Ч.Чимэдбат: Орон нутгийн чиглэлийн замд хурд хэмжигч тавьсан

Н.Алтанцэцэг / Хууль

Улс, хотын хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өчигдөр өглөөний 07.00 цагаас нээгээд байна. Үүнтэй холбоотойгоор шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдээр нэвтрэх зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор Зорчигчийн асуумжийн хуудас-аар судалгаа авсан. Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбаттай ярилцлаа.

-Улс, хотын хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өчигдөр нээсэн. Замын ачаалал ямар байв?

-Нийслэл хотоос орон нутгийн чиглэлийн замын ачаалал бага зэрэг нэмэгдлээ. Ойролцоогоор 100 орчим тээврийн хэрэгсэл орон нутгийг чиглэж, Сонгинохайрхан дүүргийн Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтэрсэн. Эдгээр тээврийн хэрэгсэл бүгдийг нь бүртгэлжүүлж, эрүүл мэндийн үзлэгт хамруулаад байна. Цагдаагийн байгууллага тээврийн хэрэгслийн бичиг баримтыг нь шалгаж, нэвтрүүлсэн байгаа. Өчигдөр оройны байдлаар хоёр талаасаа хөдөлгөөн хэвийн үргэлжилсэн. Хөдөлгөөний ачаалал байгаа боловч дараалал үүсгэсэн зүйл байхгүй. Ер нь машин тасрахгүй орж гарч байгаа.

-Орон нутгаас хот руу чиглэсэн хөдөлгөөн ямар байна?

-Ер нь орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн өглөөгүүр их байсан. Харин оройхондоо нийслэл рүү орж байгаа хөдөлгөөн нэмэгдсэн. Гэхдээ товчоон дээр ачаалал үүссэн зүйл байхгүй. 22-ын товчоо 12 хаалттай. Үүнээс 5-6 хаалтыг нээж хөдөлгөөнийг хэвийн журмаар явуулсан.

-22 ын товчоон дээр нийтдээ хэдэн алба хаагч ажилласан бэ?

-Товчоон дээр эмнэлгийн 43 ажилтан, онцгой байдал болон цагдаагаас 15, мэргэжлийн хяналтаас хоёр хүн ажиллаж байгаа. Нийтдээ 74 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Орон нутгийн чиглэлийн зам дээр Тээврийн цагдаагийн албанаас 500 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа. Нийслэл дүүргийг тойрсон есөн цэгт дунджаар 7-8 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

-Хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар ямар нэгэн зөрчил гаргаж байна уу?

-Орж байгаа жолооч нар хурд хэтрүүлэх төлөвтэй байна. Иймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч зөөврийн хурд хэмжигчийг Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны нутаг дэвсгэр, Атар, Лүн болон орон нутгийн замд тавьсан. Мөн зүүн чиглэлийн замд зөөврийн хурд хэмжигчийг ойр ойрхон байрлуулж хяналт тавьж байгаа. Ер нь тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлбэл хуулийн дагуу эрхийг хүчингүй болгох арга хэмжээ авна.

-Хурд хэтрүүлсэн зөрчил хэр гарсан вэ?

-Нийслэл хотоос баруун тийшээ гарлаа гэхэд дараагийн постод давхар бүртгэлжүүлээд явна. Постууд хоорондоо байнгын холбоотой байгаа учраас иргэдийн мэдээллийг цаг тутамд бүртгэлжүүлэн ажиллаж байна. Мөн өмнөх удаад хүүхдийг буруу тээвэрлэсэн зөрчил их гарч байсан. Тэгэхээр зөрчлийг газар дээр нь арилгаад явна. Орон нутгийн замд тавьсан хурд хэмжигчээр хурдыг хэмжинэ. Хурд хэтрүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 50-иас дээш хувиар хэтрүүлэх юм бол эрхийг нь хасах арга хэмжээг газар дээр нь шуурхай авч хэрэгжүүлж байна. Тэгэхээр жолооч нар 1-2 минут хүлээхийн хооронд хурд хэтрүүлэх, бусдад эрсдэл учруулах зэргийг анхаарч хөдөлгөөнд оролцох шаардлагатай.

-Зам хаасан хугацаанд зам тээврийн осол хэр бүртгэгдэв?

-Зам хаасан хугацаанд ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй. Өмнөх зам хаасан нөхцөлд зам тээврийн осол хэрэг буурсан үзүүлэлттэй байсан.

-Товчоогоор гарч, орж байгаа иргэдээр санамж бөглүүлж байгаа. Санамж бөглүүлэхэд ямар нэгэн ачаалал үүсч байна уу?

-Ачаалал үүсэхгүй байгаа. Цагийн дотор 100 орчим тээврийн хэрэгсэл орж гарч байгаа.

-Зам хаасан хугацаанд хулгайн замаар зорчсон зөрчил бүртгэгдэв үү?

-Зам хааснаас хойш хулгайн замаар хөдөлгөөнд оролцсон цөөн зөрчил илэрсэн. Иймээс Зөрчлийн тухай хуулийн 5.13-т заасны дагуу тэдгээр жолоочид 150 нэгжээр торгох арга хэмжээ авсан. Цагдаагийн байгууллага нийслэлээс гарч буй есөн цэг дээр хяналт тавихаас гадна бусад тээврийн хэрэгсэл явах боломжтой шороон замуудад давхар хяналт тавин ажиллаж байна. Мөн жолооч нарын хөдөлгөөнд оролцох байдлыг камераар хянаж байна. Тэгэхээр ямарваа нэгэн байдлаар бусдад аюул саад учруулахгүй замын хөдөлгөөнд оролцох нь чухал.