Хоолны хордлогын үед их хэмжээний шингэн зүйл ууна

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Баяр ёслолын үеэр хоолны хордлогын тоо эрс нэмэгддэг. Иймд хоолны хордлогын шинж тэмдэг, хэрхэн эмчлэх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар энгийн зүйлсийг мэддэг байхад илүүдэхгүй.

Хоолны хордлого авсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Суулгах, дотор муухайрах, бөөлжих, гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, ядрах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, ам цангах, гар хөл, үе мөчөөр өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрнэ.

Хоолны хордлогын үед илрэх шинж тэмдэг, хордлогыг үүсгэж буй нянгийн төрөл зүйл, бохирдлын хэмжээнээс хамааран харилцан адилгүй байдаг. Хэрэв хордлогын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандах шаардлагатай.

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Юуны өмнө хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалах горимыг дагах хэрэгтэй. Үүнд:

Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа муудсан шинж тэмдэг байгаа эсэхийг нь сайтар шалгаж байх хэрэгтэй. Хөлдөөсөн, пастержүүлсэн бүтээгдэхүүнээс хордлого авах магадлал бага.

Хоолыг сайн болгож идэх хэрэгтэй. Халуунаар болгох явцад өвчин үүсгэгч бүх бичил биет устах ёстой бөгөөд ингэхийн тулд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халах ёстой. Хөлдөөсөн шувуу, мах зэргийг эхлэн гэсгээсний дараа болгох хэрэгтэй. Ингээгүй тохиолдолд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халахгүй байх эрсдэлтэй.

Болгосон хоолыг удаалгүйгээр идэж байх.

Болгосон хоолыг хадгалах шаардлага гарсан бол тохирсон дулааны горимыг дагаарай. Өвчин үүсгэгч бичил биетүүдийн хөгжил нь +60 градусаас дээш , +10 градусаас доош температурын үед зогсонги байдалд ордог. Харин +10-аас +60 градусын хоорондын горим нь хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалахад тохиромжгүй.

  1. Болгосон хоолыг дахин хэрэглэхийн өмнө сайтар халааж байх шаардлагатай. Хоол нь бүхэлдээ 70 градусаас доошгүй температур хүртэл халсан байх ёстой.
  2. Түүхий болон болсон бүтээгдэхүүнийг хооронд нь холилгүйгээр тусгаарлаж байх хэрэгтэй. Тухайлбал, түүхий мах хэрчсэн хутга, “гампанзыг” болсон бүтээгдэхүүнийг жижиглэхдээ ашиглахгүй байх гэх мэт. Ингэснээрээ нян халдварлах боломжгүй болгоно.
  3. Хоолыг шавж, мэрэгч гэх мэт амьтдаас хол байлгах.
  4. Зөвхөн цэвэр, эсвэл буцалгасан усыг хэрэглэж байх. Хүүхдийн хоолыг хийхдээ анхаарал, болгоомжтой байх хэрэгтэй. Мөн хальс нь ногоорсон төмсийг хүнсэнд хэрэглэхгүй байх. Соёолсон төмсийг сайтар цэвэрлэж байх хэрэгтэй. Жимсний ясны чөмгийг идэхгүй байх. Учир нь жимсний чөмөг нь ходоодонд орж задрахад синилийн хүчил гэсэн маш хортой бодис ялгардаг. Хүчиллэг хоол, хүнсний бүтээгдэхүүнийг гар аргаар хийсэн шавар сав, эсвэл цайрдсан, паалан нь гэмтсэн сав, зэс саванд хадгалахгүй байх. Гэмтсэн, шошгогүй лаазалсан бүтээгдэхүүн идэж болохгүй.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.