ТАНИЛЦ: 2020 оны Сонгуулийн тухай хуулийн зохицуулалт ямар байх вэ

Ц.Анударь / Хууль

“УИХ-ын сонгуулийн тухай хууль нь 12 бүлэг, 81 зүйлтэй. Өмнө нь сонгууль зохион байгуулахад гарч байсан хүндрэл, дутагдлыг зассан хууль болсон” гэж СЕХ-ны дарга мэдэгджээ. Зардлын хяналт, ил тод байдлыг хангахад чиглэсэн нарийвчилсан заалтуудыг уг хуульд тусгасан бөгөөд сонгуульд оролцохоос татгалзахыг, сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий аливаа сурталчилгааг явуулахыг хориглосон байна. Мөн өмнөх хуульд тодорхойгүй хугацаанууд заасан байсныг сар өдрөөр нь зааж оруулжээ. Жишээ нь, нэр дэвшигч үнэмлэхээ авснаас хойш сурталчилгаагаа эхлэлгүй дөрөв хоног хүлээдэг байсан бол шинэ хуулиар үнэмлэх гардсан өдрөөсөө сурталчилгаагаа эхлүүлэхээр болжээ. Түүнчлэн зөрчлийн асуудлыг нэлээд тодорхой болгосон бөгөөд зөрчил, маргаанд хяналт тавих төрийн байгууллагуудын чиг үүргийг ч тодорхой болгосон байна. Тодруулбал, сонгуулийн хуультай холбоотой 80 гаруй зөрчлийг хуульчилсан. Энэ хууль өмнөх хуулиасаа дэвшилттэй, сайн хууль болсон гэдгийг албаны зүгээс онцлов. Түүнчлэн Сонгуулийн тухай хуульд зааснаар хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийг товлон зарлаж, тойрог мандатыг тогтоохоор болжээ. Харин хоёрдугаар сард багтаан иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоох юм байна. Сонгуулийн санал авах өдөр тодорхой болсноос хойш сонгуулийн графикийг СЕХ-ноос гаргана. Олон мандаттай тойргоос 76 гишүүнийг сонгохоор хуульчлагджээ. Олон мандаттай тойргоор сонгууль явуулна гэж хуульчилсан учраас нэг мандаттай аймгууд хоёр болон түүнээс дээш мандаттай болно гэсэн үг. Нэр дэвших ажиллагаа тавдугаар сарын эхээр явагдах бөгөөд дөрөвдүгээр сард нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлж СЕХ-нд материалаа ирүүлэх шаардлагатай болж байна.

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд тусгагдсан зарим зохицуулалтыг хүргэе.

Үндэсний аудитын газар Улсын Их хурлын сонгуультай холбоотой таван чиг үүргийг хэрэгжүүлнэ

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль болон Төрийн аудитын тухай хуулиар Үндэсний аудитын газар Их хурлын сонгуультай холбоотой таван чиг үүргийг хэрэгжүүлдэг. Тухайлбал, сонгуулийн өмнө гурав сонгуулийн дараа хоёр дүгнэлтийг тус тус гаргадаг байна. Сонгуулийн өмнө шинэчлэн батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуулиар нам, эвсэл, бие даан нэр дэвшигч сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг гуравдугаар сарын 1-ний дотор тогтоохоор хуульчилжээ. Энэ бол сонгуулийн тойргоос шууд хамааралтай. Мөн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь хөгжлийн бодлогын баримт бичиг болон төсвийн тогтвортой байдлын тусгай шаардлагад нийцсэн эсэхэд дүгнэлт гаргадаг байна.

Нам эвслийн тухайд гуравдугаар сарын 25-ны дотор Төрийн аудитын байгууллагад ирүүлнэ. Бие даан нэр дэвшигчийн тухайд дөрөвдүгээр сарын 25-ны дотор ирүүлнэ. Төрийн аудитын байгууллага хүлээн авснаар санал авах өдрөөс 60 хоногийн өмнө нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргана. Бие даан нэр дэвшигчийн тухайд санал авах өдрөөс 33 хоногийн өмнө дүгнэлтээ гаргасан байх зохицуулалттай.

Сонгуулийн өмнө гаргадаг дараагийн дүгнэлт бол сонгуулийн жилийн гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнөх жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн, хуулийн этгээдээс авсан хандивын тайланг хянаж баталгаажуулдаг. Дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт багтаагаад Үндэсний аудитын газарт нам, эвсэл хандивын тайлангаа ирүүлнэ. Төрийн аудитын байгууллага санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дүгнэлтээ гаргаж, Сонгуулийн ерөнхий хороо нам, эвсэлд хүргүүлэх зохицуулалттай.

Сонгуулийн дараа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн зардлын санхүүжилт түүний зарцуулалтын тайланд дүгнэлт гаргаж, олон нийтэд мэдээлдэг. Нам эвслийн тухай санал авах өдрөөс хойш 45 хоногийн дотор аудит хийлгэсэн тайлангаа Төрийн аудитын газар хүргүүлнэ. Бие даан нэр дэвшигчдийн хувьд санал авах өдрөөс хойш 30 хоногийн дотор зардлын тайлангаа гаргаад хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж, Төрийн аудитын газар ирүүлнэ. Үүнээс хойш 60 хоногийн хугацаанд Төрийн аудитын газар аудит хийгээд олон нийтэд мэдээлнэ.

Сонгууль зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлсэн зардлын гүйцэтгэлд Төрийн аудитын газар аудит хийж, дүгнэлт гаргана. Энэ аудитын хувьд сонгууль зохион байгуулахтай холбоотой оролцож байгаа төрийн байгууллагууд тайлангаа нэгтгээд гуравдугаар сарын 15-ны дотор Төрийн аудитын газарт ирүүлсэн байх зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Сонгуулийн сурталчилгааны тухайд:

  • Сонгуулийн сурталчилгааны өдөр радио, телевизээр дамжуулах сонгуулийн сурталчилгааны нийт хугацаа 60 минутаас хэтрэхгүй байх.
  • Нэр дэвшигч, нам, эвсэлд ноогдох нь нийт хугацааны 25 хувь буюу 15 минутаас хэтрэхгүй байх.
  • Нэг өдөрт сурталчилгааны хугацаа 15 минутаас хэтрэхгүй байх.
  • Нэг өдөрт тухайн нэр дэвшигч, нам, эвслийн мэдээллийн хөтөлбөрт орох мэдээ таван минутаас хэтрэхгүй байх.
  • Телевизээр сонгуулийн сурталчилгаа дамжуулах эрхийг гурван бичиг баримт бүрдүүлж авна. Энэ нь тухайн сонгуулийн жилийн өмнөх жил байгуулсан зар сурталчилгааны гурван гэрээ болон тухайн нэвтрүүлгийн үнэ тариф, сонгуулийн сурталчилгааг хэрхэн дамжуулах, цаг хуваарилалт гэсэн мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хороонд ирж бүртгүүлснээр сонгуулийн сурталчилгаа дамжуулах эрх авна.
  • УИХ-ын сонгуулийн санал авах өдрөөс 30 хоногийн өмнө бүртгүүлэх эрхээ авсан байх.
  • Зарим телевиз хоёр болон гурван сувагтай байдаг. Иймд зөвхөн үндсэн суваг дээр сонгуулийн сурталчилгаа дамжуулах эрхтэй.

Эдгээр зохицуулалтыг Сонгуулийн тухай хуульд тусгажээ.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар сонгуулийн сурталчилгаатай холбоотой гурван заалтад хяналт тавина

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулинд зааснаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар сонгуулийн сурталчилгаатай холбоотой гурван заалтад хяналт тавина. Мөн зөрчлийн тухай хуулинд заасан 21 зөрчил дээр зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, шалган шийдвэрлэхээр хуулинд тусгажээ. Сонгуулийн тухай хуульд заасан сонгуулийн сурталчилгаатай холбоотой гурван хэсэг:

  1. Радио, телевиз мэдээллийн хөтөлбөрөөр нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээллийг хүргэхдээ тэнцвэртэй, бодитой, нэг талыг барихгүй байх,
  2. Хэвлэл мэдээлэл, цахим орчин, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоосон аливаа шалгаруулалтыг сонгуулийн жил эхэлснээс хойш санал хураалт дуусах хүртэлх хугацаанд явуулахгүй байх,
  3. Аливаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээллийг дагнан явуулах, эсвэл явуулахгүй байх талаар амлалт өгөх, гэрээ байгуулахыг хуулиар хориглоно.

Үүнийг зөрчсөн тохиолдолд ШӨХТГ-аас эхний ээлжинд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд сануулах арга хэмжээ авахаар тусгажээ. Түүнчлэн тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох дүгнэлт гаргаж, хүргүүлэхээр зохицуулжээ.

УИХ-ын гишүүн бэлэг тарааж болохгүй. Зөвхөн ажлын тайлангаа тойргийн сонгогчдодоо танилцуулна

Нэр дэвшигчийн бүртгэхээс татгалзах хоёр үндэслэлийг сонгуулийн хуульд оруулсан нь шинэлэг заалт болсон. Тодруулбал, хориглосон зүйлийг зөрчсөн нь хуулийн байгууллагаар тогтоогдсон бол СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана. Хоёрдугаарт, сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх зэргээр хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон бол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болох юм.

Сонгуулийн сурталчилгааг цахим орчин гурван хэлбэрээр явуулж болно гэж хуульд заасан. Нэгдүгээрт, нэр дэвшигч, нам, эвсэл өөрийн вэб хуудсаар, хоёрдугаарт, олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсаар, гуравдугаарт бусад цахим хэрэгслээр. Өөрийн вэб хуудас болон олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсыг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд заавал бүртгүүлнэ.

Хуурамч хаягнаас хуурамч мэдээлэл тараах асуудал дээр ХХЗХ-ноос тухайн хаягийг хаах, хуурамч мэдээллийг устгах, түр хугацаагаар хязгаарлах зэрэг арга хэмжээ авч ажиллана. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд “Фэйсбүүк” компаниас Монголд түр хугацаагаар нэгж нээж, төлөөллөө ажиллуулахаар бэлтгэж байгаа ажээ.

Сонгуулийн хуульд цахим орчны зохицуулалттай холбоотой хэд хэдэн заалт орсон. Тухайлбал, санал авах өдрөөс 24 цагийн өмнө сонгуулийн сурталчилгаа зогссон байх ёстой. Хэрэв зогсоогоогүй бол ХХЗХ-ноос технологийн чиглэлээр арга хэмжээ авна.

2020 оны Улсын Их хурлын сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

image

-УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна вэ?

-2019 оны арванхоёрдугаар сарын 20-нд Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль батлагдсан. Хууль батлагдсанаар энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд сонгуулийн жил эхэлж байна. Сонгуулийн ерөнхий хороо өмнөх жилүүдээс 2020 оны сонгуулийн бэлтгэл ажлыг хийж эхэлсэн. Сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах ажлууд 2019 онд хийгдсэн байгаа. 2020 оны нэгдүгээр сарын 1 гэхэд техник хэрэгсэл 100 хувь бэлэн байдалд шилжсэн. Засвар үйлчилгээ өмнөх жилдээ хийгдээд дууссан. Хоёрдугаарт, УИХ-ын Сонгуулын тухай хууль батлагдсанаар хуулийг хэрэгжүүлэх, хуульд заасан заавар, журам, загвар маягтуудыг боловсруулах ажил хийгдэж байна. Энэ оны нэгдүгээр улиралд бэлэн болно. Гуравдугаарт, 2020 оны сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг боловсруулаад дуусаж байна. Сонгууль товлон зарлагдаад санал авах өдөр УИХ-аас тогтоол гараад тодорхой болбол цаг хугацааны хуваарийг баталж, олон нийтэд мэдэгдэнэ. Үүнээс гадна ажлын хэсгүүд байгуулагддаг. Автоматжуулсан системтэй холбоотой Тагнуулын ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны хамтарсан ажлын хэсгүүд байгуулагдана. Судалгаа хийгдэж байна. Мөн сонгуулийн байгууллагууд байгуулагдана.

-2020 оны Сонгуулийн тухай хуулийн онцлог юу вэ. Хэд хэдэн зохицуулалт орж ирсэн байна?

-Өмнө нь гурван сонгуулийг нэг хуулиар зохицуулдаг байсан. Энэ удаа Үндсэн хуульд заасны дагуу сонгуулийн журмыг тус тусад нь боловсруулж, баталснаараа онцлогтой. Хоёр дахь онцлог нь хугацааны хувьд тодорхойгүй заалтууд олон байсан. Үүнийг мэргэжлийн байгууллагаас нь санал авч, тодорхой хугацаа зааж өгсөн. Мөн товлон зарлах, санал авах өдрийг тогтоох, тойрог мандатаа хуваарилах зохицуулалт тус тусдаа хугацаатай байсныг нэгтгэсэн. Энэ оны хоёрдугаар сарын 1-нээс өмнө товлон зарлах, санал авах өдрөө тогтоох, тойрог мандатаа хуваарилах зохицуулалт хийгдэнэ.

-Энэ удаагийн сонгуульд яагаад гадаадад байгаа иргэдийн саналыг авахгүй байхаар хуульчилсан юм бэ?

-Энэ удаагийн сонгуульд гадаадад байгаа иргэдийн саналыг авахгүй. Өмнө нь ганцхан удаа буюу 2012 оны УИХ-ын сонгуульд гадаадад байгаа иргэдийн саналыг авч байсан. Тухайн үеийн сонгууль холимог системээр явагдаж, сонгогчид намуудын төлөө саналаа өгсөн. Харин 2013 оноос хойш Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад байгаа иргэдийн саналыг авч байгаа. Мажоритар системээр сонгууль явуулж байгаа үед гадаадад байгаа иргэдийн саналыг авах хүндрэлтэй байдаг.


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.42] 2020-01-16 17:58:16

би нэр дэвшиж болохуу өөрөөр хэлвэл хувиараа гэхүүдээ

Зочин [192.82.72.123] 2020-01-16 11:34:18

Сонгуулийн нэр дэвшигчийн зурагт хуудас 1тойрогт хэдэн ширхэг,ямар хэмжээтэй,хаана хаана нааж болох болохгүй.айлуудаар орж өгөх шаардлага байна.байхгүй,хороололд цуглаан хийх хийхгүй байх.гэхмэт иргэдэд дарамттай үйл ажиллагааг хуульчлахгүй юм уу

Зочин [103.9.90.130] 2020-01-16 09:02:49

Их хуралд ойчигсод аймаг нийлэл рүү гулгаж орохгүй зочин юмаа уншихгүй шааж байна , энэ лав хийрхэгч болой

ard [94.226.209.236] 2020-01-16 06:55:22

hujaagiin erliiz hurliizuudiig ih hurald songohgui baih huuli batlaachee hujaagiin sheesnuud eh ornoor maani togloj guitslee sereechee Mongolchuudaa

Зочин [202.9.46.15] 2020-01-16 02:49:23

Их хуралд ойчигсод аймаг нийслэл рүү, аймаг нийслэл рүү унасан нь сум дүүрэг рүү явах нь л дээ цаашдаа нам гэж тамыг байхгүй болгохгүй бол намаар талцдаг асуудал бүүр хэцүүдсэн шүү!!!!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.