Сургууль цэцэрлэгийн хориог сунгах уу?

Н.Саранчимэг / Боловсрол

Эд хөрөнгөө алдвал багыг алдсанд тооц
Эрхэм нэрээ алдвал ихийг алдсанд тооц
Эрүүл мэндээ алдвал бүхнийг алдсанд тооц

Энэ ишлэл орой руу орсон цаг үе монголчуудад тулж ирээд байна. Монгол Улсын гурван иргэн КОВИД-19 шинэ төрлийн коронавирусын халдвар зөөвөрлөн ирсэн нөхцөл байдалтай нүүр тулсан үед буюу өчигдөр Улсын Онцгой комисс хуралдсан. Хэлэлцсэн асуудлынхаа талаар Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин мэдээлэл хийхдээ “Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор энэ сарын 15-нд ирсэн гурван иргэнээс халдвар илэрсэн. Сайтар нягтлах үүргийг өгч ажилласан. Халдвар авсан нь нотлогдсон. Бид үүргээ биелүүлж, Монгол Улсын иргэнээ эх оронд нь авчрах ёстой. Бид 700 гаруй иргэнийг эх орондоо авчирч, тусгаарлаад байна. Халдвар авсан иргэнээ эдгээх, халдварыг тархаахгүй байхад онцгой анхаарч байна. Нөхцөл байдлыг тооцоолж байсан. Өмнөх Франц иргэн шиг орон нутаг руу халдвар авсан иргэний хавьтагч нь явчихав уу, хаана байна гэх асуудал байхгүй. Халдвар авсан иргэнтэй хамт ирсэн иргэд нь тодорхой юм. Бүгдийг нь тусгаарлалтад авсан” гэсэн.

УОК-ын дарга Ө.Энхтүвшингийн энэ үгнээс дүгнэхэд үүргийнхээ дагуу иргэдээ эх орондоо авчрахад шинэ коронавирусын халдвар тээгээд ирэх өндөр магадлалтайг хүлээн зөвшөөрч “нөхцөл байдлыг тооцоолж байсан” байна. Нэгэнт нөхцөл байдлыг тооцоолж байсан юм чинь дараачийн хийх алхмаа ч тооцоолсон байж таарна. Энэ бол жирийн нэгний үг биш, УОК-ын даргын үг болохоор албан ёсных гэж ойлгож болно.

Хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гаргах шалтгаан одоогоор байхгүй

Энэ үгийг бас УОК-ын дарга хэлсэн. Тэрбээр "Монгол Улсад шинэ коронавирусын халдварын анхны тохиолдол бүртгэгдэхэд халдварыг орон нутагт тархаахгүй байх үүднээс хот хоорондын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон юм. Одоогийн байдлаар Баян-Өлгий аймгаас бусад бүх газарт хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гаргах шалтгаан одоогоор байхгүй гэж үзэж байна. Олон улсын нислэгийг гуравдугаар сарын 28-ныг хүртэл зогсоосон. Үүнийг цааш нь сунгах уу, үгүй гэдгийг Улсын онцгой комиссын дараагийн хурлаар шийднэ" гэж мэдэгдсэн.

Харин түүний мэдэгдлээс хойш ердөө дөрвөн цагийн дараа Монгол Улсад COVID-19-ийн тав дахь тохиолдол илэрснийг албан ёсоор зарлалаа. 2020 оны гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэйгээс коронавирусын халдвар илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн ТАВ дахь тохиолдол болж байна. Тухайн иргэн нь Италиас ирсэн Монгол Улсын иргэн. Лабораторийн шинжилгээгээр коронавирус илэрсэн нь тогтоогдсон. Өчигдөр бүртгэгдсэн нь тогтоогдсон зорчигчоос тухайн иргэн нь хол суусан буюу ойрын хавьтал биш гэж үзэж байгаа" гэж ЭМЯ-наас мэдээлсэн.

Ийм нөхцөлд сургууль цэцэрлэгийн хориог сунгах нь зөв

Ийм нөхцөлд бидний өмнө тулгараад байгаа том асуудал бол сургууль, цэцэрлэгийн карантиний тухай асуудал юм. УОК-ын шийдвэрээр сургууль цэцэрлэгийн үйл ажилагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл зогсоосон байгаа. Үүнийг цааш нь үргэлжлүүлэх үү үгүй юу гэдгийг БСШУЯ шийдэх гэнэ. Энэ талаар Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин "Сургууль цэцэрлэгийн хөл хориог үргэлжлүүлэх эсэх асуудалд Ё.Баатарбилэг сайдад хурдан шийд гэсэн үүрэг өгсөн. Хөл хориог цааш үргэлжлүүлэх үү, үгүй юу гэдэг асуудлыг БСШУСЯ-наас оруулж ирнэ" гэсэн хариулт өгсөн. Шинэ коронавирусын тав дахь тохиолдол илэрчихээд байхад “Хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гаргах шалтгаан одоогоор байхгүй” гэж мэдэгдэж байгаа УОК-ын дарга энэ сарын 30-наар хөл хориог зогсоогоод сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж мэдэх нь. Тэгвэл энэ цаг үед үр хүүхдээ эрсдэлд оруулахыг эцэг эхчүүд зөвшөөрөхгүй. Аминаас тасарсан амиа агаар дуслын замаар тархах аюулт өвчинд нэрвүүлэхийг хүсэх нэг ч аав, ээж байхгүй. Дэрхийн хаана ч тийм л байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хөл хориог сунгах нь зөв гэсэн өнцгөөр АНУ онцгой байдал зарласан, дэлхийн хөгжилтэй орнууд шинэ коронавирусын өмнө хүчин мөхөсдөж, ард түмэн нь уйлж байна. Тийм болохоор цаг үеэ мэдэрч, сургууль цэцэрлэгийн хориог сунгах нь зөв. Дахиад нэг сануулчихъя.”Эрүүл мэндээ алдвал бүхнийг алдсанд тооцгэж.