түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн цахим мэдээллийн санд хүсэлтийн хамт ирүүлэх бөгөөд үүндээ

  • иргэний үнэмлэхийн хуулбар,
  • гэр бүлийн гишүүний хамт ТҮЦ машины тодорхойлолт,
  • орлого тодорхойлох баримт бичиг зэргийг хавсаргах юм.

Орлого тодорхойлох баримтад нийгмийн даатгалын болон тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн орлого нотлох баримт зэргийг оруулж байгаа юм. Мөн өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай, эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, залуу гэр бол гэрлэлтийн лавлагаа, ахмад настан бол тэтгэврийн дэвтрийн хуулбар, гачигдалтай иргэн бол гамшгаас хамгаалах төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, акт, тухайн дүүргийн тодорхойлолт зэргийг мөн бүрдүүлэх ёстой юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухайд халамжийн дэвтэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон акт бүрдүүлэх бол өрх толгойлсон эцэг, эхийн тухайд өрх толгойлсон болохыг нотлох баримт бүрдүүлэхээр тусгажээ.

18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш насны хүүхэдтэй гэр бүлийн тухайд хүүхдүүдийн гэрчилгээ холбогдох баримт бичгийг бүрдүүлэх юм. Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн иргэдийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа нийслэлийн засаг даргын захирамжаар сонгон шалгаруулах комисс байгуулах бөгөөд тус комисс нь сугалаа болон эрэмбэлэх хэлбэрээр шаардлага хангасан иргэдийг сонгон шалгаруулахаар тусгасан байна.

-НААДМЫН ТАСАЛБАР 8-9-НД НИЙСЛЭЛИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВҮҮДЭЭР ХУДАЛДААНД ГАРНА-

image

Үндэсний их баяр наадмын тасалбарыг долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр худалдан борлуулна.

Тасалбарын үнэ 16, 24 мянган төгрөг

Иргэдэд 6000 тасалбар худалдан борлуулах бол жуулчдад 3000 тасалбар олгоно. Өнгөрсөн жил жуулчдад 2500 тасалбар худалдан борлуулсан бол өнөө жил 500-гаар нэмэгдүүлж, 3000 тасалбар борлуулахаар төлөвлөөд байна.

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон үндэсний бөхийн барилдааны багц тасалбарын үнэ урьд жилүүдийнхтэй адил буюу 16, 24 мянган төгрөг гэсэн хоёр янз байна. Автомашины зөвшөөрлийг мөн адил долдугаар сарын 8-9-нд нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр худалдан борлуулах бөгөөд үнэ нь 10 мянган төгрөг байна.

-ХӨШИГИЙН ХӨНДИЙ ДЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЭХНИЙ ХЭСГИЙГ ХҮЛЭЭН АВЛАА-

image

Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны буудлыг нийслэл хотоос ойролцоогоор 50 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 орчим км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Хөшигийн хөндий гэдэг газар байгуулж байгаа бөгөөд агаарын хөлгийн хоёр талын буулт хийх боломж бүрдүүлсэн, нислэгийн хөдөлгөөний удирдлагын шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглон, олон улсын зохих стандарт, шаардлагуудыг бүрэн хангах бүтээн байгуулалтыг гүйцэтгэж ашиглалтад орууллаа.

Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хот-Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудлыг холбосон авто замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж өнөөдөр ашиглалтад орууллаа. Энэ зам нь “Яармагийн товчоо-Айцын даваа- Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-хөшигийн хөндий” гэсэн чиглэлд 32,226 км урт, асьфальтбетон хучилттай, зорчих хэсгийн өргөн 31м, хоёр урсгал зургаан эгнээ зорчих хэсэгтэй, олон улсын стандартад нийцсэн хурдны авто зам юм.

-ДЭЛХИЙН ТҮВШНИЙ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭГ ЭХ ОРОНДОО АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО-

image

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр баригдсан Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Дэлхийн жишигт нийцсэн барилга байгууламж, улсын хэмжээнд үйлчлэх орчин үеийн тоног төхөөрөмж бүхий Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийг нээх үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын нэр бүхий гишүүд оролцсон юм.

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийг түшиглэн Үндэсний оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орж буй нь Монгол Улсын эрүүл мэндийн системийг шинэ шатанд хүргэх, хорт хавдрыг эрт шатанд оношлох, бүх нийтийн эрүүл мэндийг сайжруулах, гадаадад эмчилгээ хийлгэхээр явж байгаа иргэдийн урсгалыг багасгах ач холбогдолтой. Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн төслийн хүрээнд нийт 15,600 м2 ашигтай талбай бүхий таван давхар эмнэлгийн барилга баригдсан. Түүнчлэн хүлээн авах, дүрс оношилгооны төв, цөмийн анагаах ухааны тасаг, лабораторийн тасаг, дурангийн оношилгоо, эмчилгээний тасаг, ариутгал халдваргүйтгэлийн тасаг, мэс заслын тасаг, мэдрэлийн мэс заслын тасаг, эрчимт эмчилгээний тасаг, эмчилгээний хоол зүйн тасагтайгаар үйл ажиллагаа явуулах юм. Эдгээр тасгуудад 25 сая ам.долларын өртөг бүхий 215 нэр төрлийн нийт 1,870 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж суурилуулжээ.

-НАЛАЙХЫН НААДАМД АЙМГИЙН ХУРЦ АРСЛАНГААС ДООШ ЦОЛТОЙ БӨХЧҮҮДИЙГ БАРИЛДУУЛСАНГҮЙ-

image

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам орон нутагт эдгээр өдрүүдэд эхэлж байна. Тухайлбал, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадам өчигдөр /2019.07.04/ эхэлсэн бол өнөөдрөөс эхлэн зарим аймаг, дүүрэгт баяр наадам болж байна.

Налайх дүүргийн баяр наадам өнөөдөр эхэлсэн ч аймгийн хурц арслангаас доош цолтой бөхчүүдийг барилдуулахгүй гэсэн шийдвэрийг баяр наадмын зохион байгуулах хорооноос нь гаргажээ. Тиймээс өчигдөр бүртгэлд хамрагдсан зарим аймаг, цэргийн цолтой бөхчүүд өнөөдөр /2019.07.05/ барилдаж чадсангүй. Өмнөх өдөр нь бүртгэлд хамрагдаж мандатаа авсан ч өнөө өглөө нөхцөл байдал өөрчлөгдсөн байна. Мандатаа аваад барилдаагүй 10-аад бөх байгаа аж. Налайхын наадамд барилдаж чадаагүй бөхчүүд өргөдөл гаргаж, Монголын Үндэсний бөхийн холбоонд энэ талаар мэдэгдэхээ хэллээ.

Аймгуудын баяр наадам энэ амралтын өдрүүдэд үргэлжилнэ. Өмнөговь аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадам ирэх амралтын өдрүүдэд болох бол Дундговь, Өвөрхангай аймгийн наадам долдугаар сарын 8, 9-д болно. Төв аймгийнх долдугаар сарын 8-10, Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөлийнх долдугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Харин Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтий аймгийн баяр наадам долдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд болно


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.