ТАНИЛЦ: Хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал ямар байв?

Ц.Анударь / Хууль

Цагдаагийн байгууллагад 2020 оны эхний хоёрдугаар сарын байдлаар 6745 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 691 хэрэг буюу 9.3 хувиар буурсан байна.

Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 4405 буюу 65.3 хувь нь нийслэлд үйлдэгдэж, 14.7 хувиар буурсан бол 2335 буюу 34.6 хувь нь орон нутагт үйлдэгдэж, 4.1 хувиар өссөн байна. Нийт гэмт хэргийн 81.3 хувийг хөнгөн, 18.7 хувийг хүнд ангиллын гэмт хэрэг эзэлж байна.

Улсын хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 19.7 хувь, үүнээс нийслэлд 17.7 хувь, орон нутагт 23.9 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс улсын хэмжээнд 6.9, нийслэлд 8.2, орон нутагт 2.3 нэгжээр тус тус өссөн байна.

Гэмт хэргийн улмаас 6517 иргэн, 22 хуулийн этгээдийн эрх зөрчигдөж, 291 хүн нас барж, 1529 хүн гэмтэж, 34.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүний тоо 57 буюу 16.4 хувиар буурч, гэмтсэн хүний тоо 36 буюу 2.4 хувиар өссөн. Эд материалын хохирлын 2.6 тэрбум төгрөг буюу 7.8 хувийг нөхөн төлүүлж, 422.5 сая төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн.

Энэ оны эхний хоёрдугаар сард нийт 381.391 зөрчлийг шалган шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 77.249 буюу 25.4 хувиар өсч, зөрчил гаргасан 347.163 иргэн, 28755 хуулийн этгээдэд 9.7 тэрбум төгрөгөөр торгох, 2173 хүнд баривчлах, 3300 хүнийг торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл оногдуулсан ба 17430 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 11.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Баярын өдрүүдээр гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал ямар байсан бэ?

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас эргүүлийн 2211 чиглэлд давхардсан тоогоор 7124 алба хаагч, сайн дурын 140 эргүүл ажиллаж, 499 гэмт хэрэг илрүүлэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 134 хүнийг саатуулан, зөрчил гаргасан 4319 хүнийг 121.922.0 мянган төгрөгөөр торгож, согтууруулах ундааны зүйл хэрэглэж хэвийн бус явсан 408 иргэнийг эрүүлжүүлж, 462 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Гэмт хэргийн шинжтэй 186, зөрчлийн шинжтэй 5649, нийт 5835 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан. Үүнээс хүнийг алах 4, хүний эрүүл мэндэд хохирол учруулах 32, хүчиндэх 5, хулгайлах 53, дээрэмдэх 2, залилах 1, замын хөдөлгөөний авулгүй байдлын эсрэг 14 гэмт хэрэг бүртгэгдэж, золгүй байдлаар улсын хэмжээнд 16 хүн нас барсан.

УОК-ын шийдвэрээр хорио цээрийн дэглэмт тогтоосон байгаа энэ үед цагдаагийн байгууллага хэрхэн ажиллаж байна вэ?

Улсын онцгой комиссын хуралдаанаас сар шинийн баяр, амралтын өдрүүдэд нийслэл болон орон нутаг руу орох, гарах тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг энэ оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08.00 цагаас 03 дугаар сарын 03-ны өдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд зогсоох шийдвэр гарсантай холбогдуулан нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрийг бүсчлэн хаах, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах төлөвлөгөө, ажил үүргийн хуваарь, зураглалын дагуу Улаанбаатар хотод шалган нэвтрүүлэх хяналтын 51, 21 аймагт 285, сумдад 672, нийт 1008 хяналтын цэгт давхардсан тоогоор 2762 алба хаагч, 999 автомашинтайгаар онцгой байдал, мэргэжлийн хяналт, эрүүл мэнд, орон нутгийн төр, захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчидтай хамтран үүрэг гүйцэтгэсэн.

Хязгаарлалт тогтоосон хугацаанд аймаг, нийслэлийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдээр 4176 тээврийн хэрэгслээр 9992 иргэн гарч, 4275 тээврийн хэрэгслээр 6028 иргэн нэвтэрч, зохих зөвшөөрөлгүй 2844 тээврийн хэрэгсэлтэй 4605 иргэнийг шалган нэвтрүүлэх цэгээр нэвтрүүлэлгүй буцаах арга хэмжээ авч ажилласан байна.

Мөн шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тандалт, судалгаа, шинжилгээ хийх зорилгоор иргэдийг тусгаарлах, ажиглалтад авах үед 24 цагийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн зүгээс Улсын онцгой комиссын шийдвэр, тогтоосон хэм хэмжээг даган мөрдөж, алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж, хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ сайн дурын үндсэн дээр нэлээдгүй санаачилга гаргаж бидэнд амны хаалт, ариутгалын бодис хандивлах, халуун хоол, цайгаар үйлчилэх зэргээр сэтгэлийн дэм үзүүлж байгаад баяртай байна. Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хандан талархал илэрхийлсэн.

Цахим хэрэгслээр худал мэдээлэл тараасан тохиолдол хэд хэдэн удаа гарсан энэ талаар цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авсан вэ?

Шинэ төрлийн коронавирусын талаар цахим орчинд нийтлэгдсэн 21 төрлийн мэдээллийг шалгаж, 6 зөрчлийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 4.600.000 төгрөгөөр торгож, 1 зөрчилд Зөрчлийн хэрэг нээж шалгах саналыг прокурорт хүргүүлж, 5 зөрчлийг Зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж, 9 зөрчлийг харъяаллын дагуу мэргэжлийн хяналтын улсын байцаагчид шалгуулахаар шилжүүлж шийдвэрлэсэн.

Иргэд хуурамч дуудлага мэдээлэл өгөх, худал цуурхал тараавал Зөрчлийн тухай хуулийн 5.13-д гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн хуулийн 15.9 дүгээр зүйлд заасны дагуу Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гамшгаас сэргийлэх, аврах, сэргээн босгох үйл ажиллагаа, эмнэлгийн түргэн тусламжид дуудлагаар явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, эсхүл санаатайгаар эсэргүүцсэн, эсхүл зам гарцыг хаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгон зохицуулалттай.

Гамшиг халдварт өвчний дэгдэлтийн үед иргэд, аж ахуйн нэгж, байгууллага ямар эрх, үүрэгтэй оролцдог вэ?

Энэ талаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34, 37 дугаар зүйлд иргэн, хуулийн этгээдий эрх, үүргийн талаар тодорхой заасан. Тухайлбал, холбогдох байгууллага, албан тушаалтнаас аюулгүй байдлаа хангахад шаардлагатай арга хэмжээний талаар үнэн зөв мэдээлэл авах, гамшигт өртсөн тохиолдолд шаардлагатай тусламж, дэмжлэг авах эрхтэй. Мөн гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг хангах, гамшиг болон аюулаас урьдчилан сэргийлэх, аврах арга, техник, багаж хэрэгслийг эзэмших, зарлан мэдээлэх дохиогоор ажиллах журмыг дагаж мөрдөх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох, гамшиг болон аюулын тухай мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай, үнэн зөв хүргэх, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөний улмаас гарсан зардлыг хариуцах зэрэг үүрэгтэй.

Хуулийн этгээд нь өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан гамшгаас хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар үнэн зөв, бодит мэдээлэл авах, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах, зөвлөгөө авах эрхтэй. Мөн гамшгаас хамгаалах төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, гамшиг болон аюулын нөхцөл байдлын тухай мэдээг дээд шатны байгууллага болон онцгой байдлын байгууллагад цаг тухайд нь хүргэх, шаардлагатай бичиг баримт, бодит мэдээллээр хангах, бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, өөрийн байгууллагын хэрэгцээнд ашиглах барилга байгууламж, хоргодох байрыг төхөөрөмжлөх, шаардлагатай тохиолдолд хүн амд ашиглуулах, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөний улмаас гарсан зардлыг хариуцах зэрэг нэлээдгүй олон үүрэг хүлээдэг.

Иргэн, хуулийн этгээл үүргээ зөрчвөл хуулийн ямар хариуцлага хүлээх вэ?

Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор байгуулсан барилга байгууламжийг эвдэж гэмтээсэн, эсхүл зориулалтыг дур мэдэн өөрчилсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, тусламж үзүүлэгч хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зэрэг зохицуулалтай.

Иргэд сайн дураараа шинжилгээнд хамрагдах, халуунаа үзүүлэхээс татгалзвал ямар хариуцлага, арга хэмжээ авах вэ?

Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлд Эрүүл мэндийн тухай хууль зөрчих гэж заасан. Тухайлбал, Бусдын эрүүл мэндэд аюул учруулах халдварт өвчтэй хүн, нян тээгч, тэдгээртэй хавьтагчийг тусгаарлах, эсхүл хөл хорио тогтоох журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн хуулийн 6.23 дугаар зүйлд Олон улсын хөл хориот өвчний талаар мэдүүлэхээс татгалзах талаар заасан. Энэ нь Олон улсын хөл хориот өвчин гарсан улс орноос ирсэн хүн эрүүл мэндийн тодорхойлолтыг мэдүүлэхээс татгалзсан, эсхүл үнэн зөв мэдүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн байгаа.

Хэрэв халдварт өвчнөө эмчлүүлэхээс санаатайгаар нуусан өөр бусад хүмүүст халдаасан байвал Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлд заасны дагуу бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусыг бусдад зориуд халдаасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүний эсрэг, хүүхдийн эсрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Түүнчлэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол Эрүүгийн хуулийн 19.6 дугаар зүйлд зааснаар найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих, энэ гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулж, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял тус тус шийтгэхээр заасан байдаг.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:36:31

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:36:30

Зочин [182.160.36.132] 2020-03-06 05:02:34

Цагдаагийн амь хохирсон байхад БААТАРЖАВ АЖЛАА ХИЙСЭЭР Л БАЙХ УУ

ЗОЧИН [202.126.88.150] 2020-03-06 04:21:40

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ГАДАА ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦДЭГ ХҮН БАГА, ИХЭНХ НЬ БИЧИГ ЦААС АМБИЙЦ ХӨӨЦӨЛДСӨН ДАРГА ЦАРАЙЛСАН ИХ ЗАНТАН НАР ОЛОН БОЛЖ, ЭНЭ ОЛОН ХҮЧИЙГ ГУДМАНД ГАРГАЖ АЖИЛУУЛВАЛ ИХ ХҮЧ БАЙНА. ОЛОН АЛБА ТАСАГ БАЙГУУЛЖ ЗӨӨЛӨН САНДАЛ АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ БОЛСОН БАЙНА.

ЗОЧИН [202.126.88.150] 2020-03-06 04:18:05

ШҮҮХ,АТГ. ЦЕГ, ШШГЕГ-ЫГ МАФИЙНХАН УДИРДАЖ БАЙГАА ЦАГТ ХУУЛЬ ХЭРЭГЖИХГҮЙ

Зочин [202.126.89.100] 2020-03-06 04:03:28

Дорнодод илэрлээ гээд байна.худлаа юу?


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.