Шенгений визийн мэдүүлэг шинэчлэгджээ

Aдмин / Нүүр

БНЧУ-ын Элчин сайдын яамнаас Шенгений орон руу богино хугацааны виз мэдүүлэхэд өөрчлөлт орсныг анхааруулж байна.

Шинэчлэгдсэн Шенгений визийн кодекс нь 2020 оны хоёрдугаар сарын 2-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Богино хугацааны Шенгений виз мэдүүлэхэд дор дурдсан өөрчлөлтүүд оржээ. Үүнд:

Шенгений визийн маягтанд хэсэгчилсэн өөрчлөлтүүд орсон бөгөөд шинэ маягтыг (DOCX, 49 KB) татаж авна уу.

Визийн хураамж нэмэгджээ

Шенгений визийн хураамж 60 евро байснаас 80 евро болж нэмэгдсэн болно. 6-12 насны хүүхдийн визийн хураамж 35 евро байснаас 40 евро болж, харин 0-6 насны хүүхэд болон Европын холбооны иргэний гэр бүлийн гишүүд визийн хураамжаас чөлөөлөгдөж байгаа нөхцөл нь хэвээр үлдэж байгаа болно. Виз мэдүүлгийн төвийн үйлчилгээний хураамжинд өөрчлөлт ороогүй байна.

Зургаан сарын өмнө мэдүүлэх боломжтой

Виз мэдүүлгийн өргөдлийг зорчихоор төлөвлөсөн өдрөөс 6 сар хүртэлх хугацааны өмнө мэдүүлэх боломжтой болж байгаа болно. (Визийн кодексийг шинэчлэн найруулаагүй байхад 3 сар хүртэлх хугацааны өмнө мэдүүлэх боломжтой байсан) Мөн зорчихоор төлөвлөсөн өдрөөс хамгийн багадаа 15 хоногийн өмнө виз мэдүүлнэ. Хэрэв дээрх хугацаанд мэдүүлээгүй тохиолдолд Элчин сайдын яамны консулын хэлтэс визийн өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй болно!!!

Визийн мэдүүлгийг зөвхөн Улаанбаатар хот дахь Виз мэдүүлгийн төвөөр дамжуулан хүлээн авна

2020 оны хоёрдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн Монгол Улсад богино хугацааны шенгений визийн мэдүүлгийг зөвхөн Улаанбаатар хот дахь Виз мэдүүлгийн төвөөр дамжуулан хүлээн авна. Европын Холбооны иргэний гэр бүлийн гишүүн Улаанбаатар хот дахь Бүгд найрамдах Чех улсын Элчин сайдын яаманд хандаж виз мэдүүлэх эрх нь хэвээр үлдэж байгаа болно. Мөн дипломат/албан паспорт эзэмшигчид, төрийн/албан айлчлалын төлөөлөгчид болон хүмүүнлэгийн шалтгааны улмаас нэн яаралтай зорчих гэж буй виз мэдүүлэгчид урьдчилан ЭСЯ-ны Консулын хэлтэстэй утсаар холбогдсоноор хүндэтгэн үзэх шалтгааныг үндэслэн хүлээн авах боломжтой болно. Шенгений визийн асуудлаар бусад Европын холбооны улсыг төлөөлөн виз мэдүүлгийн өргөдлийг хүлээн авч ажиллахад БНЧУ болон Европын холбооны холбогдох улстай байгуулсан Засгийн газар хоорондын хоёр талын хэлэлцээрийг мөрдөнө.

Мэдүүлгийн шийдвэрийг 15 хоногийн хугацаанд олгоно

Виз мэдүүлгийн шийдвэрийг 15 хоногийн хугацаанд олгох нь хэвээр үлдэж байгаа боловч шинэчилсэн найруулгаар шийдвэрлэх явцыг нэг удаа хамгийн дээд тал нь 45 хоног хүртэлх хугацаанд сунгах боломжтой болж байна.

Олон удаагийн нэвтрэх эрхтэй виз олгох нөхцөл шинэчлэгдлээ

Олон удаагийн нэвтрэх эрхтэй/мулти/ виз олгох нөхцөл шинэчлэгдэн нэг жилийн хугацаатай олон удаагийн нэвтрэх эрхтэй визийг хоёр жилийн хугацаанд нэг удаагийн нэвтрэх эрхтэй визээр хууль дүрмийн дагуу гурван удаа зорчсон виз мэдүүлэгчид олгох боломжтой. Хоёр жилийн хугацаатай олон удаагийн нэвтрэх эрхтэй визийг хоёр жилийн хугацаанд нэг жилийн олон удаагийн визийг хууль, дүрмийн дагуу ашигласан виз мэдүүлэгчид олгох боломжтой. Харин таван жилийн хугацаатай олон удаагийн нэвтрэх эрхтэй визийг сүүлийн хоёр жилийн хугацаанд хоёр жилийн олон удаагийн визийг хууль, дүрмийн дагуу ашигласан тохиолдолд олгох боломжтой болж байна.

Мөн Европын холбооны иргэдийн гэр бүлийн гишүүдийн визийн үйл явцыг хөнгөвчлөх нөхцөл шинэчлэгдсэн болно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.