Австрали ажлын байраа алдсан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Aдмин / Гадаад мэдээ

Цар тахлын улмаас ажлын байраа алдсан иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газар 78 тэрбум ам.доллар гаргана гэж Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгджээ.

С.Моррисоны мэдэгдсэнээр, 130 тэрбум австрали долларын санхүүгийн нэмэлт багц гаргах нь ажлын байраа хадгалан авч үлдэх боломжийг хөдөлмөр эрхлэгчдэд олгохоос гадна “COVID-19”-ын улмаас тогтоосон хязгаарлалт цуцлагдсаны дараа ажилтнуудаа эргүүлэн авах боломжийг ажил олгогчдод олгох юм гэжээ.

“Одоо л мөнгө зарцуулах цаг. Бидний амьдралд урьд өмнө нь ийм зүйл тохиож байгаагүй бөгөөд бид вирустэй болон түүнээс үүдэлтэй эдийн засгийн хор уршигтай тэмцэж байна” хэмээн Австралийн Ерөнхий сайд онцлон тэмдэглэжээ.

Цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор хязгаарлалтын арга хэмжээ авсны улмаас ажлаа алдсан бүх иргэнд нэмэлт санхүүгийн тусламж үзүүлснээр иргэд 6 сарын хугацаанд сарын дундаж цалин 3 мянган австрали долларыг авахаар болж байгаа аж.

Одоогоор Австралид коронавирусний халдварын 4203 тохиолдол бүртгэгдээд байгаа бол 17 хүн нас баржээ. Тус улсад халдвар авсан 244 хүн эдгэрсэн байна.

Эх сурвалж: Монцамэ