УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.04.16/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.14 цагт эхэлж, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүд нэгдсэн чуулганы цахим хуралдаанд “Их хуралдай”, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Их засаг”, “Үндсэн хууль” танхимуудаас цахимаар оролцож байгаа юм. Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцуулав.

Улсын хэмжээнд 2019 онд хүнсний ногоо 8.3 мянган га талбайд тариалж, 94.6 мянган тонн ургац хураан авч хэрэгцээний 40 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангасан байна. Одоо байгаа техникийн хүчин чадлыг нийт ажлын хэмжээнд тооцож үзэхэд хүнсний ногооны механикжуулалтын дундаж төвшин 40.0 хувьтай байна. Хүнсний ногоо тарих, арчлах, хураах, сортлох технологийн ажлуудын 60 гаруй хувийг гараар гүйцэтгэж, техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх тал дээр бусад улсуудаас харьцангуй хоцрогджээ.

Жил бүр хүнсний ногооны нийт талбайн 50 хувь буюу 4.0 мянган га талбайн хөрсний үржил шимийг сайжруулах, ургамал хамгааллын цогц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай байдаг. Мөн хөрсийг бордох нөхөн сэргээх, талбайн хог ургамал хортон шавжтай технологийн дагуу тэмцэх арга хэмжээг цаг тухайд нь хийж чадахгүй байгаагаас жил ирэх тутам ургацын хэмжээ буурч, хүнсний ногооны чанар муудаж байгаа аж.

Түүнчлэн сүүлийн үед манай улсын хүнсний ногоо үйлдвэрлэлийн томоохон компаниуд энэ чиглэлийн бизнесийг тогтмол алдагдалтай байсан гэх шалтгаанаар ээлж дараалан орхих болсон бөгөөд тухайлбал, Сэлэнгэ аймагт 6000 гаруй хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч байснаас одоогийн байдлаар 3000 болтлоо багассан статистик мэдээлэл гарсан байна.

Тиймээс хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах болон хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийг төрөөс бодлогоор дэмжих зорилгоор хүнсний ногоо, зарим ургамлын үндэс булцуу, төмс, сонгино, сармис, улаан лооль, өргөст хэмх, байцаа, шар лууван, шар манжин тус бүрийг импортоор оруулахад гаалийн албан татварын хувь, хэмжээ 20 хувь байгааг 30 хувь болгон нэмэгдүүлэх, үр тариа, тосны ургамал, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны үрийн гаалийн албан татварын хувь, хэмжээг “0” болгож, чанартай үрийг импортлох зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан тогтоолын төслийг боловсруулжээ.

Импортын татварыг нэмэгдүүлж, төрийн бодлогоор үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалснаар гучаад жилийн өмнөх шиг дотоодын хэрэгцээг чанартай хүнсний ногоогоор 100 хувь хангах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж буй юм байна.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд УИХ-ын гишүүн Ч.Улаан дотоодын хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд үрийн хангамжийн нөөц хүрэлцээгүй байгаа тул үрээр хангах асуудлыг төр бодлогоор дэмжихтэй холбоотойгоор гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, дэлхийн худалдааны байгууллагын дүрэм, журмын дагуу хүнс экспортлогч орон болоход гэрээ, хэлэлцээрийг хөрш хоёр улстай үргэлжлүүлэх зүйтэй гэсэн саналыг гаргасан хэмээн УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулсан юм. Тогтоолын төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ж.Бат-Эрдэнэ, Х.Баделхан, А.Сүхбат, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Д.Эрдэнэбат, Ж.Ганбаатар, Д.Оюунхорол нар асуулт асууж хариулт авсан. УИХ-ын гишүүд хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авах, нарийн ногооны тариалалтыг нэмэгдүүлэхийн тулд хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг хэрхэн дэмжих талаар тодруулан, тариалсан ногоог хадгалах агуулахын асуудлыг хөндөж байлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааны хариулснаар, Засгийн газраас хүнсний ногоо тариалалтыг нэмэгдүүлэх зорилго тавьж, энэ жил тариалалтыг 1000 га-гаар нэмэгдүүлэхээр аймаг, орон нутагтай хамтран ажиллаж эхэлжээ. Хүнсний ногоо тариалах иргэдэд газар олгох, дэмжихээс гадна сургалт зохион байгуулах ажлыг хийхээр төлөвлөсөн гэлээ. Айл өрх, албан байгууллага бүр боломжоо ашиглан хүнсээ бэлтгэхэд санаачилгатай ажиллахыг уриалж байгаа бөгөөд дотоодод үйлдвэрлэсэн үрийг худалдан авч, ногоочдод өгөх ажлыг зохион байгуулж эхэлжээ. Ингэсэн ч үр дутагдах учир үрийн гаалийн албан татварын хувь хэмжээг тэглэх асуудлыг хэлэлцүүлж байгааг сайд тодотгосон.

Хүнсний ногооны тариалалтыг бололцоотой хэмжээнд хүргэхийн тулд нөөцөө дайчлах бөгөөд Улаанбаатар хотыг тойрсон механикжсан агуулахууд баригдаж байгааг сайд уламжилсан. Агуулахын аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр Унгар Улстай хамтран ажиллаж, агуулахыг бүсчлэн байгуулахаар ярилцаж буй аж. Ногоочдоос гадна жимсчдэд дэмжлэг үзүүлэхээр онцгой анхаарч байгааг сайд мөн онцолсон.

Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид нарийн ногооны хэрэгцээний гуравны нэгийг хангаж байгаа гэлээ. Өнөөдрийн байдлаар 9 га газарт хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаа бөгөөд цаашдаа 20 га-д хүргэхээр төсөл боловсруулан, нийслэлийг тойрсон 6 байршилд хүлэмжийн газрын асуудлыг тодорхой болгосноос гадна хөнгөлөлттэй зээлд хамруулж, үрээр хангахад бололцооны хэрээр дэмжлэг үзүүлнэ хэмээн сайд хэллээ. Түүнчлэн усалгааг бий болгох, бордоогоор хангахад дэмжлэг үзүүлж, тариаланчид, ногоочид, жимсчдээ аль алийг нь дэмжинэ хэмээсэн. Жимсний хэрэгцээний 10 хувийг дотоодоос хангахаар тооцоолж буй бөгөөд үүний тулд жимсний үр, суулгацаар хангах асуудлыг шийдвэрлэнэ гэж хэллээ. Ногоочид, жимсчдэд 150 тэрбум төгрөгийн гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгоно гэдгийг мөн онцолсон.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан, С.Жавхлан, Н.Оюундарь нар үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75.5 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

ЭМГЭН [103.10.23.106] 2020-04-18 05:48:01

Их хуралын гэшүүдээ Гэр бүлийн хуулийг чангалан хариуцлагжуулахгүй бол Монголоор дүүрэн эцэгүй хүүхэд болоо Эрчүүд охидийг хайртай дуртай нийлэнэ сууна гэж хуурч гарын бээлиий адил сольдог үр хүүхэдээн хөсөр орхидог явдал гаарлаа Хөгшөн хоний насгүй Эмээ Өвөө нэр нэг нь нэг хоёр нь хоёр эцэгүй хүүхэд өсгөдөг болоо энэ хүүхэдүүдэд ирээдүү алга НЭГ ЭХНЭР БАГДААД БАЙГАА БОЛ ХОЁР ЭХНЭРТЭЙ БАЙХ ХУУЛИЙГ НЬ БАТЛААД ӨДӨРТ 10 ЦАГ АЖИЛАХ АЛБАДАН ХӨДӨЛМӨР ХИЙЛГЭЭД ЦАЛИНЖ ЦАЛИГ НЬ ЭХНЭР ХҮҮХЭД НЬ ӨГ АРГАА БАРСАН ХҮНИЙ ХЭЛСЭН ҮГ ШҮҮ ТӨР ГЭЖ БАЙНА УУ ХҮҮХЭД Л БҮҮ ӨНЧРҮҮЛЬ

MOGEUH [202.55.188.43] 2020-04-16 14:49:44

Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

зочин [103.212.118.208] 2020-04-16 14:44:57

хоол хүнсээ бэлдэхгүй бол монголчууд та нар л турж үхэхдээ хүрэх байлгүй.төмс хүнсний ногоогоо тариж хямдхан үнээр борлуулж амжиргаагаа авч явж чадахгүй бол амид явах хэрэг байна уу.хятадуудын баас шээсийн зөөдөг боол болох гээгүйл юм бол газар тариалан төмсхүнсний ногоогоо тарицгаа

zochin [66.181.189.83] 2020-04-16 11:22:39

TUGRUGNII HANSH NAVS UNASAN TURD AJILDAG DARGA NAR N HAGARTLAA BAYAJSAN IIM L ULS BOLJ BN. MANAI ULS HUGJUNGUI ORNI COLON ULS BOLVOL ARD IRGED N ARAI DEER AMIDRAH BAIH

Огурцы, помидорыг НӨАТ-аас чөлөөлж 0 хувьтай болгосон боловч өнөөдөр дотоодын огурцы, поми [202.179.26.236] 2020-04-16 11:08:42

Дотоодын огурцы, помидорын үнийг НӨАТ-аас чөлөөлж 0 хувьтай болгосон боловч өнөөдөр дотоодын огурцы, помидорын үнэ тэнгэрт хадсан, НӨАТ чөлөөлөөд ард түмэнд ямарч нэмэр алга, Өдрөөс өдөрт үнэ нь нэмэгдэж байна,


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.