Путин Ялалтын баярын жагсаалыг хойшлууллаа

Aдмин / Гадаад мэдээ

Коронавирусний цар тахлын улмаас Ялалтын баярын жагсаалыг хойшлуулж буйг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Аюулгүйн байдлын зөвлөлийн хурлын үеэр мэдэгдлээ.

"Ялалтын баяр, Ялалтын өдөр болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Одоо бид амаргүй сонголттой, шуудхан хэлэхэд, маш хэцүү сонголттой тулгараад байна. Тавдугаар сарын 9-ний өдөр бол бидний хувьд ариун өдөр, харин хүний амь юунаас ч илүү чухал билээ" гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, Ялалтын баярын жагсаалын бэлтгэлийг яг одооноос эхлэх ёстой". "Гэвч цар тахалтай холбоотой эрсдэл маш өндөр хэвээр байгаа бөгөөд тавдугаар сарын 9 гэхэд оргил үе нь өнгөрөхгүй учир парадын болон олон нийтийн бусад арга хэмжээний бэлтгэлийг яг одоо эхлүүлэх эрхийг надад өгөхгүй байна" гэж Путин цохон тэмдэглэжээ. "Тиймээс Батлан хамгаалахын яаманд, хүчний байгууллагуудын дарга нарт, бүх шатны төрийн байгууллагуудын удирдлагуудад хуваарийг өөрчилж, Улаан талбайд, бүс нутгуудад зохион байгуулах цэргийн жагсаалын бэлтгэлийг хойшлуулахыг үүрэг болгож байна. Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулан тэмдэглэхээр төлөвлөж байсан олон нийтийн бүх арга хэмжээг хойшлуулна” гэж тэрбээр хэлсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулан зохион байгуулах бүх арга хэмжээ энэ жил болно гэдгийг цохон тэмдэглэв.

“Өнөөдөр тулгарч буй аюулыг бид даван туулах болно. Тэр үед тавдугаар сарын 9-нд төлөвлөсөн бүх арга хэмжээгээ гарцаагүй зохион байгуулна. Бид үүнийг халуун дулаан, ёслол төгөлдөр хийх болно, мэдээж энэ жил, тэр тусмаа Алдар суу, дурсамжийн жил болгон зарласан 2020 ондоо багтан зохион байгуулна” гэж тэрбээр онцлон хэллээ.

Эх сурвалж: Монцамэ