Завхан аймагт зуднаас болж 17.311 толгой мал хорогджээ

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Монгол орны ихэнх нутаг цастай, мал аж ахуй отор нүүдэл ихтэй байгаа тул зарим орон нутагт хаваржилтын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна. Ус цаг уур орчны шинжилгээний газрын Хөдөө аж ахуй, цаг уурын судалгааны хэлтэст ирүүлсэн хоёрдугаар сарын сүүлчийн 10 хоногийн мэдээллээр найман аймгийн 39 сум цагаан зудтай байгаа бол, 12 аймгийн 47 суманд зудын эрсдэлтэй байгаа аж. Үүнээс хамгийн их зудтай байгаа нь Хөвсгөл, Завхан аймаг юм.

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Завхан аймгийн хэмжээнд хаваржилт хүндэрч байгаа. Хаваржилт хүндэрч байгаа сумуудад ямар арга хэмжээ авч байна вэ?

-Завхан аймгийн Тэс, Баянтэс, Асгат, Баянхайрхан, Тосонцэнгэл, Их-Уул, Түдэвтэй, Нөмрөг, Тэлмэн, Цэцэн-Уул, Цагаанхайрхан, Яруу, Идэр, Алдархаан, Цагаанчулуут сумд цагаан зудтай, Отгон, Сонгино, Завханмандал, Сантмаргаз, Шилүүстэй, Эрдэнэхайрхан сум зудархуу өвөлжсөн тул хаваржилт хүндэрч байна. Өнгөрсөн 2019 оны долоодугаар сард аймгийн Засаг даргын 06 тоот албан даалгавар гарч, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын төлөвлөгөө баталснаас хойш өнөөдрийг хүртэл сар бүр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байна. Тухайлбал, өнгөрсөн оны найм, ес, аравдугаар саруудад аймгаас ажлын хэсгүүд гаргаж 24 сумынхаа өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг зохион байгууллаа. Энэ хүрээнд малчны хот, аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бүрдүүлэх, намрын тарга хүч авхуулах, тогтоох, өвөлжөө бууцаа дулаалах, өвс тэжээлээ нөөцлөх чиглэлүүдийг малчид, сумдын удирдлагуудад өгсөн. Мөн гар тэжээл бэлтгэх тухай гарын авлага боловсруулж малчин өрх бүрт хүргүүлсэн. Малчид бэлтгэсэн өвс, тэжээлээ аравдугаар сард хэрэглэж дууссан. Сумдын аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлээ нэгдүгээр сард малчны хотонд хүргэж өгсөн. Аймгийн аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлээ 50 хувь хямдруулж арванхоёр болон нэгдүгээр саруудад малчны хотонд хүргэх ажлыг зохион байгууллаа. Аймгийн аюулгүйн нөөцийн өвч тэжээлийг малчны хотонд хүргэх тээврийн зардлыг аймгийн Засаг даргын нөөц сангаас шийдвэрлэж малчны хотонд өвс, тэжээл хүргэх зам, зам даваа нээх зэрэг ажлыг зохион байгууллаа. Өнгөрсөн арванхоёрдугаар сард НҮБ-ын “Хүүхдийн сан”-тай гэрээ байгуулж, өвөлжилт хүндэрч буй Их-Уул, Тосонцэнгэл, Тэс, Баянтэс сумдын 2800 хүүхдэд тус бүр 40 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг хүүхдийн мөнгөний дансаар нь дамжуулан олголоо. Энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Улсын нөөцөөс өвс, тэжээл хөнгөлөлттэй үнээр олгох тухай саналыг Улсын Онцгой комисст хүргүүлж, нэгдүгээр сарын 12-20-ны өдрүүдэд зургаан ажлын хэсэг 24 сумын бүх малчин өрхүүдээрээ орж өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч, Хүүхдийн сан, Хөдөө аж ахуйн байгууллагын ажлын хэсгүүдтэй уулзалт хийсний үр дүнд “Хүүхдийн сан”-тай хамтран хөдөөгийн 23 сумын 0-5 насны 7000 гаруй хүүхдэд тус бүр 60 мянган төгрөгийн тусламж олгохоос гадна өвөлжилт хүндэрсэн 16 сумын малчны хотонд өвс, тэжээл хүргэх зардалд тус бүр гурван сая төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, үлдсэн долоон сумын зардлыг аймаг хариуцахаар болсон. Ингээд хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэгтэй хамт Тэс, Баянтэс, Нөмрөг, Түдэвтэй, Тосонцэнгэл, Их-Уул, Асгат, Баянхайрхан сумдад ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдлыг газар дээр нь танилцуулж, хүсэлт тавьсны дагуу улсын нөөцөөс 883 тонн өвс үнэгүй, 905 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгохоор шийдвэрлэсэн. Эхний ээлжинд сумдад 790 тонн өвс үнэгүй, 720 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгохоор хуваарь гаргаж, тээврийн зардлыг шийдвэрлэж өгснөөр хоёрдугаар сарын 19-ний өдрөөс өвс, тэжээлийг малчны хотонд хүргэх ажлыг эхлүүлж, улсын нөөцөөс хуваарилагдсан өвсний 93.3 хувь, тэжээлийн 84 хувийг малчны хотонд хүргээд байна. Энэ сарын 1-ний өдрийн аймгийн Онцгой комиссын хуралдаанаар хаваржилт хүндэрсэн зарим сумдад 93 тн өвс үнэгүй, 110 тн тэжээлийг 50 хувийн хямдалтай үнээр нэмж олгохоор шийдвэрлэлээ. Мөн цас их орж, мал бэлчээрлэхэд хүндрэлтэй байгаа Тосонцэнгэл, Их-Уул, Баянтэс, Тэс, Асгат, Баянхайрхан, Нөмрөг сумдад малын бэлчээр, өвс тэжээл хүргэх зам гаргах ажлыг эхлүүлж холбогдох зардлыг аймгийн Засаг даргын нөөц сангаас шийдвэрлээд байна. Мөн Улсын Онцгой комисст өвс, тэжээл хямдралтай үнээр олгуулахаар дахин хандаад байна.

-Одоо мал төллөж эхэлж байгаа. Малын хорогдол хэр их гарч байна вэ?

-Нийт мал сүргийн 40.9 хувь буюу 1555.8 мянга нь хээлтэгч мал бөгөөд 2.2 мянган толгой ингэ, 72.5 мянган толгой гүү, 84.6 мянган толгой үнээ, 578.1 мянган толгой ямаа, 818.2 мянган толгой хонь төллөнө. Одоогоор 18 сумын 17.311 толгой мал хорогдсон нь нийт мал сүргийн 0.4 хувийг эзэлж байна.

-Өвөлжилт гайгүй аймаг сумаар отор нүүдэл хийх боломж байгаа юу. Танай аймгаас отор нүүдэл хийж байгаа малчид хэд байна вэ?

-Өвөлжилт хүндэрсэн сумын малчид жил бүр хөрш зэргэлдээ аймгуудад отор нүүдэл хийдэг. Энэ жил Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Отгон сумын 199 өрхийн 288 малчин, 87.1 мянган толгой мал хөрш зэргэлдээ Архангай, Баянхонгор, Хөвсгөл аймгуудын 10 сумын нутагт отроор өвөлжилсөн. Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан дөрвөн ажлын хэсэг 2020 оны хоёрдугаар сарын 6-12-ны өдрүүдэд 4000 гаруй км замыг туулж, аймгийн нутагт отор нүүдэл хийж байгаа оторчдоо эргэж, малчдынхаа нөхцөл байдалтай танилцаж, санал хүсэлтийг нь сонссон.

-Бусад аймгаас танай аймагт отор нүүдэл хийж ирсэн малчид байгаа юу?

-Энэ жил манай аймагт бусад аймгаас отроор малчид ирээгүй.

-Хаваржилт хүндхэн байгаа сумын малчид өнгөрсөн намар өвс, тэжээлээ хэр хангасан бэ. Малчид өвс, тэжээлийн нөөцтэй байгаа юу?

-Өнгөрсөн 2019 онд малчид, мал бүхий иргэд 16.8 мянган тн байгалийн хадлан, 2344.2 мянган тн ногоон тэжээл, 283.5 мянган тн гар тэжээл бэлтгэж тэжээлийн хангамж 85.1 хувьтай, аймгийн аюулгүйн нөөцөд 144 тн өвс, 90 тн тэжээл, 22 сумын аюулгүйн нөөцөд 803 тн өвс, тэжээл 173.6 тн тэжээл бэлтгэсэн. Гэвч аравдугаар сараас цас их хэмжээгээр орж, арваннэгдүгээр, арванхоёрдугаар саруудад өвөлжилт хүндэрч, Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу гамшигт болон аюулт үзэгдлийн хэмжээнд хүрснээр малчид өвс, тэжээлийн нөөцөө дуусаад байна.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:58:46

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:58:45

Зочин [103.212.117.71] 2020-03-07 07:58:21

БАЙГАЛЬ ӨӨРӨӨ ЗОХИЦУУЛЖ БАЙГАА ЮМ.

зочин [103.212.117.147] 2020-03-07 06:44:39

Зуданд алдаж байхаар арай хямд үнээр зарчихгүй. Хэнд ч гүй юм болгож байхын оронд.

Зочин [103.212.116.234] 2020-03-07 04:44:12

Бог -1000т бодоос-10000т татвар авах. Бид одоо байгалийн гэнэтийн үзэгдэл малын өвчин зэргийг даван туулахад хэрэгтэй.Ер нь малын тоо биш чанартай болгоход татвар нөлөөлөх болно. Малчид татвар авахад татгалзах зүйлгүй.

Zochin [66.181.161.99] 2020-03-07 03:36:26

Ene neg zavaan yum aimgig ,nutag ballaj bn,zunjin bayar hiine,1000morin huur....geh shig,buh shatni darga narni bayarin hool belduuleed l bdg,hed honohod im bdltai bsn,dotrni amidrdsg humus medeh blgui.hotos hodoo ajilahar ochsn,oilgomjtoi

Зочин [202.21.109.102] 2020-03-07 14:04:48

ЯГ үнэн байнаа

Зочин [202.21.109.102] 2020-03-07 14:04:16

ЯГ үнэн байнаа

Зочин [103.14.36.6] 2020-03-07 03:22:57

Өвс тэжээлийн аюулгүй нөөцийг бүрдүүлэх, отор нүүдлийг зохицуулах үүрэг нь бүх шатны Засаг дарга нар хариуцсан ажлаа хийж чадахгүй мөртлөө УИХ-д суухыг оролдсон дарга нар олон болсон байна шүү.

Зочин [66.181.176.74] 2020-03-07 03:21:21

Монголын баялаг болсон мал сүрэгийг үнэгүйдүүлэх гол шалтгаан бол УБ д суугаа хэдэн ажилгүй арчаагүй шаарнууд , тэдэнд таалагдах гэж төр засаг нь хүчээр махны үнийг хямд байлгах гэж монголыг монголоор нь Хорлож дуусгах юм даа.

Зочин [202.179.24.57] 2020-03-07 01:46:42

Хариуцлаггүй нь зуд болж байгаа байх. Юм л бол байгаль руу чихдэгээ больмоор юм. Өвс тэжээлээ урьдаас сайтар бэлдэж, "эрхэрээ хатсан" зарим малчдын хариуцлагыг дээшлүүлэхэд ямарч зуднаас айлтгүй...

Зочин [202.126.88.135] 2020-03-07 00:26:46

Хотын бидэнд мал хорогдлоо мах үнэд орлоо гэж худалдаж авах махны мөнгөн дээр минь нэмж өгөхгүй л дээ. Яах уу.

Зочин [66.181.183.231] 2020-03-07 00:06:14

Snow mobil гэж нэрэлдэг цасны мотоцикл хэрэг болж мэднэ.

Зочин [66.181.183.231] 2020-03-06 23:59:53

Цас ихтэй газарт цасны мотоциклоор өвс тэжээл хүргэж болохгүй юу. Монголд бас ганц нэг байдаг байх. Цанатай мөртлөө цасны маажигчтай 2,3 суух суудалтай мотоцикл. Тэр бол цасанд жинэхэн давхих унаа шүү.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.