Соёлыг нутагшуулья гэвэл соёлд суралцах хэрэгтэй

Ц.Анударь / Нийгэм

Сүүлийн жилүүдэд нийслэлийн иргэд унадаг дугуй унах нь харьцангуй ихэссэн. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан “Дугуйн зам” дэд хөтөлбөр хэрэгжүүлэх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2017 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн А/211 дүгээр захирамжийн хүрээнд уг хөтөлбөр хэрэгжиж байгаа. Улаанбаатар хотын төвийн хэсэгт 162.3 км унадаг дугуйн зам (10 трасс), Сэлбэ, Туул, Дунд гол, Хөлийн голуудын дагуу 187.9 км дугуйн зам (10 трасс) нийт 350.2 км унадаг дугуйн замын трассын судалгаа, тохижилтын зураг төслийг боловсруулсан. Унадаг дугуйн замын тухайд хоёр өөр өнцгийг энд онцлон бичье.

Замаараа явдаг болчихвол дугуйгаар зорчиход аюулгүй

Нийслэл хот унадаг дугуйн замтай болоод удаагүй ч хэрэглээг дагасан зөв ашиглалт гэдэг зүйл үгүйлэгдэж эхэллээ. Учир нь унадаг дугуйн замыг зориулалтаар нь ашиглах тал дээр иргэдийн дунд мэдлэг, мэдээлэл дутмаг байна уу, эсвэл зам талбай хүрэлцээгүй байна уу гэдгийг ойлгоход хүндрэлтэй байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар “1.2.38. “Унадаг дугуйн зам” гэж унадаг дугуй, мопедын хөдөлгөөнд зориулсан, 4.4 тэмдэг бүхий зам, замын хэсгийг хэлнэ. Унадаг дугуйн зам нь бусад замаас хийцийн хувьд салангид буюу замын зорчих хэсэг, явган хүний замаас хайс, хашлага, хөвөөгөөр тусгаарлагдсан, эсхүл явган хүний зам дээр явган зорчигчийн хөдөлгөөн явагдах хэсгээс тэмдэглэлээр зааглагдсан буюу гадаргуугийн өнгө, төрлөөр ялгаатай байна” гэжээ.

image

Унадаг дугуйн замтай хэсгээр дугуйтай хүмүүс зорчих бүртээ “замаараа яваарай” хэмээн явган зорчигчдод анхааруулан хэлдэг амны уншлага нь одоо хэвийн үзэгдэл болчихжээ.

Хөгжингүй орнуудын хувьд автомашин зорчих хэсэгт зөвхөн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөн явагддаг. Учир нь унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож яваад машинд дайруулах, мөргүүлэх осолдох зэрэг харамсалтай хэргүүд их гардаг байна. Мөн явган хүний зорчих хэсгийн замаар зөвхөн явган хүн зорчдог. Иймд зам, талбайн асуудлыг тусад нь шийдэж, “дугуйн зам”-ыг бий болгосон нь өөрөө байх ёстой стандарт болжээ.

image

Манай орны хувьд унадаг дугуйн замаар унадаг дугуйтай хүн л хөдөлгөөнд оролцдог болчихвол соёлыг нутагшуулах нэг алхам болох юм.

Дугуйн зам стандарт хангахгүй байна

Улсын нийслэлээ дэлхийн жишигт нийцсэн хот болгохын төлөө олон бүтээн байгуулалтыг хийдэг. Үүний нэг бол дугуйн замын бүтээн байгуулалтын төсөл. 2017 онд л гэхэд 427 сая төгрөгөөр дугуйн зам хийсэн байна. Харин өнгөрсөн жил “Дугуйн зам” дэд хөтөлбөрийн хүрээнд 10.4 км зам байгуулахад 300 сая төгрөг зарцуулжээ. Гэвч өнөөдөр дугуйн зам нь стандартын шаардлага хангахгүй байгаа. Дугуй унаад явахад нэг бол хашаанд эсвэл шонгийн модонд тулчихдаг. Дээр нь зам, талбайн ганцхан талд нь дугуйн зам байдаг ч тэр зам нь ганц урсгалтай. Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд стандарт хэмжил зүйн газраас дугуйн замын стандартыг баталсан байдаг. Гэтэл энэ стандартад нийцсэн дугуйн зам одоогоор байхгүй. Унадаг дугуйн зам барих Монгол Улсын стандартаас үзвэл дугуйн замыг явган хүний замтай зэрэгцүүлэн хийх бол нийт өргөн дөрвөн метрээс багагүй байна хэмээн заажээ. Тодруулбал:

  • Унадаг дугуйн замын өргөн-1-1.5 метр
  • Явган хүний зам 2.5 метр буюу нийтдээ 3.5-4 метр өргөнтэй байх ёстой аж.

Гэтэл Монголд хийгдэж байгаа дугуйн замууд буюу явган хүний замыг “ногоон, улаанаар будах” ажил нь стандартад огт нийцэхгүй байгаа юм.

Дугуйн зам болон машины замын хамгийн бага хязгаарлалт эсвэл засмал замын ирмэг хоорондын зай (хэрвээ ямар нэг хязгаарлалт байхгүй бол) нь таван тохой буюу 1.5 метрт байна гэжээ.

Түүнчлэн, унадаг дугуйн замын захаас шон труба, хайс, хашаа хүртэлх зай 0.5 метрээс багагүй байна хэмээн стандартад заасан байдаг. Гэвч бодит байдал дээр дугуйн замынхаа голд шон хатгасан байх нь энгийн нэг тохиолдол.

Цаашид стандартын зам хийж гүйцэтгэх үү эсвэл зүгээр “будах” ажил үргэлжлэх үү гэдгийг харах л болж байна.


Сэтгэгдэл

Зочин [59.153.114.95] 2019-11-05 14:08:36

Япон Монголын харилцаа өргөжих болтугай

Зочин [192.82.77.122] 2019-11-05 02:51:07

ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ДЭЭР МАШИНАА ТАВИАД БНА ШҮҮ ДЭЭ

хх [202.55.191.205] 2019-11-05 02:25:58

согтуугаар дугуй унаж хөдөлгөөнд оролцвол яах бол

Зочин [202.72.244.219] 2019-11-05 02:13:25

Хараад байхад дугуйн замууд нь автозамаас хайс, хашаа, хөвөөгөөр хязгаарлагдаагүй автозамтай шууд залгаа зэрэгцсэн байдаг. Аюултай.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.