Т.Бадрал: Гадны улсын иргэдийг хүлээж авахгүй

Н.Алтанцэцэг / Нийгэм

Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Улсын онцгой комиссын шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн: МИАТ ТӨХК-ийн тусгай үүргийн онгоцоор БНСУ-аас ирсэн иргэдийн хүлээн авах, хуваарилан байруулах ажлыг хоёр цагийн хугацаанд зохион байгууллаа. Өнөөдөр өглөө Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор мөн иргэдийн эх оронд нь авчирлаа. Энэхүү онгоцоор Берлинээс 93, Москвагаас 138 иргэн ирсэн байна. Иргэдийг одоогоор үзлэг оруулж байна. Түүнчлэн өнөөдөр өглөө Япон улс руу тусгай үүргийн онгоц хөөрсөн.

ОБЕГ-ын дарга Т.Бадрал "Шуурхай штаб дээр ажиллаж буй баг төлөвлөгөөний дагуу ажилласаар байна. Гадаадад байгаа монголчуудаа татаж авах ажлыг үргэлжүүлж байна. Өнөөдөр нэг онгоц бууна. 18-нд Туркийн Истанбулаас нэг онгоц хүлээж авна.

Одоо цаг үе ярвигтай нөхцөл байдалд шилжиж байх шиг байна. Өвчний халдвар бүртгэгдсэн улсын тоо 150 болчихлоо. Испанид л гэхэд 46 хүн гэрийн хорионд орсон байна. АНУ гадаадын иргэдийг авахгүйгээс гадна өөрсдийнхөө иргэдийг авахгүй гэдгээ зарласан гэх мэт гадны улсууд хариу арга хэмжээгээ авч ажиллаж байна.

Монгол Улсын хувьд нөхцөл байдал ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Цаашид бид олон удаа онгоц хүлээж авахад их төвөгтэй болж байна.

Иймд энэ цаг үеэс эхлэн гаднын улсын иргэдийг хүлээж авахгүй гэдгээ хэлье. Гадаадад нөхцөл байдал хүнд боллоо. Тэр дундаа Европт нөхцөл байдал хүндэрч байна. Тэр хэмжээгээр бидний эрсдэл өдрөөс өдөрт нэмэгдэж буйг та бүхэн мэдэж байгаа” гэлээ.