“Ид шидтэй хамт олон” болох давалгааг ХААН Банк эхлүүллээ

Aдмин / Эдийн засаг

Бидний хойч ирээдүй болсон бяцхан жаалуудын эрүүл аюулгүй орчинд өсөж торних, өмсөх хувцас, идэх хоол, хоноглох дулаан байраар хангах, сурч боловсрох орчин нөхцөлийг нь бүрдүүлэх, эрхийг нь хамгаалах зорилгоор “Лантуун дохио” ТББ “Ид шидийн орон” төслийг санаачлан хэрэгжүүлээд багагүй хугацааг ардаа үджээ. Хийж бүтээж буй нь нүдний өмнө ил харагддаг эдгээр залуусын санаачилгыг монголчууд халуун сэтгэлээр дэмжин гар сунгаж, хандив туслалцаа үзүүлж байгаа нь талархууштай.

ХААН Банкны хувьд ч энэхүү төслийг дэмжин анх 2017 онд ажилтнууд болоод компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангийн дэмжлэгээр 10 сая төгрөг хандивлаж байсан билээ. Мөн 2019 онд манлайлагч, амжилт өөд тэмүүлэгч залуусын төлөөлөл болсон “Signature” харилцагчдаа “Ид шидтэй ах эгч” болохыг уриалан 1700 залуус ХААН Банкны хуримтлалын үйлчилгээг ашиглан энэхүү сайн үйлсийн аянд нэгдсэн юм. Улмаар илүү өргөн хүрээг хамран, олон хүнийг эгнээндээ нэгтгэх зорилгоор “Ид шидтэй хамт олон” болохыг нийт ажилтнууддаа уриалснаар өнгөрсөн нэг сарын хугацаанд нийт 4500 ажилтан “Ид шидтэй ах, эгч” болоод байна.

image

Түүгээр зогсохгүй Монголын хувийн хэвшлийн гурав дахь том ажил олгогч байгууллагын хувьд ХААН Банк энэхүү санаачилгыг өөрсдөөсөө үлгэрлэж, “Ид шидтэй хамт олон” болохыг бусад аж ахуйн нэгжүүдэд уриалан, давалгаа эхлүүлээд байна. Энэхүү уриалгыг хамгийн түрүүнд “Таван Богд” группийн удирдлагууд уриалгахан хүлээн авсан бөгөөд ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл шилжин явах тугийг тус группийн Хүний нөөц хариуцсан захирал И.Баттуяад хүлээлгэн өгсөн юм. Мөн энэхүү арга хэмжээний үеэр ХААН Банкны удирдлагууд “Ид шидийн орон 2” төсөлд зориулан номын сан, кофе шопын иж бүрэн тохижилт хийж өгөхөө амлалаа.

Дашрамд дурдахад, “Ид шидтэй ах эгч” болохын тулд ХААН Банкны хуримтлалын үйлчилгээг ашиглан ямар нэгэн шимтгэл хураамжгүйгээр тогтмол хандив өргөх боломжтой. Монголын ирээдүй болсон бяцхан үрсийн амьдралд гэрэл гэгээ нэмж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах энэхүү төсөлд хувь нэмрээ оруулахыг танд, мөн танай байгууллагад уриалж байна.

Бяцхан зүрх бүхэн аз жаргалтай байг!

image

image

image

image