Дэлхий даяар 300 сая орчим оюутан, сурагчдын хичээл зогсчээ

Н.Саранчимэг / Эрүүл мэнд

ТЕГ-аас дэлхий дахиныг цочоосон коронавирустэй холбоотой тун чухал мэдээллийг хоёр дахь удаагаа гаргажээ. Эх сурвалж сайтай, албаны энэ мэдээллээс түүвэрлэн хүргэж байна.

Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA) “Covid-19” халдварын улмаас агаарын тээврийн салбар 113 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргаад байна. Тухайлбал, Германы агаарын тээврийн “lufthansa” компани “Covid-19”-ийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан гуравдугаар сард Европын орнууд руу хийгдэх байсан 7100 нислэгээ цуцлаад байна. Мөн Португалийн “ТАР” компани гуравдугаар сард хийгдэх байсан нийт нислэгийн дөрвөн хувь, дөрөвдүгээр сарын нийт нислэгийн зургаан хувь, нийт 1000 нислэгээ цуцалжээ.

ОУВС-гийн тэргүүн К.Георгиева болон Дэлхийн банкны тэргүүн Д.Мэлпас нарын мэдэгдсэнээр “Covid-19”-ийн улмаас нефтийн эрэлт багасаж, олборлогч зарим улс их хэмжээний хохирол амсаж байна” гэв. 2020 оны эхээр нефтийн үнэ 15 хувиар буурсан бөгөөд Ойрхи Дорнодын бүс нутгийн эдийн засгийн өсөлт өмнөх жилээс бага байх төлөвтэй байна.

ЮНЕСКО дэлхий даяар 300 сая орчим оюутан, сурагчдын хичээл зогссон талаар мэдэгджээ.

АНУ-д гуравдугаар сарын 09-ний 12:00 цагийн байдлаар 34 мужид 537 тохиолдол бүртгэгдэж, 22 хүн нас барж нийслэл Вашингтоны Коннектикут болон Колумбиа дүүрэгт өвчний тохиолдол шинээр илрэв. Одоогоор Вашингтон, Нью-Йорк, Калифорни, Орегон мужууд онц байдал тогтоогоод байна. Өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан сургуулиудын үйл ажиллагааг зогсоов. Тус улсын эрх баригчид зарим бүсэд хөл хорио тогтоож болзошгүй байна.

Халдварын тархалтыг бууруулах зорилгоор зарим хотод орон гэргүй иргэдэд зориулсан төвүүдийг шинээр нээж, тэдний халдвар авах эрсдэлийг бууруулахаар ажиллаж байна. АНУ-ын хөрөнгийн биржүүд дээр хувьцааны үнэ тогтмол унасаар байна.

Их Британи “Covid-19”-ийн дэгдэлттэй тэмцэх ажил тус улсын эрх зүйн зохицуулалттай нийцэхгүй байгаатай холбогдуулж зарим хуульд түр хугацааны нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газраас нь боловсруулж байна. Тухайлбал, эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авсан ажилтанд дөрөв дэх өдрөөс нь эхэлж долоо хоногийн 92.05 фунт стерлинг олгож байгааг эхний өдрөөс олгодог болгож өөрчлөх аж.

Итали Улсад нөхцөл байдал хүндэрч “Covid-19” вирусын улмаас нас барсан хүний тоогоор БНХАУ-ын дараа бичигдэх болов. Өнөөдрийн байдлаар 7375 халдварын тохиолдол бүртгэгдэж 366 хүн нас бараад байна. Нас барсан хүний тоо 133-аар нэмэгдэж, өвчний тохиолдол 25 хувь буюу 5883-аас 7375 болж огцом өсөв. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын Засгийн газар Ломбарди болон 14 мужид хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. Хөл хорио тогтоосон бүсийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, олон нийтийн арга хэмжээг цуцалж бар, ресторануудад эрүүл ахуйн өндөр шалгуур тавьж ажиллуулж байна. Хөл хорионд нийт хүн амын 25 орчим хувь буюу 16 сая хүн өртөж байгаагаас гадна эдийн засгийн өндөр бүтээмжтэй бүсийг хамарч буй нь улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөхөөр байна.

Франц Улс Италийн дараа орох Европ дахь коронавирусын халдварын голомт болох төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар Үндэсний ассамблейн доод танхимын дөрвөн гишүүн өвчний халдвар авсан нь тогтоогдсон. Өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Франц, Герман Улс эмнэлгийн хамгааллын хэрэгслийн экспортод хязгаарлалт тогтоов. Ерөнхий сайд Э.Макрон “Тус улс коронавирусын голомтот халдварын цэг болох нь “гарцаагүй” боллоо” хэмээн мэдэгджээ.

Бельги Улсын Засгийн газраас аж ахуйн нэгжүүдийг “Covid-19”-тэй холбоотой аливаа хүндрэлийг даван туулахад зориулж тусгай тасгийг Эдийн засгийн яамны дэргэд байгуулан ажиллуулж байна.

БНТУ “Covid-19” халдвар авсан эсэхийг 90 минутын дотор тогтоох боложтой шинэ төрлийн оношлуур зохион бүтээж, ашиглаж эхэлсэн бөгөөд өмнөх оношлуур нь шинжилгээний хариуг 24 цагийн дотор гаргадаг байжээ.

Иран Улсын парламентын эмэгтэй гишүүн Фатеме Рахбар коронавирусын халдварын улмаас нас барсан бөгөөд тус улсын парламентын 23 гишүүн халдвар авсан нь тогтоогдсон тухай өмнө мэдээлж байсан.

Энэтхэг Улсын Ерөнхийлөгчийн ордонд зохион байгуулагддаг Хинди шашны уламжлалт Холи (өвөл дуусч, хавар ирсний баяр) баярын арга хэмжээг цуцалсныг мэдэгдсэн бөгөөд иргэдэд тус баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхыг уриалав. Мөн нийслэл Шинэ Дели хотын ерөнхий боловсролын сургуулиудыг гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хаах шийдвэр гаргаад байна.

Тайландын Эрүүл мэндийн яамнаас Хятад, Макао, Хонконг, БНСУ, Итали, Иран зэрэг орон, бүс нутгийг коронавирусын халдвар өндөр хэмээн мэдэгдсэн. Тус улсад амны хаалт, ариутгалын бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, олдоц муу байгаа бөгөөд Засгийн газраас амны хаалтын экспортыг зогсоогоод байна.

Малайз Улсын Засгийн газраас ард иргэдийг Итали, Япон, Иран зэрэг улс руу аялахгүй байхыг сануулж, эдгээр улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон бүх хүнийг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргав.

Киргизийн Засгийн газраас БНХАУ, БНСУ, Япон, Итали, Иран Улсын ДТГ-уудын албан хаагчдаас бусад иргэдийг тус улсын хилээр нэвтрүүлэхийг түр зогсоов.

ОХУ-ын Москва хотын захирагч С.Собянин эрүүл мэнд, нийтийн тээвэр болон аж ахуйн ажилтан албан хаагчдыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх захирамж гаргаад байна. Мөн “Covid-19” вирусын өвчлөл гарсан орноос ирж буй иргэдийг эрүүл мэндийн байгууллагын бүртгэлд хамрагдаж, 14 хоногийн турш гэртээ өөрийгөө тусгаарлах ёстой гэж захирамжид тусгажээ. Тэрээр улсын хилийг бүрэн хаах боломжгүй тул вирус зөөвөрлөгдөн орж ирэх магадлал өндөр хэвээр байна хэмээн мэдэгдлээ.

ОХУ гуравдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Иран Улстай хилээ хаасан бөгөөд Герман, Итали, БНСУ, Франц, БНХАУ, Иранаас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлах, өвчний тохиолдол бүртгэгдсэн бусад 87 улсаас ирсэн иргэдийг хяналтад авахаар шийдвэрлэсэн байна.

Н.Саранчимэг