БНСУ-аас тусгай нислэгээр өнөөдөр 250 иргэн ирнэ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Улсын онцгой комисс энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар Токио болон Сөүлд байгаа нэн тэргүүнд яаралтай буцах шаардлагатай буюу өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, бага насны хүүхэдтэй болон өндөр настай өөрийн иргэдээ тусгай үүргийн нислэгээр эх орон руу нь авчрахаар шийдвэрлэсэн.

Ингэхдээ БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Истанбул хотоор дамжуулан “МИАТ” компанийн онгоцоор авчирна. Өнөөдөр БНСУ-аас эхний ээлжид 250 иргэн эх орондоо ирэх юм. Тусгай үүргийн нислэг өнөөдрөөс эхлэн дараах хуваарийн дагуу үйлдэгдэнэ. Үүнд:

Өнөөдөр 07.45 цагт Улаанбаатар-Сөүл, 07.55 цагт Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн нислэгүүд хийгдэх бол гуравдугаар сарын 16-ны өдрийн 08.55 цагт Улаанбаатар-Токио чиглэлийн нислэг хийхээр бэлтгэл ажлыг хангаад байгаа юм. Дээрх орнуудаас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлаж, эмч нарын хяналтад байлгах аж.