Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы хугацаанд хамгийн их ачаалалтай, үр дүнтэй ажилласан гэв

Ц.Анударь / Улстөр

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийж, Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн хуралд Байнгын хорооны дарга С.Бямбацогт, Байнгын хорооны ажлын албаны зөвлөхүүд оролцов.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт мэдээллийн эхэнд, Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит болон ээлжит бус, 2019 оны намрын ээлжит чуулган завсарлагагүй хуралдаж, Төрийн байгуулалтын байнгын хороо хамгийн их ачаалалтай ажилласныг онцоллоо.

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо 21 удаа хуралдаж, хуулийн төсөл 29, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 16, албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудал 7, хууль тогтоомжийн төслийн хэлэлцэх эсэхийн 18 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 11 санал, дүгнэлт, 6 танилцуулга гаргаж, Байнгын хорооны 5 тогтоол баталсан. Мөн Байнгын хорооны дарга, гишүүд Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллаж, 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж, хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарч, тодорхой үүрэг чиглэл өгч ажилласан.

Тайлант хугацаанд Байнгын хороо Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгын төслүүд болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн төслүүдийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болсон. Түүнчлэн “Хөгжлийн бодлого төлөвлөлт: Хэрэгжилт, шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг, мөн Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд “Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал” сэдвээр цуврал хэлэлцүүлэг, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулсан гэдгийг тодотгосон.

Монгол Улсын Үндсэн хуулийн нийт зүйлийн 25,7 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Сүүлийн 20-иод жил Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх, тодорхой асуудлыг тусгах шаардлагатай гэж ярьсан. 2010 оноос хойш гурван парламент дамжиж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж ажилласан ч тухай бүрт амжилтад хүрч чадаагүй бол энэ удаагийн Улсын Их Хурал гурван чуулган дамнуулан хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт хийснийг С.Бямбацогт гишүүн онцоллоо.

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гол зорилго нь өнөөг хүртэл төлөвшин тогтсон Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчмыг хадгалж, парламентын засаглалыг бэхжүүлэх, эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, эрх мэдэл хоорондын харилцан хяналт-тэнцлийг хангах, төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж буй институцуудын хариуцлагын механизмыг сайжруулахад чиглэсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн нийт зүйлийн 25,7 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Нэгдүгээрт: Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах чиглэлээр тодорхой өөрчлөлт оруулсан. Тухайлбал, Улсын Их Хурлын төлөөлөх, хууль тогтоох, хянан шалгах ажлын үр нөлөөг сайжруулах зорилгоор ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75 болгон нэмэгдүүлэх, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөллийг оролцуулан хянан шалгах түр хороо байгуулах, Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллахыг хязгаарлах, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, огцруулах эрхийг Ерөнхий сайдад олгож, хуулийг нийт гишүүний олонхын саналаар эцэслэн батлах, нууц санал хураалт явуулах зарчмыг Үндсэн хуульд тусгасан. Улсын Их Хурал болон гишүүний хариуцлагыг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн нь Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болохоор, Улсын Их Хурал тарах болон тараах нөхцөлийг нарийвчлан тусгасан. Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төсөв, санхүүгийн талаарх Улсын Их Хурлын бүрэн эрхийг тодотгож, улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болохоор нэмэлт, өөрчлөлтөд тусгаж өгсөн. Байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх зарчмыг тодорхой болгож, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударгаар хүртээх, иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах эрх зүйн баталгааг бий болгох чиглэлээр томоохон өөрчлөлт орсон. Мөн Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг тодорхой болгож, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх оролдого бүхий ард нийтийн санал асуулгыг хориглож, Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн тогтвортой байдлыг хангаж, улс төрийн намын үйл ажиллагааны зарчим, тавигдах шаардлага, нам байгуулах шалгуурыг тусгасан болно гэж байлаа.

Хоёрдугаарт: Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгасан. Засгийн газар нь танхимын зарчмын дагуу ажилладаг байх, Ерөнхий сайд танхимын гишүүдээ өөрөө томилж, чөлөөлж, огцруулах заалтыг оруулж өгсөн. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэхээр, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилохоор хугацжуулсан. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны босгыг 50 болгон нэмэгдүүлж, түүний бүрэн эрхийн хугацааг 6 жил болгон нэмэгдүүлж, зөвхөн нэг удаа сонгогдох зохицуулалтыг тусгав.Ерөнхийлөгчид зөвхөн Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийн хүрээнд тодорхой бүрэн эрхийг хуулиар олгохоор тусгаж өгсөн байна.

Гуравдугаарт: Шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт өөрчлөлтийг оруулсан. Мөн Нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан. Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот байгуулах эрх зүйн үндсийг тогтоож, орон нутгийн хөгжлийг хангах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг чадавхжуулах зорилгоор хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээ тогтоох эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн хуралд олгохоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх асуудлыг хэлэлцэн баталсан. Энэ хүрээнд нийт 46 хуулийг шинээр болон шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах тул ирэх хаврын чуулганаар ачаалалтай ажиллана гэдгээ тодотгов.

Үндэсний эрх ашгийг хамгаалах, өргөн нэвтрүүлгийн бүтээл үйлдвэрлэл, салбарыг дэмжсэн хуулийг батлав

Чуулганы хугацаанд чухал хуулиуд баталсаны нэг нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл юм. Хуулийн гол зорилго нь өргөн нэвтрүүлгийн орчинд үндэсний болон нийтийн эрх ашгийг хамгаалах, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрхзүйн үндсийг тодорхойлох, өргөн нэвтрүүлгийн бүтээл үйлдвэрлэл, салбарыг дэмжихэд чиглэгдсэн болно.

Өнөөдөр Монгол улсад нийт 153 телевиз, эдгээрээс өргөн нэвтрүүлгийн телевиз-80 (Улаанбаатар хотод-20, орон нутагт-60) үйл ажиллагаа явуулж байна. Үүнтэй холбоотойгоор иргэд, олон нийт үндэсний болон нийтийн эрх ашгийг хамгаалах, өргөн нэвтрүүлгийн Монгол бүтээл үйлдвэрлэлийг дэмжих өргөн нэвтрүүлгийг улс төрийн нам эвсэл, аливаа шашны байгууллага, гадаад улсын төрийн өмчит байгууллагаас ангид тодорхой зохицуулалтыг тусгасан. Мөн Монгол бүтээл үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих сан байгуулж, санг улсын төсвөөс санхүүжүүлэн үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх, соёл уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн хүргэхэд дэмжих нөхцөл бий болсон гэдгийг С.Бямбацогт гишүүн мэдээлэлдээ тодотгосон.

Монгол Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг баталсан. Энэ удаа Монгол Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгох, нэр дэвшигч тавигдах шаардлагад тодорхой өөрчлөлт оруулсан. Тухайлбал, нэр дэвшигч төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх, татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, хуульд гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа болон Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглохоор тусгасан.

Мөн хууль бус сурталчилгаа хийхийг хориглосон тодорхой зохицуулалтуудыг тусгасан. Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээлэл нийтэд дэлгэх, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл материалын хэлбэрээр эсхүл мэдээлийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол хариуцлага хүлээлгэх тодорхой заалтуудыг тусгаж өгсөн гэж байлаа.

Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөг баталлаа

Улсын Их Хурал 2002 онд Стратеги төлөвлөгөөгөө батлан гаргаснаас хойш стратеги төлөвлөгөөгүй ажиллаж ирсэн. Тэгвэл Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөг баталлаа. Ингэснээр Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг төгөлдөржүүлж, түүний чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилгыг хэрэгжүүлж ингэснээр хууль тогтоох үйл ажиллагаа сайжирч, түүний эрх зүйн орчин төлөвшинө. Түүнчлэн Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлж, хуулийн хэрэгжилт, түүний үр нөлөөг үнэлэх байнгын тогтолцоог бүрдүүлж, чадавхжуулах, Улсын Их Хурал төлөөллийн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх, Улсын Их Хурлын Тамгын газрын чадавхыг дээшлүүлэх зохицуулалтуудыг тусгасан гэж байлаа.

Сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигч нь аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчид зэрэг нэр дэвших боломжийг нээж өгсөн

Байнгын хороо өнгөрсөн хугацаанд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг баталсан. Өнөөдрийг хүртэл орон нутаг дахин сонгуулиа зарлаж чадахгүй нөхцөл үүсдэг байсан. Тэгвэл уг хуулиар уг асудулыг зохицуулах, Орон нутгийн Хурлын сонгуульд зэрэг нэр дэвшихийг хориглож ирсэнийг өөрчилж, Сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигч нь аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчид зэрэг нэр дэвшиж болохоор нээж өгсөн. Түүнчлэн орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байсныг 15 хоног болгон багасгаж, сонгууль нь намар орой болдог зэрэг онцлогыг харгалзан санал хураалтыг 20 цагт хаах өөрчлөлтүүдийг тусгасан.

Мөн “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан хэлэлцүүлж, батлуулсан. Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн товыг тогтоож, санал авах өдрийг 2020 оны 06 дугаар сарын 24-нд байхаар тусгаж, мандат, тойргийн тоог тогтоосон.

“Бурхан багшийн Их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгов

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. НҮБ-ын 54 дүгээр Ерөнхий чуулганаас баталсан тогтоолд: “Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж, дэлхийн хамгийн эртний шашин болох Бурханы шашны 2500 гаруй жилийн турш хүн төрөлхтөнд оюун сэтгэлийн хөгжилд оруулсан хийгээд оруулсаар байгаа хувь нэмрийг талархан тэмдэглэж байгааг авч үзээд Бурхан багшийн Их дүйчин өдрийг НҮБ-ын төв болон бусад салбар, байгууллагуудад олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсугай” гэж тодорхойлсон байдаг. Үүнтэй холбоотойгоор, Бурхан багшийн Их дүйчин өдрийг “Олон нийтийн баяр амралтын өдөр” болгон зуны эхэн сарын 15-нд тэмдэглэн өнгөрүүлдэг байхаар болсон.

Өнгөрсөн оны 12 сард “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоол баталснаар Монгол Улсад ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон, талархан хүлээн авч, ардчиллыг түгээн дэлгэрүүлэх, төгөлдөржүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан төр, нийгэм, урлаг, соёлын нэртэй зүтгэлтэн, эрдэмтэн, судлаач, зохиолч, уран бүтээлч болон бусад иргэнийг шагнах бөгөөд уг медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор тусгасан гэдгийг С.Бямбацогт гишүүн мэдээлэлдээ онцлов.

Ийнхүү Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хорооны үйл ажиллагааны тайлан мэдээллийг танилцуулсны дараа Байнгын хорооны дарга С.Бямбацогт сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.