Ө.Энхтүвшин: Халдвар авсан иргэнээ эдгээх, халдварыг тархаахгүй байхад онцгой анхаарч байна

Н.Алтанцэцэг / Улстөр

УОК-ын дарга Ө.Энхтүвшин “УОК-ын 12 дугаар хуралдаан хуралдлаа. Шинэ нөхцөл байдлын талаар мэдээлэл авлаа. Нөхцөл байдлыг сонслоо. Баян-Өлгий аймагтай цахимаар холбогдож мэдээлэл авлаа. Казахстанаас оюутнууд ихээр ирж байгаатай холбоотойгоор олон хүнийг тусгаарласан байна. Баян-Өлгий аймагт 190 гаруй хүнийг ажиглалтад байлгаж байна.

Францын иргэний биеийн байдал хэвийн байна. Хавьтагч нар нь эрүүл гарсан. Францаас иргэнээ авья гэдэг хүсэлт тавьсан ч манай эмч нар тухайн иргэнийг Монголдоо эмчлээд явуулах бодолтой байна. Тиймээс шаардлагатай эмчилгээг хийж байгаа.

Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатарчиглэлийн тусгай үүргийн онгоцоор энэ сарын 15-нд ирсэн гурван иргэнээс халдвар илэрсэн. Сайтар нягтлах үүргийг өгч ажилласан. Халдвар авсан нь нотлогдсон. Бид үүргээ биелүүлж Монгол Улсын иргэнээ эх оронд нь авчрах ёстой. Бид 700 гаруй иргэнийг эх оронд нь авчирж, тусгаарлаад байна. Халдвар авсан иргэнээ эдгээх, халдварыг тархаахгүй байхад онцгой анхаарч байна. Бид нөхцөл байдлыг тооцоолж байсан. Өмнөх Франц иргэн шиг орон нутаг руу халдвар авсан иргэний хавьтагч нь явчихав уу, хаана байна гэх асуудал байхгүй. Халдвар авсан иргэнтэй хамт ирсэн иргэд нь тодорхой юм. Бүгдийг нь тусгаарлалтад авсан.

Энэ халдвар авсан гурван хүн нь Монгол Улсын иргэд байна. Тиймээс ар гэрийнх нь тухай мэдээлэл гаргахгүй байх тал дээр анхаараарай. Мөн коронавирустэй холбоотойгоор улс төрчсөн үйл ажиллагаа явуулах, худал ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсэж байна. Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 30-н хүртэл зогсоосон. Үүнийг цааш нь үргэлжлүүлэх үү үгүй юу гэдгийг БСШУЯ-наас оруулж ирнэ. Энэ асуудлыг яаралтай шийдэхийг холбогдох яаманд өгсөн” гэв.