ЦЕГ: Халдвар авсан франц иргэн биеэ үнэлэгчээр үйлчлүүлээгүй

Н.Алтанцэцэг / Хууль

Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор гуравдугаар сарын 2-ны өдөр Улаанбаатарт ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илрээд байгаа билээ.

Дээрх иргэнтэй хамт нэг нислэгээр ирсэн 120 гаруй зорчигч, нисэх багийн бүрэлдэхүүнийг тусгаарлан, ажиглалтад авч хүн тус бүрээс сорьц аван шинжилгээнд хамруулсан бөгөөд одоогийн байдлаар эхний 26 хүний хариу сөрөг гарсан.

COVID-19 халдвар авсан нь тогтоогдоод байгаа Франц улсын иргэнийг биеэ үнэлэгч авсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байгаа. Тухайлбал, Монголд ирснийхээ дараа хоёр биеэ үнэлэгчээр үйлчлүүлсэн гэх мэдээлэл гарсан.

Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр энэ мэдээлэлд "Франц иргэн биеэ үнэлэгч авсан нь тогтоогдоогүй. Энэ сарын 1-нээс эхлэн цахим орчинд худал мэдээлэл тараасан иргэдийг эрүүгийн хуулиар торгож байгаа. Иймд хуурамч мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсье" гэв.