Г.Энхтайван: Нэгдүгээр сарын байдлаар 1.200 тонн тахианы мах, 13.8 сая ширхэг өндөг импортолсон байна

Н.Алтанцэцэг / Нийгэм

Монгол Улсын 2020 оны нэгдүгээр сарын гадаад худалдааны урьдчилсан гүйцэтгэл, хилийн хөдөлгөөний мэдээ, коронавирусийн халдвараас сэргийлэх ажлын талаар өнөөдөр Гаалийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Шинэ коронавирусийн тархалтын үед халуун цэг дээр дээр ажиллаж байгаа хил гаалийн байцаагч нарт ариутгах бодис, хамгаалах хэрэгслийн олдоц хүндрэлтэй байгаа юм байна.

ЭКСПОРТЫН 95 ОРЧИМ ХУВИЙГ БНХАУ ЭЗЭЛДЭГ

image

Гаалийн ерөнхий газрын Статистикийн газрын дарга Б.Цэрэн "2020 оны нэгдүгээр сарын байдлаар экспорт, импортын хэмжээ бага зэрэг буурсан. Нийт 459 мянган сая ам.долларын экспорт хийсэн нь өмнөх оны нэгдүгээр сарынхаас 24.4 хувиар буурсан байна. Экспортын 95 орчим хувийг БНХАУ эзэлдэг. Харин импортын 26 хувийг БНХАУ, 40 хувийг ОХУ эзэлдэг.

Коронавирус гарсантай холбоотойгоор амны хаалт, ариутгалын бодисын хэмжээ оны эхний хоёр сар өссөн. 2019 оны нэгдүгээр сард нийт 500.000 амны хаалт импортоор орж ирсэн бол энэ оны нэгдүгээр сарын байдлаар 68.700, хоёрдугаар сарын байдлаар нэг сая 944.000 амны хаалт импортоор орж ирсэн байна. Үүнд 15 ААН, 10 хувь хүн Турк, Солонгос, БНХАУ-аас амны хаалтыг явуулсан нь багтсан. БНХАУ-аас 2020 онд Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн 7.2 сая кг хүнсний ногоо, жимсэнд хяналт тавьж ажиллалаа" гэв.

ХОЁРДУГААР САР ГАРААД ТАХИАНЫ МАХНЫ ИМПОРТ БАЙХГҮЙ БАЙНА

Гаалийн ерөнхий газрын Эрсдлийн удирдлагын хэлтсийн ахлах байцаагч Г.Энхтайван "Он гарснаар БНХАУ-ын Ухань хотоос импортолсон бараа байхгүй. ДЭМБ-аас зарласан халдвар гарсан орнуудаас импортолсон барааны хувьд 2019 онд эдгээр орнуудаас 23.7 сая ам долларын бараа импортолсон бол, 2020 онд 10.8 сая ам долларын бараа импортолсон байна.

2020 оны нэгдүгээр сарын байдлаар 1,200 тонн тахианы мах, 13.8 сая ширхэг өндөг импортолсон байна. Тахианы мах БНХАУ-аас, харин өндөг зөвхөн ОХУ-аас импортолсон байна. Хоёрдугаар сар гараад тахианы махны импорт байхгүй байна" гэлээ.

Хүснэгт 1. Хилийн хөдөлгөөн /Нэгдүгээр сарын байдлаар/

ОН

Дотоод

Гадаад

Орсон

Гарсан

Орсон

Гарсан

2019

181,897

182,789

32,302

33,901

2020

161,816

150,890

90,898

99,381

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад дотоодын зорчигчийн хөдөлгөөн буурч, гадаадын зорчигчийн тоо өссөн үзүүлэлттэй байна.

Мөн хилийн хөдөлгөөнд зарим хязгаарлалтуудыг хийсэн. БНХАУ-тай хиллэдэг 13 хилийн боомт байдаг. Үүнд:

  • Түр ажиллагаатай хоёр талын зэрэглэлтэй Даян, Байтаг, Бургастай, олон улсын зэрэглэлтэй Сүмбэр хилийн боомтууд.
  • Байнгын ажиллагаатай 2 талын зэрэглэлтэй Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Баянхошуу, Хавирга
  • Байнгын ажиллагаатай олон улсын зэрэглэлтэй Булган, Замын-Үүд авто зам, Замын-Үүд төмөр зам, Бичигт.

Дээрх хилийн боомтууд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ төрлийн коронавирус маш хурдацтай тархаж, байгаа явдалд онцгой анхаарал хандуулах зөвлөмж өгсөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар монгол, хятадын хилийн боомтуудаар нэвтрэх иргэдийн хөдөлгөөнд 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл дараах хязгаарлалтыг хийхээр 39 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн. Үүнд:

Монгол Улсын иргэд:

БНХАУ-аас ирэх Монгол Улсын иргэдийг 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд авто замын Булган-Такашикен, Баянхошуу-Өвдөг, төмөр замын Замын-Үүд-Эрээний боомт болон агаарын замын Буянт-Ухаа (Чингис хаан олон улсын нисэх буудал) боомтоор, мөн оны 2 дугаар сарын 6-+ны өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд агаарын замын Буянт-Ухаа боомт болон төмөр замын Замын-Үүд-Эрээний боомтоор олон улсын галт тэргээр тус тус улсын хилээр нэвтрүүлнэ.

Монгол, Хятадын хилийн Даян-Хуншанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат авто замын боомтуудыг түр хаана.

Агаарын замын Буянт-Ухаа (Чингис хаан олон улсын нисэх буудал) боомт болон Замын-Үүд-Эрээний төмөр замын боомтоор хуваарийн дагуу хил нэвтэрч байгаа ачаа тээврийн галт тэрэг, зүтгүүрийн бие бүрэлдэхүүн, агаарын хөлгийн багийн гишүүдийг зохих журмын дагуу шалгаж улсын хил нэвтрүүлнэ.

Монгол, Хятадын хилийн Булган-Такашикен, Шивээ хүрэн-Сэхээ, Гашуун сухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг авто замын боомтоор хил нэвтэрч байгаа тээврийн авто машин болон тэдгээрийн жолооч нарыг зохих журмын дагуу шалгаж улсын хилээр нэвтрүүлнэ.

БНХАУ-руу албан ажлын зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд Улсын онцгой комиссын даргын зөвшөөрлөөр улсын хил нэвтрүүлнэ.

Гадаадын иргэд:

Монгол Улс, БНХАУ-ын хилийн агаарын зам, төмөр зам, автозамын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсаас ирж байгаа гуравдагч орны иргэн, харьяалалгүй хүнийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол Улс руу нэвтрүүлэхгүй.

Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлийг гаалийн газар, хороодод дотоод сүлжээгээр хүргэж, гаалийн сайтад байршуулахаар ХМССТ-д дотоод зурвасаар хүргүүлсэн. Ажлын хэсэг өдөр тутмын мэдээллийг шуурхай дамжуулж шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн нийт 18 гаалийн газар, хороодод ажиллаж байгаа албан хаагчдад урьдчилан сэргийлэх хэрэгслийг тарааж, гаалийн байгууллагаар үйлчлүүлэгчдэд заавар, зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байгаа аж.


Сэтгэгдэл

зочин [103.229.121.189] 2020-02-07 14:34:20

Өндөг идэлтгүй байна шүү.

Зочин [202.131.225.227] 2020-02-07 06:16:20

KFC idmeer bn shde

Зочин [202.126.88.237] 2020-02-07 05:28:54

Mongoloor duuren ondognii aj ahuinuud baihad Hyatadaas ondog importolj yugaa hiideg bnaa. ondognii importiig bur horichihmoor yumdaa

Зочин [64.119.19.192] 2020-02-07 05:00:51

өндөг тахианы импортоо бүрмөсөн хаагаач хүнсний сүлжээ дэлгүүрүүдээр чин монгол өндөг борлуулалтгүи хэвтэж л байна өндөг гаднаас авах шаардлагагүй тахианы махыг дотоодоос хангах боломж байдаггүй юмуу

Зочин [202.179.27.13] 2020-02-07 04:46:55

Дэлгүүрт байгаа өндгүүд бүгд Хятадаас импортоор орж ирдэг гэж ойлгох уу

Зочин [66.181.186.15] 2020-02-07 06:38:51

үгүй тэжээл нь


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.