Р.Эрдоган: Бид террористуудтай хэлэлцээрийн ширээнд хэзээ ч суухгүй

Ц.Анударь / Гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Туркийн Сири улсад явуулж буй цэргийн ажиллагаагаа зогсоохыг уриалжээ. Эс бөгөөс тус улсын төрийн дээд албан тушаалтнуудын эсрэг хориг тавихаа мэдэгдсэн байна. Үүний хариуд туркийн ерөнхийлөгч Рэжэп Таийп Эрдоган “Бид террористуудтай хэлэлцээрийн ширээнд хэзээ ч суухгүй. АНУ-ын ерөнхийлөгч цэргийн ажиллагаагаа зогсоохыг шаардан, хориг тавина гэлээ. Зорилго маань тодорхой. Бид ямар ч хориг шийтгэлээс айхгүй” гэжээ. Тэрээр Азербайжан улсыг зорих замдаа онгоцонд сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ ийнхүү онцолсон байна.

Туркийн тал өнгөрсөн аравдугаар сарын 9-нд Сирийн хойд нутагт байлдааны ажиллагааг эхлүүлсэн. Улмаар Сирийн хилийн гүнд 30 км хүртэл зайд аюулгүй бүс байгуулахыг зорьж байгаа юм. Энэ бүсэд Туркт амьдарч буй Сири дүрвэгчдийг байрлуулах юм байна. Туркийн тал Сирийн тус бүс нутгаас Курдын зэвсэгт бүлэглэлийг хөөн гаргахаар “Энхтайвны эх үүсвэр” ажиллагааг эхлүүлжээ.

Өнгөрсөн мягмар гаригт Сирийн арми Туркийн хилтэй залгаа орших Манбиж хотыг хяналтандаа авснаа мэдэгдэв. АНУ-ын хоёр ч цэргийн бааз байрладаг тус хот нь Турк-Сирийн мөргөлдөөний шугам гэж тооцогддог. Уг бүсэд мөргөлдөөн гаргахаас сэргийлэн Оросын тал цэргээ байрлуулжээ. Туркийн талыг цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоохыг Анкарагийн хамтрагч улс орнууд мөн уриалж байна.

ХБНГУ-ын канцлер А.Меркель Туркийн талыг цэргийн ажиллагаагаа зогсооход уриалж “Хэдийгээр Анкара өөрийн газар нутгийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө ийм алхам хийж байгааг ойлгож байгаа ч бусдын нутаг дэвсгэр лүү халдаж, энгийн иргэдийг аюулд оруулж байгааг хүлээн зөвшөөрөх аргагүй юм.” гэжээ.

Тэгвэл НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсонтой хийсэн уулзалтын үеэр Сири дэх нөхцөл байдал тогтворгүйтэж, Туркийн арми цэргийн ажиллагаа явуулж байгаад болгоомжтой хандаж буйгаа илэрхийлсэн байна. Талууд Туркийн талын эхлүүлсэн цэргийн ажиллагааг шүүмжлэн буруутгаж, Сири дэх Курдын зэвсэгт бүлэглэлийн эсрэг хийж байгаа дайралт бүс нутгийн хямралыг дэвэргээд зогсохгүй мөн Лалын улс бүлэглэлийг дахин хүчээ авахад түлхэж болзошгүй хэмээжээ.

Курдууд нь Сирийн нийт хүн амын 7-15 хувийг эзэлдэг. Тэд удаан хугацааны турш АНУ-ын Сири дэх дайны ажиллагааны холбоотон байсаар иржээ.


Сэтгэгдэл

Zochin [61.156.112.177] 2019-10-17 09:35:03

Hutslaa Amerikchuud Ta nar ehluulee biz de Ta nar uls ornii heregt oroltsood dain degdeej engiin ard tumen huuhduudiig alj bdog yum uu


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.