Хөвсгөл аймгийн зургаан суманд хаваржилт хүндэрч, 73 мянган толгой мал хорогджээ

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Монгол орны ихэнх нутаг цастай, мал аж ахуй отор нүүдэл ихтэй байгаа тул зарим орон нутагт хаваржилтын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна. Ус цаг уур орчны шинжилгээний газрын Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэст ирүүлсэн хоёрдугаар сарын сүүлчийн 10 хоногийн мэдээллээр найман аймгийн 39 сум цагаан зудтай байгаа бол, 12 аймгийн 47 суманд зудын эрсдэлтэй байгаа аж.

Хоёрдугаар сарын 29-ний байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ. Үүнээс Алтай, Хангай, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий нуруу, Хангайн бүсийн нутгаар 20 см-ээс дээш зузаан цастай байна. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цагаан зудын байдалд хийсэн үнэлгээгээр Увсын Малчин, Улаангом, Баруун туруун, Завханы Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Хөвсгөл зэрэг нутаг зудын нөхцөл байдал үүсчээ.

АЙМГИЙН НӨӨЦӨД БАЙГАА ӨВС ТЭЖЭЭЛИЙГ МАЛЧДАД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ БАЙНА

image

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Хөвсгөл аймгийн зарим сумдад хаваржилт хүндэрч байгаа. Хаваржилт хүндэрч байгаа сумуудад ямар арга хэмжээ авч байна вэ?

-Манай аймгийн зарим суманд өвөлжилт хаваржилт хүндхэн байна. Өнгөрсөн 2019 оны аравдугаар сараас хойш цас их орсон учраас мал ахуйн салбарт нэлээд хүндрэл үүсгэж байгаа. Тухайлбал, Жаргалтант, Цэцэрлэг, Галт, Шинэ-Идэр, Их- Уул, Рашаант суманд малын хорогдолтой байгаа бөгөөд малыг хотноос нь гаргахгүй олон хонож байна. Иймээс хаваржилт хүндэрч байгаа сумдад аймаг болон Улсын онцгой комиссоос тодорхой арга хэмжээг цаг тухайд нь хэрэгжүүлж ажиллаж байгаа. Хоёрдугаар сарын сүүлчээр цас орж цасны зузааныг нэмэгдүүлсэн учраас ахиад таван суманд хаваржилтын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. Иймээс аймгийн нөөцөд байгаа өвс тэжээлийг малчдад хөнгөлөлттэй үнээр олгох арга хэмжээг авч байгаа. Мөн сум орон нутгаас гадна төрийн бус байгууллага болон нутгийн зөвлөлөөс уриалга гаргаж, хандив дэмжлэгийн ажлыг зохион байгуулж байна.

-Одоо мал төллөж эхэлж байгаа. Малын хорогдол хэр их гарч байна вэ?

-Энэ сарын 3-ны дүн мэдээгээр 73 мянган толгой мал хорогдсон байгаа. Өдөр бүр малын хорогдлын хэмжээ нэмэгдэж байна. Хөвсгөл аймгийн Жаргалант суманд малын хорогдол хамгийн их байгаа. Цас их орж мөстөж хатуурсан газарт бод малын хорогдол их байна. Мөн бэлчээрлэх боломжгүй болсон газар бог малын хорогдол нэмэгдэж байгаа.

-Өвөлжилт гайгүй байгаа аймаг сумаар отор нүүдэл хийх боломж байгаа юу. Танай аймгаас отор нүүдэл хийж байгаа малчид хэд байна вэ?

-Манай аймгийн хэмжээд 500 орчим малчин өрх отор нүүдэл хийж байна. Харин бусад аймаг руу 124 малчин өрх отор нүүдэл хийсэн. Отроор явж байгаа малчдад аймаг сумын ажлын хэсэг очиж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон нийгэм халамжийн үйлчилгээг зохион байгуулж байгаа.

-Хаваржилт хүндхэн байгаа сумын малчид өнгөрсөн намар өвс тэжээлээ хэр хангасан вэ. Малчид өвс тэжээлийн нөөцтэй байгаа юу?

-Манай аймгийн малчид жил бүр өвс тэжээлээ сайн бэлтгэдэг. Харин цаг хугацааны уртад өвс тэжээл хүрэлцэхгүй байна. Мөн аймаг улсын нөөцөөс өвс тэжээлийн дэмжлэг үзүүлж байгаа боловч малчин өрхийнхөө тоогоор бүрэн хүрч чадахгүй байна. Одоо малчид өөрсдөө өвс тэжээлийг худалдан авах ажлыг сум сумандаа зохион байгуулж байгаа.

-Баярлалаа


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:59:11

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:59:11

Зочин [202.131.244.210] 2020-03-05 02:42:01

ХОТОД ХӨЛ ХОРИО ТОГТООЖ, ОЛОН АЙЛ ОРЛОГО БАГАСАЖ ХООЛГҮЙ ХОНОХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙХАД ХУРУУГАА Ч ХӨДӨЛГӨӨГҮЙ /ИЙМ ХҮНД ҮЕД НИЙСЛЭЛИЙН ИРГЭДЭД МАЛ/МАХ ЦАГААН ИДЭЭ ААРЦ ТАРАГ ХАНДИВЛАЖ БОЛОХ Л БАЙСАН/ ТИЙМ БАЙЖ ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРЛЭЭ ХОТЫХОН ХАНДИВ ӨГ Л ГЭЖ БИТГИЙ ХЭЛЭЭРЭЙ, АМЬНЫ ХУВИЙН ХӨРӨНГӨӨ ӨӨРДӨӨ ХАМГААЛААРАЙ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.