БРАВО! Өргөсөн тангарагтаа үнэнч та нартаа баярлалаа

Н.Саранчимэг / Эрүүл мэнд

Дэлхийг тэр чигээр нь цочрол сандралд оруулаад байгаа энэ адармаат цаг үед өргөсөн тангарагтаа үнэнчээр хандаж, элэг нэгт монголчуудынхаа энхийн манаанд нойр хоолоо умартан зүтгэж байгаа Эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаагийн алба хаагчид, онцгойгийн онцгой ажиллагсад, хил, гааль, мэргэжлийн хяналтынхан гээд бүгдэд нь баярлалаа гэдэг үгийг дахин дахин хэлмээр байна. Нэгэнт тангараг өргөсөн юм чинь хийхгүй яадаг юм бэ гэх нэгэн байхад нийт зоныхоо төлөө зүтгэж байгаа сэтгэлийг тань ойлгож, талархсан сэтгэлээ илэрхийлэх түмэн байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй биз ээ.

Галын цэг дээрх командлагч

image

ЭМЯ-наас тогтмол хийдэг ээлжит мэдээллийн үеэр өчигдөр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Франц иргэний ойрын хавьтал 126 хүний шинжилгээний хариунаас коронавирус өвчний халдвар илрээгүйг эхэлж мэдэгдье” гэсэн. Тэгээд “Франц иргэний хувьд эмчилгээ хийгдэж байна. Давтан шинжилгээ, нарийн шинжилгээнүүдийг өнөө өглөө авсан. Хамгийн гол нь сэтгэл санаа нь тогтворгүй, санаа зовж байгаа. “Монгол Улсад халдвар тээгээд ирчихлээ. Францад ч намайг Монголд халдвар тараалаа гэх асуудал яригдаж байна" гээд санаа зовж, сэтгэл нь тавгүй байгаа. Эмчлэгч эмч нь зөвхөн хувь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй биш агаар дуслын замаар дамждаг халдвар тул тайван байхыг зөвлөж байгаа. Хүний сэтгэл санаа тайван бус байх нь дархлааг бууруулдаг. Түүнд сэтгэлээ санааны болон бусад эмчилгээг хавсарч хийнэ” гэсэн юм. Үнэндээ гуравдугаар сарын 11-ний өглөө ХӨСҮТ-д авчирсан Францын иргэнийг Д.Нямхүү захирал өөрөө сахиж хоночихоод өглөө нь ирж мэдээлэл өгч байгаа нь тэр. Энэ хүн ажлаа мэддэг, хариуцлагатай эмч хүн. “Д.Нямхүү захирлыг бүтэн нойртой хонуулах юмсан, хорио тавигдахаар үсийг нь засуулахсан” гэх коммент сошиал ертөнцөөр нисээд удаж байгаа. Тэгэхээр ХӨСҮТ-ийн захирал шинэ коронавирустэй тэмцээд бас л удаж байгаа гэсэн үг. Байлдааны бэлэн байдал гэдэг шиг аюулт өвчнөөс сэргийлэх бэлэн байдалд ороод хоёр сарын нүүр үзэж байна. Сэжигтэй тохиолдолд бүрийг ХӨСҮТ-д аваачдаг. Цар тахлын голомт Уханиас авчирсан оюутнуудаа шууд ХӨСҮТ-д аваачиж тусгаарлахад автобусыг нь тосоод л Д.Нямхүү захирал үсээ хийсгэчихсэн зогсч байсан. Тийм болохоор тэр яах аргагүй галын цэг дээрх командлагч юм. Ямар ч гэсэн ХӨСҮТ -ийн даргын явуулж буй үйл ажиллагаанд иргэд талархаж байгаа.

Вируслогчдодоо баярлалаа!

“ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн вируслогич АУ-ны магистр Ц.Наранзул, ХӨСҮТ-ийн вирүс судлалч Н.Баясгалан гэдэг энэ хоёр мундаг тархвар судлаачид ард түмнийхээ эрүүл энхийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, шинэ коронавирусын бүх шинжилгээг хийж байгаа хоёр гэнэ. Ёстой л далд фронтын дайчид ажээ.Баярлалаа! та нартаа. Халдвар та хоёроос хол байг” гэсэн талархлын үгс нүүр номоор нэг “нисч” явна.

Хэцүү цагт тэргүүн эгнээнд тэд л байдаг

Онцгой үед түргэн авч, галын цэг дээр эмч, цагдаагийнхан л эгнэн зогсдог. Жирийн бид үүнд л хэдийн дасчихаад тэгэх ёстой мэт харж хүлээж аваад сурчихсан. Бүр тангараг өргөсөн юм чинь, хийх л ёстой алба нь гэж бүр муулчлах аястай. Үнэндээ өвдөхөөрөө эмч ээ гэж, айхаараа цагдаа гэж хамгийн түрүүнд аврал эрдэг тэр хүмүүсийн нуруун дээр ачааны хүнд нь явдгийг эргээд нэг анзаараарай. Ялангуяа эмчилгээ нь олдоогүй байгаа энэ аюулт цар тахлын дуулиант өдрүүдэд, хөл хорионы үеэр цэрэг цагдаагийнхан ард иргэдийнхээ энхийн манаанд ар гэр, үр хүүхдээ умартаж, өөрийгөө золин өвлийн хүйтнийг үл ажран 24 цаг хөлөө товшин зогсохыг харах нэг талаасаа өрөвдөлтэй ч, нөгөөтэйгүүр бахархалтай санагдсан.

Хоёр ертөнцийн гүүр

Энэ бол дохионы хэлмэрч, орчуулагч С. Бямбадэлгэр. Багаасаа жүжигчин болно гэсэн мөрөөдөлтэй байсан охин Оёдлын технологич мэргэжилтэй болсон ч, дохионы хэлний хэлмэрч болохоор шийдсэн. Тэрбээр “Миний хань сонсголгүй залуу байсан. Үнэхээр сайхан залуу байсан. Энэ дохионы хэлд дурлаж, эргэлт буцалтгүй ороход миний хань маш их нөлөөлсөн. Тэр хүний үүрэг даалгавар миний амьдралд үлдсэн юм шиг санагддаг” гэсэн. Таван найзууд нийлж Монголын дохионы хэлмэрч орчуулагчдын холбоо байгуулсан бөгөөд “Сонсголгүй найз нартаа туслах юмсан, нийгэмд энэ үйлчилгээний ойлголтыг түгээх юмсан” гэсэн чин хүсэл байсан гэдгээ ч нуугаагүй. Тэдний хувьд номер нэг багш бол сонсголгүй иргэд өөрсдөө гэнэ.

2010 оны хүн ам, орон сууцны тооллогын дүнгээр Монгол Улсад 12800 сонсголгүй иргэн байна гэж тоолсон байдаг. Энэ дундаасаа идэвхтэй дохионы хэлээр харьцдаг хүмүүс нь 6000-7000 орчим аж.

“Өөрийнхөө орон зайд, хийж байгаа ямар ч ажлыг хамгийн сайнаараа хийхийг хичээх хэрэгтэй” гэсэн зарчимтай, хоёр ертөнцийн гүүр болсон дохионы хэлмэрч бүсгүйд коронавирусын талаарх цаг үеийн мэдээллийг дамжуулдаг болсноос хойш тун чиг олон хүний хүндлэл талархлыг хүлээгээд байгаа билээ. Хамгийн сүүлд л гэхэд Ховд аймгийн Мянгад сумын харьяат, залуу яруу найрагч Хиргис Ц.Отгонбаатар түүнд зориулан шүлэг тэрлэсэн нь цахим орчинд маш олон лайк цуглуулаад байна.

БУРХАНААС ИРСЭН БЭЛЭГ
Аниргүйхэн орчлонг аргадах гэж та ирээ юу
Арван хуруундаа аялгуу шингээж та төрөө юмуу
Бусдын зүрхэнд мөрөөдлийн дууг нь эгшиглүүлэх гээд
Бурханаас та бэлэг болон мэндлээ юу
Чимээгүйхэн хорвоод аялгуу нэмэх гэж та ирээ юу
Чийгтсэн сормуус арчих салхи болон сэвэлзээ юм уу
Өрөөлийн сэтгэлд хайр түгээж амьсгалахаар
Өөрөө та бэлэг болон мэндлээ юу
Инээд дутах дэлхийг хөглөх гэж та ирээ юу
Ижий хайрын совинг харцандаа гэрэлтүүлж яваа юм уу
Бүтэн биш хүмүүний амьдралыг гүйцээхээр
Бүсгүй биеэрэй та бурхан болж мэндлээ юу
Чихээрээ сонсохгүй хэн нэгнийг сэтгэлээрээ сонсог гэж
Чин зүрхэнд нь та сонор нь болон аж төрдөг юм уу
Бусдын төлөө энэ биеэ зориул хэмээнэ
Бурхан таныг элч болгон илгээгээ юу
Сэтгэл зүрхээрээ орчлонг чагнахад ямархан өнгөтэйг та л мэднэ
Сэтгэл зүрхэнд ямархан эгшигээр хорвоо аялгуулдагийг та л сонсоно
Таны нүдээр амьдрал ямархан гэгээнээр оршино вэ
Та бурханы бүтээсэн хайр юм аа