Г.Нэргүй: Шар усны үерийн эрсдэлд орох зөвшөөрөлгүй бүсэд буусан 3000 орчим айл өрх байна

Н.Алтанцэцэг / Нийслэл

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйтэй ярилцлаа.

-Дулаараад цас мөс хайж байгаа учраас шар усны үер болох эрсдэлтэй байна. Нийслэлийн хэмжээнд үерийн далан дагуу буусан айл өрхүүд хэчнээн байна вэ?

-Цаг агаар дулаарч уулс болон жалга, суваг шуудуу гол мөрөнгийн мөс цас хайлж байна. Нийслэлийн зарим гэр хорооллын нутаг дэвсгэрт хөрсний ус гарах, айл өрх гудамж талбай усанд автах, зэргээр шар усны үерийн эрсдэл өндөр байгаа. Нийслэлийн хэмжээнд шар усны үерийн эрсдэлд орох зөвшөөрөлгүй бүсэд буусан 3000 орчим айл өрх байна. Үүний ихэнх нь Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт байгаа юм. Ихэвчлэн хөдөө орон нутгаас шилжиж ирсэн иргэд зөвшөөрөлгүй буусан айл өрхүүд байгаа. Шар усны үерийн эрсдэл маш өндөр байгаа учраас Захирагчийн ажлын алба, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч усны халиа үүсэх эрсдэл бүхий гудамжны цасыг зөөвөрлөх, далан шуудууг цэвэрлэж, усыг урсахад чөлөөтэй болох ажлыг шат дараатай хийж байна. Мөн Туул, Тэрэлж гол болон дөрвөн уулын цас хайлж шар усны үер үүсэх эрсдэлтэй байгаа учраас томоохон гол, гуу жалганаас хол суурьших, нүүх болон бусад арга хэмжээг авах талаар анхааруулга өгч эхлээд байна.

image

ДАЛАН ДАГУУ БУУСАН АЙЛ ӨРХҮҮДЭД ШААРДЛАГА ТАВИХААР ЗӨРЧИЛ МАРГААН ҮҮСДЭГ

-Ер нь үерийн далан дагуу буусан айл өрхүүдийг нүүлгэх боломж байгаа юу. Иргэдийн хувьд тавьсан шаардлагыг хэр биелүүлж байна вэ?

-Гамшгийн эрсдэлийн бүсэд оршин сууж байгаа иргэдэд сануулга зөвлөмжийг өгч байгаа. Харин нүүлгэн шилжүүлэх эрх бидэнд байхгүй. Нүүлгэн шилжүүлэх эрх бүхий газар нь газрын алба юм. Мэргэжлийн хяналтын байгууллага үерийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдэд хяналт тавих зөрчлийг нь арилгуулах ёстой. Үерийн далан дагуу буусан айл өрхүүдэд шаардлага тавихаар маш их зөрчил маргаан үүсдэг. Иймээс цогцоор шийдэх хэрэгтэй. Хөдөө орон нутгаас ирж байгаа иргэдийг тусгай суурьшлын бүсийг зориулж гаргаж өгөхгүй бол иргэд өөрсдийнхөө дураар эрсдэлтэй газарт бууж байна.

-Шар усны үерээс болж янз бүрийн халдвар өвчин гаргах эрсдэлтэй. Энэ эрсдэлээс хамгаалж ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Шар усны үер гэр хорооллын гудамж талбайн болон нүхэн жорлонд орох юм бол халдварт өвчин үүсгэх магадал маш өндөр. Иймээс хаврын улиралд нийслэлийн захирагчийн ажлын албанаас ариутгал халдваргүйжилтийг зохион байгуулж, гудамж талбайг цэвэрлэж байгаа. Мөн шинэ төрлийн коронавирусын халдвар маш өндөр байгаа учраас олон нийтийн үйлчилгээний газруудын орох гарах гарц, шатны бариул, хогны сав зэрэг бохирдол ихтэй цэгүүдийг хоёр цаг тутамд цэвэрлэж байгаа.

Мөн тээврийн хэрэгслийн зорчих хэсэг, явган хүний гудамж талбайд ариутгал хийж байна. Ер нь өрөө тасалгаанд нойтон цэвэрлэгээг гурван цаг тутамд хийх ёстой. Мөн Сонгинохайрхан дүүргийн 21 хороо буюу Баруунтуруун, Хан-Уул дүүргийн 14 хороо Хөндлөн уулын ард нийслэлийн хөрөнгө оруулалтаар ариутгалын хяналтын цэгийн бүтээн байгуулалт 70 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна. Тусгай хуваарийн дагуу 70 гаруй байгууллагын 700 алба хаагч эргүүл хийж байгаа.

ОН ГАРСНААС ХОЙШ НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ 556 ГАМШИГ ОСЛЫН ДУУДЛАГА ИРСЭН

-Дулааны улиралд шар усны үерээс гадна түймэр бас нэлээд гардаг. Ахуйн түймрийн дуудлага хэр ирж байна вэ?

- Он гарснаас хойш нийслэлийн онцгой байдлын газарт 556 гамшиг ослын дуудлага ирсэн. Үүний 500 нь объектын гал түймрийн дуудлага байгаа. Өнжмөл өвс шатаасан дуудлага 10 орчим ирсэн байгаа. Өнгөрсөн жил өнжмөл өвс шатаасны улмаас Богд уулын Богины ам, Гоодойн аманд 10 гаруй айлын байшин шатсан. Ойн ногоон бүсэд хохирол учирсан. Хаврын хуурайшилттай үед ногоон бүс рүү зорчихыг хориглож, ил задгай гал түлэхийг хориглосон байдаг. Иймээс өнжмөл өвсийг шатааж болохгүй. Үнс нурмаа зориулалтын тагтай саванд хийх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх хэрэгтэй. Мөн цахилгааны аюулгүй байдлыг хангаж, хуучирсан цахилгааны утсыг шинэчилж, шаардлага хангаагүй цахилгаан хэрэгсэл хэрэглэхгүй байх. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад объектын гал түймрийн дуудлага 34 хувиар буурсан байгаа.

Өнгөрсөн оны аравдугаар сараас эхэлж сайжруулсан шахам түлшний хэрэглээг иргэдэд нэвтрүүлж эхэлсэнтэй холбогдуулж, нийслэлийн төр захиргааны алба хаагчид 2-3 удаа гэр хороололд айл өрхүүдээр орж пийшин зуухны галлагаа зөвлөмжийг хүргүүлж ажилласан. Энэ нь үр дүнгээ өгч байгаа. Объектын гал түймэр цахилгааны аюулгүй байдал, пийшин зуухны галлагаатай холбоотой байдаг.

-Одоо дулаарч байгаа учраас гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа багасгаж, угаартах асуудал гайгүй болж байгаа байх?

-Урин дулаан цаг ирэхээр иргэд угаартахгүй гэж тайвширдаг. Угаартаж байгаа тохиолдол бүртгэгдэж байгаа. Өнгөрсөн гурван хоногийн байдлаар 12 өрхийн 50 орчин иргэн угаартсан. Мөн өнгөрсөн бямба гарагт Баянзүрх дүүрэгт 59 настай эмэгтэй угаартсан байгаа. Иймээс угаарын эрсдэл гарсаар байгаа. Хавар намрын үед угаарын дуудлага ихэсдэг талтай. Учир нь гадна дотнын агаарын температуртай холбоотой байдаг. Иймээс галлагаанд дээр анхаарч бага насны хүүхдээр галлагаа хийлгэхгүй байх хэрэгтэй.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:08:19

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:08:19


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.