Д.Нямхүү: ОХУ-аас ирээд тусгаарлагдаж байсан нэг иргэнээс коронавирус илэрлээ

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

COVID-19-ийн талаар эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхий дээр 2 сая гаруй хүн халдвар авч, хагас сая гаруй хүн эдгэрлээ. Өвчлөлийн хувьд Франц, Испани, Итали, Турк улсад өндөр идэвхтэй байна. БНХАУ-д өнгөрсөн 24 цагт шинээр 34 хүн халдвар авснаас 30 нь ОХУ-аас иржээ. ОХУ-д өвчлөл өндөр байна. Сүүлийн үед 18-45 насныхан халдвараар өвчилж байна. Гэрийн дэглэмд байсан 200 гаруй хүнийг эмнэлэгт хэвтүүлжээ.
Манай улсад 1669 хүн ажиглалтад байна. 119 дугаар 198 дуудлага ирснээс хуурамч дуудлага 40 ирсэн.

АЛТАНБУЛАГ БООМТОД АЖИЛЛААД ИРСЭН ЭМЧ, АЖИЛТАН, ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРЫН 44 ХҮНД ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ”2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр 84 хүнд шинжилгээ хийлээ. Алтанбулаг боомтод ажиллаад ирсэн эмч, ажилтан, тээврийн жолооч нарын 44 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Харин ОХУ-аас ирээд "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан нэг иргэнээс коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсад 31 дэх тохиолдол бүртгэгдлээ. Батлагдсан 31 тохиолдлын тав нь эдгэрч эмнэлгээс гарсан бол үлдсэн 26 хүн нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Сонгдо эмнэлгээс ирсэн хоёр хүний цусны ийлдсэнд эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийхэд эсрэг бие илрээгүй. Тэгэхээр энэ хүмүүс коронавирусийн халдвар аваагүй гэдэг нь тогтоогдсон. Эрүүлжиж эмнэлгээс гарсан 5 хүний ийлдсэн дахин шинжилгээ хийхэд нэг хүний ийлдсээс эсрэг бие илэрсэн. Бид тандалт, эмчилгээнээс гадна судалгаа шинжилгээний ажлын үргэлжлүүлэх хийсээр байна” гэв.