Иргэний, хуулийн этгээдийн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаар туршлага солилцлоо

Д.Тулга / Нийгэм

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д ажиллаж, хамтран ажиллах санамж бичиг өчигдөр байгуулсан билээ.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан иргэний, хуулийн этгээдийн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга, хяналтын улсын байцаагч, улсын ахлах бүртгэгч болон ахлах мэргэжилтнүүд өнөөдөр /2019.09.18/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Шүүхийн харьяа Төрийн албан хаагчдын сургалтын төвөөс зохион байгуулсан сургалтанд хамрагдав.

Сургалт БНСУ-ын үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэл, иргэний бүртгэл буюу гэр бүлийн харилцааны систем сэдвийн дор явагдаж, тус төвийн профессор, эрдэмтэн багш нар өөрийн орны бүртгэлийн тогтолцооны туршлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Зарим орнуудын бүртгэлийн үйл ажиллагааг төрийн байгууллага нь хариуцдаг бол БНСУ-ын шүүхийн байгууллага нь бүртгэлийн үйл ажиллагааг хариуцдаг аж. Сонирхуулахад БНСУ нь газраас гадна барилга байгууламжийг ч гэсэн бие даасан үл хөдлөх хөрөнгө гэж үзэн, газрын бүртгэл болон барилга байгууламжийн бүртгэл гэж тусад нь хөтөлдөг юм байна. Мөн улсын хэмжээнд газар зохион байгуулалтыг тэнцвэртэй хөгжүүлэхийн тулд газар худалдах, худалдан авах зөвшөөрлийн системийг нэвтрүүлээд байна.

БНСУ-ын хуулийн этгээдийн бүртгэл нь бизнесийн байгууллагын бүртгэл, иргэний байгууллагын бүртгэл, онцгой байгууллагын бүртгэл гэсэн гурван төрөлтэй. Өнөөдрийн байдлаар 900 мянга орчим бизнесийн байгууллага, 30 мянга орчим ашгийн бус байгууллага, 90 мянга орчим тусгай хуулийн этгээд бүртгэгдсэн байна.

Гэр бүлийн харилцааны бүртгэлийн системийн тухайд БНСУ-ын иргэн тус бүрийн төрөлт, гэрлэлт, нас баралт зэрэг гэр бүлийн харилцааны үүсэл, өөрчлөлтийг Гэр бүлийн харилцааны бүртгэлийн тухай хуулиар зохицуулагддаг. Тухайн байгууллагаас гаргадаг лавлагааны хувьд гэр бүлийн харилцааны, үндсэн, гэрлэлтийн, энгийн үрчлэгдсэн болон бүр мөсөн үрчлэгдсэн гэсэн таван төрлийн лавлагаатай аж. Түүнчлэн Дээд шүүхийн дарга нь бүртгэлийн ажлыг гүйцэтгэх эрхийг Засаг захиргааны нэгжийн дарга нарт, хянах эрхийг гэр бүлийн шүүхэд итгэмжилдэг юм байна. Мөн гадаадад суугаа иргэдийн гэр бүлийн харилцааны бүртгэлийн газрыг байгуулснаар өмнө нь 2-3 сар зарцуулдаг байсан бол одоо 3-4 хоногт багтаан бүртгэснээр иргэддээ хүргэх үйлчилгээгээ түргэн шуурхай болгохоор ажиллаж байна.

Ийнхүү бүтэн өдөр үргэлжилсэн сургалт асуулт, хариултаар харилцан мэдээлэл солилцсноор ихээхэн ач холбогдолтой болж өндөрлөлөө. Төлөөлөгчид маргааш Сөүл хотод ажиллана хэмээн БНСУ-ын Гүяанг хотоос мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.