Д.Эрдэнэбат: Цар тахалын үед дорвитой арга хэмжээ авахгүй бол эдийн засаг элгээрээ хэвтэнэ

Ц.Анударь / Улстөр

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Улсын төсөв 300 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай байна

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: "Улс оронд үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдал, түүнийг яаж даван туулах талаар хийгдэж байгаа ажлын хэмжээний талаар бидний байр суурийг дахин нягтлах шаардлагатай гэж үзэж байна. Экспортын бүтээгдэхүүний борлуулалт сүүлийн хоёр сар огцом тасарч, төсвийн орлого бүрдүүлэх нөхцөл байдал улам хүндэрч байгааг эрх баригчид төдийлөн ярихгүй байна. Ялангуяа нүүрсний борлуулалт өнөөдрийг хүртэл жигдэрч чадаагүй. Гарч байгаа машины тоо хэмжээ, экспортын тоо хэмжээ нэмэгдэх найдвартай хандлага байхгүй байгааг анхааруулж байна. Улсын төсөв 300 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Цар тахалын үед аж ахуйн байгууллагууд шар махтайгаа хатаж байна. Үүн дээр анхаарч, дорвитой арга хэмжээ авахгүй бол эдийн засаг элгээрээ хэвтэнэ. Тариалан эрхлэлт, хөдөө аж ахуйг дэмжих 150 тэрбум төгрөгийн асуудлыг яаралтай шийдэхгүй бол тариаланчид бас хүнд байдал орж байна.

Бид тайвширч болохгүй. Засгийн газраас зарим амралтын газар, фитнесийн үйл ажиллагааг сэргээх талаар хэлэлцэж байгаа аж. Үүнийг сайтар бодолцох хэрэгтэй.

Ардчилсан намаас гадаадад байгаа иргэдэд 500 ам.долларын тэтгэмж олгох санаачлагыг гаргасан. Оросоос ирсэн 13 оюутнаас коронавирус илэрсэн нь гадаадад байгаа оюутнууд ямар эрсдэлтэй, хүнд нөхцөл байдалд амьдарч байгааг харуулсан тод жишээ болсон.

Сөрөг үр дагавар үүсвэл Засгийн газар болон Засгийн газрын тэргүүн хариуцлага хүлээнэ шүү гэдгийг хатуу сануулж байна" гэв.

Ардчилсан намын зөвлөлөөс УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Үүнд:

  • Эрүүл мэндийн зардлын төсвийг тусгайлан баталж, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжих, уушиг амьсгалын замын эрүүл эмнэлгийн тоног төхөөрөмжийг хангалтыг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэн сургах, тэдэнд дэмжлэг үзүүлэх багц санхүүжилтыг хэлэлцэх
  • Гадаадад байгаа оюутнуудад яаралтай дэмжлэг үзүүлэх санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх,
  • Цар тахлын улмаас ажлын байраа алдсан иргэдэд сар бүр амьжиргааны доод түвшингээс багагүй хэмжээний санхүүгийн дэмжлэг төрөөс үзүүлэх
  • Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэдийн үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэх
  • Үр ашиггүй зардал болон хөрөнгө оруулалтыг танах
  • УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх 5 багц 38 арга хэмжээ бүхий тогтоолын төсөлд Засгийн газар яаралтай санал дүгнэлтээ өгч УИХ-аар хэлэлцэх зэрэг долоон шаардлага багтаж байгаа аж.