Хяналтын цэгт ажиллаж байгаа алба хаагчдыг халуун хоол, цайгаар хангаж байна

Н.Алтанцэцэг / Хууль

Хяналтын цэгүүдэд ажиллаж буй алба хаагчдыг халуун хоол, аарц, цайгаар хангаж байгаа гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас мэдээлж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын хоолны зардлыг дотооддоо зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, төсөв захирагч нарт 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 322.5 сая төгрөгийг хуваарилан олгож тусгаарлах болон хяналтын цэг, эргүүл, жижүүрийн үүргийг 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад халуун хоол цайгаар үйлчлэхийг чиглэл болгосон.

Тус албаны Хангамжийн хэлтсийн 8 алба хаагч 4 чиглэлд хуваарийн дагуу Улаанбаатар хотоос гарах, орох хөдөлгөөнд хяналт тавих 14 цэгт үүрэг гүйцэтгэж байгаа 80 алба хаагчид 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн өдөр бүр 2 удаа халуун хоол, аарц, цайг хүргэн өгч ажиллаж байна. Мөн цагдаагийн ерөнхий газрын Төв байрны цайны газарт эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд амт, чанартай төрөл бүрийн хоол, халуун аарц, цай бэлтгэн түргэн шуурхай хүргэх ажлыг зохион байгуулснаар хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын урам зориг нэмэгдэж, талархалтай хандаж байна.