Тусгаарлах байранд байгаа хүмүүст 10.00-16.00 цагийн хооронд нэг удаа эргэлт оруулахаар болжээ

Н.Алтанцэцэг / Нийслэл

Улсын онцгой комиссын штабаас мэдээлэл хийж байна. УОК-ын шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн "Цар тахлаас сэргийлэх стратеги төлөвлөгөөг Улсын онцгой комиссын шуурхай штабаас боловсруулж дууслаа.Тусгай үүргийн нислэгээр гадаад улсаас нийт 986 иргэнийг авчирлаа. Дөрөв дэх удаагийн тусгай нислэг буюу Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц өнгөрсөн шөнө 01:00 цагт буусан. Нислэгээр ирсэн 252 иргэн болон нисэх багийн 15 хүн буюу нийт 267 хүнийг хүлээн авч биеийн байдлыг хянаж, тусгаарлах байранд хуваарилан байрлуулах ажиллагааг үүрийн 04:00 цаг хүртэл хийж гүйцэтгэлээ.

Мөн 11 боомтоор 557 тээврийн хэрэгслээр орж ирсэн 332 монгол иргэнийг тусгаарлаад байна. Тусгаарлах байранд байгаа иргэдийн санал хүсэлтийг үндэслэн 10:00-16:00 цагийн хооронд тусгаарлах байранд байгаа иргэдэд эргэлт оруулахаар боллоо. Эргэлтээр оо сойз, ариун цэвэр, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг оруулна" гэлээ.

ӨНӨӨДӨР ӨГЛӨӨНИЙ БАЙДЛААР ТУСГААРЛАХ БАЙРТАЙ ХОЛБООТОЙ 225 ДУУДЛАГА ГАДНААС ИРСЭН

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэдийг агаарын хөлөг дотор нүүрийг нь хараад штамбыг нь дарж амжихгүй байгаа учраас паспортыг нэгдсэн журмаар хурааж авсан. Дараа нь тусгаарлах байрны төлбөрөө төлсөн хүмүүст паспортыг нь олгоно. Төлбөрөө төлөөгүйгээс үүдэн амралт сувиллын газрууд дараагийн хүмүүсээ хүлээн авч чадахгүйд хүрээд байна. Дөрвөн улсаас ирсэн 900 гаруй хүмүүс дотор тусгаарлах байрны төлбөрөө төлсөн иргэд харилцан адилгүй л байна.

Тухайлбал, “Амар” зочид буудалд байрлаж байгаа хүмүүсийн тал нь төлбөрөө төлөөгүй. Нэр усыг нь гаргаад шаардлагаа тавиад байгаа ч ямар нэмэр алга. Мөн “Бага баян” амралтын газар өмнө нь тусгаарлагдаж байсан хүмүүс төлбөрөө төлөөгүй гараад явсан учраас дараагийн хүмүүсийг хүлээж авахад хүндрэл үүсч байна.

Ар гэр рүү нь төлбөрөө төлөх санамж хуудас явуулж байгаа ч төлөхгүй байна. Уг нь төр засгаас гарсан шийдвэрийг бүгд дагах ёстой. Өнөөдөр өглөөний байдлаар тусгаарлах байртай холбоотой 225 дуудлага гаднаас ирсэн. Хоол хүнсний хүрэлцээ муу, эргэлт оруулахгүй гэх хүндрэл бэрхшээл байгаа гэдгийг ойлгож байна. Бүх зүйл сайхан болж байгаа мэт худлаа ярьж чадахгүй. Зорчигчдын ачааг бид 14 хоног каргод байрлуулж байгаа.Учир нь мэргэжлийн байгууллагаас иргэдийн ачааг тодорхой хугацаанд байрлуулж вирусийг устгах зөвлөмж өгч байгаа. Гэтэл иргэдийн зүгээс карго дотор байгаа бараанаас юм авмаар байна гэдэг хүсэлт их тавих юм.

Нэгэнт халдвар хамгааллын дэглэм сахиж байгаа бол бүгд л сахиулах ёстой. Найз, нөхөд хамаатан садан дарга цэргээрээ яриулаад байна. Ийм зүйлийг хүлээж авахгүй. Ер нь аливаа ажлыг зохион байгуулж байхад дундуур нь орж ирээд элдэв асуудал үүсгээд таньж мэддэг хүнээрээ даргаараа яриулдгаа болих хэрэгтэй.

Өнөөдрийн 10.00-16.00 цагийн хооронд тусгаарлах байранд байгаа хүмүүст нэг удаа эргэлт оруулахаар болсон. Эргэлт оруулах эд зүйлсийн жагсаалтыг шуурхай штабаас гаргаад өчигдөр цагдаагийн байгууллагад албан ёсоор өгсөн.

Хэдийгээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хэлбэрт шилжсэн ч гэсэн тусгаарлалтад байгаа хүмүүс шаардлагатай эд зүйлийг нь оруулна. Гэхдээ зах замбараагүй байдал үүсгэхгүй байх ёстой. Эргэлтээр ирж байгаа хүмүүс ууттай зүйлээ зөөж гүйгээд байх шаардлагагүй. Дундын зай гэдэг цэг гаргасан байгаа. Тэр цэгт эргэлтээр авчирсан зүйлээ гялгар уутанд хийгээд, тухайн хүнийхээ овог нэрийг бичээд тусгай хүмүүсээр өгүүлнэ. Үүнээс гадна тусгаарлагдсан хүмүүсээс их хэл ам гарч байна. Хоол унд хүрэлцэхгүй үе байгаа гэдгийг би үгүйсгэхгүй” гэв.