Д.Нямхүү: Дорноговь аймгийн кэмпээс өчигдөр өглөө ирсэн 54 хүний хариу сөрөг гарсан

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, Халдвар дэлхийн 135 оронд бүртгэгдсэн. Европын орнуудад халдвар эрчимтэй тархаж байгаа бол БНХАУ, БНСУ-д халдварын тархалт буурч байна.

ЭМЯ-ны газрын дарга Я.Буянжаргал “ Нэгдүгээр сарын 9-нөөс хойш улсын хэмжээнд нийт 1328 иргэнийг тусгаарласан бөгөөд өнөөдөр 609 хүн ажиглалтад байна. 290 сэжигтэй тохиолдол байна. Бээжин, Австрали, Тайландаар зорчсон гэр бүл, Тайваниар ирсэн нэг хүн, нийт 3 хүнийг өчигдөр Дарханд тусгаарлалаа.

СӨҮЛ-УБ-ын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өнөөдөр 250 зорчигч ирнэ. 16.20 цагт нисэх буудалд бууна гэж бидэнд мэдээлсэн. Зорчигчдыг хүлээн авах бэлтгэл хангагдсан. Зөөвөрлөх унаа, түргэний машин бэлэн байгаа. Зорчигчдын ар гэрийнхэн тосох угтах зэргээр бидний ажилд хүндрэл учруулахгүй байх нь зүйтэй.

ФРАНЦ, ИТАЛИ УЛСАД ӨЧИГДРӨӨС ЭХЛЭН ХҮНСНИЙ ДЭЛГҮҮР, ЭМИЙН САНААС БУСАД ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООСОН БАЙНА

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа "Франц, Итали улсад өчигдрөөс эхлэн хүнсний дэлгүүр, эмийн санаас бусад үйл ажиллагааг зогсоосон байна. Япон улсад 15 хоногийн хугацаанд карантин тогтоосон байна. Халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор дэлхийн улс орнууд зайнаас харилцах, бие биедээ хүрэхгүй байх удирдамж гаргаж байна. Их Британи улсад 342 шинэ тохиолдол 12 нас баралт бүртгэгдлээ. АНУ-д бүх мужид шинэ коронавирусний халдвар бүртгэгдсэн.

Италийн Ламбордин мужид эрчимт эмчилгээний орны тоо хүрэлцэхгүй боллоо. Олон хоногийн эрчимт эмчилгээ хийж байгаа тул өдөрт 2-3 ор л суларч байна. Италид 3497 шинэ халдвар, 175 нас баралт бүртгэгдлээ. Японд бямба гарагт 64 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн өдөр болов" гэв.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Гуравдугаар сарын 14-ний өдрийн байдлаар коронавирусний халдвар 13 оронд шинээр бүртгэгджээ. Халдварын тохиолдол 9769-өөр нэмэгдэж, 24 цагийн дотор 438 хүн нас баржээ. Дэлхийн хэмжээнд нийт нас баралт 5393 болсон байна.

Коронавирусний халдварын гол цөм нь Европ тив болж байна. Олон нийтийг хамарсан арга хэмжээ, соёл, урлагийн арга хэмжээ, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоож, зайлшгүй хэрэгцээ шаардлага бүхий газруудыг ажиллуулж байна.

Итали, Испани, Иран гэсэн гурван улсад сүүлийн 24 цагийн байдлаар 1000-2500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдлээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас коронавирусний халдварыг эрт тодорхойлох, эрт илрүүлэхэд чиглэсэн эмчилгээний шинэ удирдамж гаргасан” гэлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Дорноговь аймгийн кэмпээс өчигдөр өглөө ирсэн 54 хүний хариу сөрөг гарлаа. Энэ бол халдвар авсан хүнтэй хамгийн ойр байсан хүмүүс юм. Үүгээр нэгдүгээр хавьтагч болсон нийт 269 хүний шинжилгээний хариу сөрөг гарч, хавьтлуудыг бүрэн хяналтдаа авсан” гэлээ