Нийтийн тээврийн салбарт хуримтлагдсан өрийн асуудлыг шийдвэрлэв

Н.Алтанцэцэг / Нийгэм

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар нийтийн тээврийн салбарт үүссэн өр, авлагын тухай авах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэв.Танилцуулгыг Нийслэлийн Засаг Даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулав. Танилцуулгад дурдсанаар 2020 оны хоёрдугаар сарын байдлаар 8.1 тэрбум төгрөгийн өр авлага үүссэн байгаа нь нийтийн тээврийн салбарыг хүнд байдалд оруулж байгаа аж. Тухайн өр, төлбөр нь хэд, хэдэн хүчин зүйлээс шалтгаалан үүсчээ. Тухайлбал, нийтийн тээврийн хэрэгслүүд хуучирсан эвдрэл гэмтэл ихтэй, дизель түлшний онцгой албан татвар, валютын ханш өссөн, Хуучин “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын 2012 онд хийсэн гэрээний дагуу троллейбусны зохиогчийн эрхийн төлбөрт 2018 оны Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн 0727 тоот шүүхийн шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 1306 тоот магадлалаар 1,8 тэрбум төгрөг төлж барагдуулснаас дээрх өр хуримтлагдсан аж.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Тэргүүлэгчид асуулт санал хэлэв. Тэргүүлэгчдийн олонх нь нийтийн тээврийн компаниудын менежментийг шүүмжилж байв. Улмаар 2012 оноос хойш өр төлбөр хуримтлагдтал явсан байдлыг цаашид засаж залруулан нийтийн тээврийн хэвийн үйл ажиллагааг хангах шаардлагатай гэж үзэв.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ж.Эрдэнэбат: -Зорчигч тээврийн компаниудын авлага хэр байна вэ, нийтийн тээврийн компаниуд дампуурах хэмжээнд хүрчихсэн юм биш биз. Санхүүгийн зохистой харьцааны тооцоолол байгаа юу, өргөн барьсан төслийг дэмжиж байна. Зориулалт, зарцуулалтыг өөрчлөх бус зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх гэж байгаа учраас шийдвэрлээд явах нь зүйтэй.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын Санхүү,төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Ганхүү: -Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа 1000 гаруй автобусын 80 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа. Энэ онд нийтийн тээвэрт 100 хувь парк шинэчлэл хийхээр төсөв суулгасан. Хуучин автобуснууд сэлбэг хэрэгсэлдээ их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа. Нийтийн тээврийнхэн тэвчиж болох зардлаа хэмнээд, төсөвт ачаалал үүрүүлэхгүй байхаар төлөвлөж байна.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч П.Батчимэг: -Нийтийн тээврийн салбарт үүссэн өр авлага их байна. Энэ үүссэн 8.1 тэрбум төгрөгийн өрийг хэн хариуцах ёстой вэ?

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва: -Өмчит үйлдвэрийн газрын дарга, удирдлага хариуцна. 2012, 2013 оноос эхлэлтэй. Нийтийн тээвэрт смарт картыг нэвтүүлсэнээс үүдсэн өр их бий.

“Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Ерөнхий нягтлан бодогч С.Түмэн-Ундармаа: -Зорчигч тээврийн нэгтгэл 2014 онд нэгдэхдээ дөрвөн тэрбум төгрөгийн өртэй нэгдсэн. Смарт системд шилжихэд 2015 онд өрийн хэмжээ 2.5 тэрбум болтлоо буурсан. 2016 онд 6.2 тэрбумын өртэй хүлээж авсан. 2017 онд энэ өрийг дөрвөн тэрбум болтол бууруулсан. Бидний өөрсдийн үйл ажиллагаанаас хамаарахгүй гэнэтийн өр төлбөрийн асуудал үүсэн тул өнөөдөр асуудлыг танилцуулж байна. Гэнэтийн өр төлбөр гэдэг нь цахилгаан тээврийн шүүхийн асуудал, смарт картын системд шилжсэнээр орлого буурсан нь өнөөдрийн энэ өр үүссэн.

Нийслэлийн Засаг Даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан: -Нийтийн тээвэр бол үнийг нь хүчээр барьж ачааллыг нуруун дээрээ авч яваа салбар. Үнэ тарифын асуудалтай үүссэн өр төлбөрийн асуудлыг өнөөдөр ярьж байна. Бид буруу хайхаас илүүтэй асуудлаа шийдвэрлээд явах нь зүйтэй.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва: -Энэ өмчит үйлдвэрийн газрын дарга нар ойлго. Айлын эрх хүүхэд шиг зориуд ийм асуудал үүсгээд дараа нь урвайгаад суудаг. Ардаа нэг том шантаажтай. Та нар шийдэхгүй бол ажил хаяна гэж айлгадаг. Өөрсдөө менежмент үйл ажиллагаагаа сайжруулдаггүй. Үүний ард нийслэлийн 1.5 сая хүн хохирох ёсгүй. Тиймээс өнөөдөр асуудлыг шийднэ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Тэргүүлэгчид саналаа хэлж, нийслэлийн 2020 оны төсөвт батлагдсан машинт цагийн зардлын санхүүжилтээс урьдчилан санхүүжүүлэхээр боллоо.

Мөн Тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн ойгоос бэлтгэх модны дээд хэмжээ батлах тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулгын танилцуулснаар 2016-2019 нийт 1137 га талбайд цэвэрлэгээний ажил, цэвэрлэгээний огтлолтыг явуулж нийт 27400 куб метр модыг бэлтгэжээ. Нийслэлийн ногоон бүсэд оршин суугч айл өрхөд түлээний зориулалтаар нийт 19200 куб метр гишүү мөчир, улинги бэлтгүүлэн, нийслэлийн төсөвт 154,0 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Харин энэ онд нийслэлийн ногоон бүсийн 230 га газраас 5100 куб метр мод бэлтгэхээр төлөвлөснийг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар дэвжив.

Тэргүүлэгчдийн хурлын төгсгөлд Сонгуулийн саналын хуудас устгах ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.


Сэтгэгдэл

rjymfylhim [51.77.108.33] 2020-05-04 00:25:28

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

gbhttnegxq [51.77.108.33] 2020-05-04 00:25:27

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

Зочин [139.5.219.74] 2020-02-21 22:55:30

Жолооч нар зорчигчдоос бэлэн мөнгө их авах юм. Энгийн хүний дүрээр мөнгө өгч барьж торгох хэрэгтэй. Татвар төлөгчийн мөнгө шүү дээ

зочин [124.45.101.202] 2020-02-21 14:27:58

Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, буудалд нийтийн тээвэр ирэх цагийг галт тэрэгнийх шиг тодорхой болгоод тасалбарын үнийг зардалтай нь уялдуулж тооцон гаргаж болдоггүй юмуу? Алийн болгон янз бүрийн өр зээлийг төр хариуцаж төлж байгаа нэртэй татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулах вэ? Татвар төлөгчдийн мөнгийг ард түмэнд хэрэгтэй зүйлд нь зарцуулж баймаар юм аа.

Зочин [202.131.231.90] 2020-02-22 04:40:23

Цагийг нь тодорхой байлгая гэхээр замын түгжрэл ямар байгаа билээ. Воганы замаар воган л явдаг тиймээс ямар ч саадгүй зам нь чөлөөтэй цагтаа ирдэг. Харин автобус явж байгаа замаар хичнээн автомашин зорчиж байгаа билээ. Энэ 2-ийн ялгаагаа сайн хараарай гэж хүсэе. Мөн өр зээлийг төр хариуцлаа гэхийн. Тэгвэл төр хариуцахгүйн бол нийтийн тээвэр үнээ нэмэхэд төр оролцохоо больчуул салбар өөрөө алдагдлаа нөхөөд өргүй ажлаад байж чадна. Гэтэл төрөөс та нар үнээ нэмж болохгүй шугамандаа заавал тэдэн автобус явуул гээд шаарддаг. Тэр шаардлагын дагуу бид ажиллдаг. Ажиллахдаа одоо үнэ нь хэд дахин нэмэгдсэн түлшээ өөрсдөө өндөр үнээр авч, сэлбэг хэрэгслийн үнэ ханш бас тэнгэрт тулцан үнэтэй, дурын сэлбэг борлуулагчид хүссэн дүнгээ хэлж, яалт чгүй авч засч шугаманд шуурхай гаргахын тулд тэр үнээр нь авдаг. Тэгэхээр алдагдалтай ажиллаад түлшний мөнгөө төлж чадахгүй зээлээр авч байгаа шдээ. Энэ бол зүгээр наад захын асуудал байгаа. Тиймээс та бүхэн энэ салбарыг бас өнгөцхөн харж битгий дүгнээрэй гэж хүсэе. Бид ч бас татвар төлдөг иргэд


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.