Д.Батболд: Монголын жуулчны компаниуд цахим хайлтыг хөгжүүлэхэд анхаарах цаг иржээ

Л.Батцэнгэл / Нийслэл

-Манай оронд нэгээс хоёр долоо хоногийн хугацаатай тойрон аялал түгээмэл хөгжиж байна-

Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлигийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын Боловсролын их сургуулийн ахлах багш Д.Батболдтой уулзаж ярилцлаа.

-Саяхан болсон “Аялал жуулчлалын судалгаа-2019" эрдэм шинжилгээний бага хурлаар ямар асуудлууд хэлэлцсэн бол?

-Энэ хурлаар Монгол Улсад аялал жуулчлалыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, тухайн жилд хийгдсэн судалгаа шинжилгээний ажлуудын явц, үр дүнг олон нийтэд таниулах, судалгааны нэгдсэн сан бүрдүүлэх зорилгоор БОАЖЯ, АЖБХН, АЖХТ-өөс хамтран хоёрдахь жилдээ уламжлал болгон зохион байгуулсан.

-Таны хувьд ямар илтгэл тавив?

-“Монгол орны аялал жуулчлалын “үндсэн замнал”-ыг цахим хайлтын систем ашиглан судалсан нь” гэсэн сэдэвтэй илтгэл тавилаа.

-Өө, за их сонирхолтой илтгэл тавьж дээ. Цахим хайлтаар манай орон руу аль хэр их жуулчин “урссан” байх юм?

-Олон улсын аялал жуулчлалын зах зээлийн 66.7 хувийг шууд онлайн борлуулалт эзэлж байна. Тиймээс манайд цахим аялал жуулчлалтай холбоотой судалгаа хийх хэрэгцээ яах аргагүй тулгарч байгаа юм.Монголын багц аяллын үндсэн замнал, давтамж, зорих газруудыг баримт нотолгоо, судалгааны аргазүйд суурилан судлах шаардлагатай болсон. Үүний үр дүнд бүс нутгийн аялал жуулчлалын төлөв байдалд дүн шинжилгээ хийх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход шаардлагатай суурь мэдээлэлтэй болно. Дэлхий дахинд аяллын онлайн борлуулалтын зах зээлд эзлэх хувь жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа бөгөөд үүнд нөлөөлж буй хүчин зүйлийн нэг бол цахим хайлтын систем юм.

-Ер нь цахим хайлтаар л хамгийн түрүүнд мэдээлэл аваад зорьдог нь нууц биш л дээ. Нэг амралтын газар амрах ч юм уу, байгалийн үзэсгэлэнт газарт очиход чухам юу нь сонирхолтой юм бэ гэдгийг яах аргагүй л цахимаар олж харах болдог доо?

-Бид судалгааны явцдаа дөрвөн улсын нутгаас ижил цаг хугацаанд, ижил түлхүүр үгээр хайлт хийж үзэхэд эхний хоёр нүүрэнд илэрсэн цахим хуудсуудын байрлал улс бүрт бага зэрэг солигдож байв.Хайлтын үр дүнд Монголын хөрөнгө оруулалттай тур оператор компанийн цахим хуудсын илэрц эхний хоёр нүүрэнд харьцангуй цөөн илэрч буй нь веб хөгжүүлэлтэндээ илүү их анхаарах шаардлагатайг харуулж байна.

-Цахим хайлтаар ямар аяллууд арай олон илэрч байх юм?

-Судалсан багц аяллуудын нэрийн тухайд “Gobi desert”, “Nomadic Mongolia”, “Discover Mongolia” зэрэг нэртэй аяллууд бусдаас олон буюу 40 багц аялал гурван удаа давтагдаж байсан бол газар орны оноосон нэр заасан болон “Adventure” гэсэн нэртэй аялал цөөнгүй давтагдаж байлаа.Хайлтын үр дүнд илэрч буй багц аяллын гол зорих газруудад Улаанбаатар хотоос гадна Өвөрхангай аймгийн Хархорин, Хустайн нуруу, Хонгорын элс, Өмнөговь аймгийн Ёлын ам, Горхи Тэрэлж, Хөвсгөл нуур, Архангай аймгийн Тариат, Хангай, Цахир сумын нутаг дэвсгэрт орших Хорго, Тэрхийн цагаан нуур зэрэг газрууд хамгийн ихээр орсон байгаа бол эдгээр газрууд монгол оронд ирсэн гадаадын жуулчдын хамгийн ихээр очдог газрууд болдог юм байна.

-Манай багц аяллууд үнэ ханшийн хувьд ямаршуухан байх шиг байна?

-Судалсан багц аяллын талаас илүү хувийг 6-8 хоногийн 1170 ам.долларын үнэтэй аялал 25 хувийг эзэлж байсан бол 12-14 хоногийн 2300 ам.долларын үнэтэй аяллууд 27.5 хувийгэзэлж байна. Таваас доош хоногийн богино аяллууд хайлтын үр дүнд харьцангуй цөөн илэрснээс үзэхэд манай оронд нэгээс хоёр долоо хоногийн хугацаатай тойрон аялал түгээмэл хөгжиж байгаа нь харагдаж байна.

-Монгол орны багц аяллын салбарт чухам юу дутагдаж байх шиг байна?

-Монгол орны багц аяллын үндсэн замнал нь хангайн ба төвийн бүсэд Улаанбаатар-говь- хангай, Улаанбаатар-Хангай-Хөвсгөл, Улаанбаатар-Говь-Хангай-Хөвсгөл гэсэн чиглэлд тойрон аялал хэлбэрээр явагдаж байгаа бөгөөд Улаанбаатар-Хөвсгөл, Улаанбаатар-Өмнөговь чиглэлийн төв зам нь аялал жуулчлалын хувьд хөдөлгөөний хамгийн эрчим өндөртэй зам болох нь судалгааны үр дүнгээс харагдаж байгаа тул аялал жуулчлалын төлөвлөлтөнд анхаарах нь зүйтэй байгаа юм.

-Та монгол орноо хэдэнтээ бүтэн тойрсон хүн. Шавь нар чинь ч бас таны мөрөөр нэлээд бэдирч байгаа биз?

-Гурван жилийн хугацаанд эх орныхоо 21 аймгийн 110 сумын нутгаар амжилттай аялж дуусгасан оюутан байгаа.Оюутнуудаас хамгийн анх 21 аймгийн нутгаар аялсан аялагч болсон шавь Б.Отгонбаатар, Т.Мөнгөнзул нар маань МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Спорт аялал жуулчлалын “Төгс аялагч” клубээс “Эх оронч-21” цом, батламжаа гардан авсан. Энэ өнгөрч буй 2019 онд энэ хоёр оюутан маань “Эх оронч-21” хөтөлбөрийг амжилттай дүүргэлээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:36:57

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:36:57

Багш [103.14.37.7] 2019-12-11 11:09:48

Д.Батболд багшдаа амжилт хүсье. Эх орондоо Аялал жуулчлалын салбарын мэргэжилтэн бэлтгэхэд хүчин зүтгэж яваа танаар бахархдаг шүү. Улсаас уул уурхайг биш АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛАА бүх талаар хөгжүүлэхэд цогц том бодлого баримталж анхаараасай. ...

MONREVE [202.179.22.117] 2019-12-10 09:00:43

Анддаа ажлын амжилт хүсье.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.