12 хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийн  ажлын цагийг хорогдуулах шийдвэрийг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгалаа 

Ц.Анударь / Нийслэл

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдрөөс эхлэн долоо хоног бүр цахимаар мэдээлэл өгөхөөр болсон билээ. Өнөөдөр хийсэн анхны мэдээллийнхээ үеэр тэрбээр “12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах тухай” А/268 тоот захирамжийн үйлчлэх хугацаа буюу 0-12 нас хүртэлх хүүхэдтэй эхчүүд болон мөн насны хүүхэдтэй ганц бие эцгүүдийн өдөр тутмын ажлын цагаас 1 цагийг хорогдуулах шийдвэрийг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгаж буй талаар мэдээллээ.

Цэцэрлэг, сургуульд хөл хорио тогтоосонтой холбоотойгоор эцэг эхчүүд нь бага насны хүүхдүүдээ орхиж ажлаа эрхлэх болсноор гэртээ үлдэж байгаа хүүхэд багачууд аливаа эрсдэлд өртөж болзошгүй байдал үүсэж байгаа тул дээр дурдсан ажилтнуудын ажлын цагаас 1 цагийг хорогдуулах, тус захирамжид хамаарах ажилтны албан үүргийн зохицуулалтыг зохион байгуулж, байгууллагын хэвийн ажиллагааг хангах, тухайн ажилтны цалин хөлсийг бүтэн ажилласанд тооцож олгохыг дээр дурьдсан нийслэлийн харьяа байгууллагын удирдлагуудад зөвшөөрөн ажиллахыг үүрэг болголоо.