Морин уралдааныг цэгцлэхтэй холбоотой хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Aдмин / Хууль

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.12.03) хуралдаанаар эхлээд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Баттөмөр, Б.Саранчимэг нар санаачлан боловсруулж, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлжээ.

Төсөл санаачлагчдыг төлөөлж УИХ-ын гишүүн Х.Болорчулуун энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм.

УИХ 2003 онд Үндэсний их баяр наадмын тухай хуулийг баталснаас хойш 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч баяр наадмын хурдан морины уралдаан зохион байгуулахад тулгардаг аливаа хүндрэлийг зохицуулах талаар 2007 оноос хойш нэмэлт, өөрчлөлт оруулаагүй байгаа. Гэтэл хурдан морины уралдаан нь хамгийн их гомдол, маргаан дагуулдаг, эрх зүйн үр дагавар бүхий актууд нь ойр ойрхон өөрчлөгдөж буйн улмаас уяачдад тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсээр байна. Тухайлбал, монгол, эрлийз морьдыг сэрвээний өндрөөс гадна үүлдэрлэг байдал буюу гадаад шинжээр нь ялган тэмцээн уралдаанаас хасаж, олон арван уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж хохироох нь нэмэгдсээр байгаа тул баяр наадмаар монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах асуудлыг хуульд тодорхой тусгаж зохицуулах шаардлагын үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ.

Мөн уяачдын амжилтыг үнэлэхдээ Үндэсний их баяр наадам, эсвэл Засгийн газрын шийдвэрээр хийж буй шигшмэл, бүсийн уралдааны амжилтыг харгалзан улсын цол олгохоор хуульчилсан атал хууль хэрэгжүүлэх явцад Үндэсний их баяр наадамд морь нь түрүүлж, айрагдаагүй уяачдад улсын цол хавтгайруулан олгох болсон нь улсын цолны үнэлэмжийг бууруулж байгаа тул улсын цолны шалгуур үзүүлэлтийг өндөрсгөх шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзжээ.

Түүнчлэн унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болохуйц эрсдэлийг бууруулах зорилгоор баяр наадмын хурдан морь унах насны доод үзүүлэлтийг хүүхдийн нас, сэтгэхүй, биеийн хөгжлийн онцлогт тохируулан зохих хэмжээгээр нэмэгдүүлэх, уралдааны аюулгүй байдал, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор морь дагах тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт тогтоох зохицуулалтыг тусгажээ.

Мөн өвөл, хаварт ил, далд хэлбэрээр явагддаг олон уралдаан, сунгааг нэг мөр цэгцлэх зорилгоор зөвхөн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр “Ерөөл өргөх” хаврын бүсийн уралдааныг азарга, их нас, соёолон гэсэн насны ангиллаар зохион байгуулах бөгөөд жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаанд шигшмэл, бүсийн хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулахыг хориглохоор тусгасан байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Тогтохсүрэн, О.Баасанхүү, С.Бямбацогт нар төсөл санаалчагч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Мөн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан баяр наадам нь ёс зүй болоод заншлын хэм хэмжээний нийлбэр цогц юм, тиймээс бүх зүйлийг хуульчлах гэх нь учир утга муутайг бодолцох ёстой. Гэхдээ “сэрвээний өндөр” гэсэн зохицуулалтыг байж болох юм гэж үзэж байна гээд хэлэлцүүлгийг шатанд төслийг хууль зүйн талаас нь анхаарах шаардлагатайг хэллээ. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Хаянхярваа нар үг хэлж, төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Эцэст нь төсөл санаачлагч гишүүн Х.Болорчулуун морин уралдаан нь зөвхөн уяачид, уяачдын холбооны асуудал биш үндэсний өв соёл, баяр цэнгэлтэй холбоотой асуудал юм. Иймээс морин уралдааныг цэгцтэй, маргаан хэл амгүй зохион байгуулах, уяачдын хөдөлмөрийг бодитой үнэлэх зүй ёсны шаардлагын үүднээс уяачдын холбооны их хурлаас гаргасан санал, санаачлагын үндсэн дээр хуулийн төслийг боловсруулсныг дурдаад төслийг дэмжихийг гишүүдээс хүсэв.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:07

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:06

Зочин [202.126.89.224] 2019-12-04 23:44:27

Морь уяж сойж үзээгүй амьтад алдарт уяач болдогийг болиулаачээ. Жинхэнэ уяж сойж байгаа Хүнд нь л өгнө биз. Өгөх гээд байгаа юм бол алдарт УЯУЛАГЧ цол олгоно биз! Нэг уяулагч энэ жил шар байдсаа уяад үзье гэж байсан гээ биз дээ.

зочин [150.129.142.27] 2019-12-04 13:50:34

Уяач цолыг морь уядаг хүнд өгөх хэрэгтэй Түүнээс биш моринд дуртай мөнгөтэй морь сонирхдог хүмүүст тусдаа цол өгөх хэрэгтэй жишээ нь гавьяат морины зүтгэлтэн гэхч юмуу

Зочин [103.26.195.91] 2019-12-04 12:53:38

Энэ уаячын цолыг еронхийлогч огдогыг болих хэрэгтэй шуу дээ

Sambuu [192.82.73.103] 2019-12-04 12:06:01

Bokh bol tor yum mori bol tuunii unaa yum. A.Sukhbat


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.