Д.Нямхүү: ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ОХУ, АВСТРАЛИ УЛСААС ГУРВАН ИРГЭН УТСААР ХОЛБОГДОЖ ЗӨВЛӨГӨӨ АВСАН

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 4,000 гаруй хүн шинээр халдвар авч, 44 хүн нас баржээ. Нийт өвчлөл 47 мянга гаруй болжээ.

Мөн Буриад улсад 24 цагийн дотор 28 тохиолдол бүртгэгдэж 153 боллоо. Өвчлөлийн өсөлт Москвагаас бусад бүс нутагт шилжиж, 2-3 долоо хоногт дэгдэлт оргил үедээ хүн гэдгийг мэргэжилтнүүд үзэж байна. Тиймээс ОХУ-ын иргэдийг хөл хорионы дэглэмээ чанд сахихыг анхааруулж байна.

Энэ өвчнийг хөнгөн гэж үзэж болохгүй гэнэт хүндрэх аюултай тул маргаашийг хүлээж болохгүй хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн сайд онцолжээ.Мөн өвчин 2,3 дахь давлагаагаар дахин гарах эрсдэлтэй тул шаардлагатай тоног төхөөрөмж болоод амны хаалт зэргийн улсын нөөцийг бүрдүүлж байгаа аж.

Тухайлбал, тус улсад өдөрт 3.5 сая амны хаалт үйлдвэрлэж байсан бол өдөрт 7.7 амны хаалт үйлдвэрлэж хүн бүрийг амны хаалт зүүхийг шаардаж байна.

Нэг таатай мэдээ нь, COVID-19-ийн эсрэг ОХУ-д үйлдвэрлэсэн вакциныг зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сайн дурын хүмүүст турших буюу вакциныг хоёрдугаар шатыг эхлүүлэхээр болжээ. Мөн БНХАУ-ын хувьд эдгэрээд гарсан 161 хүний 22-т нь коронавирус дахин илэрсэн байна. Энэ вирус эдгэрээд 14-37 хоногийн дараа дахин илэрч байгааг эрдэмтэн судлаачид анхааруулжээ.ДЭМБ-ын ерөнхий захирал хэлэхдээ “Зарим улс, орон COVID-19 халдварын оргил үе саарч байна гэж үзээд хөл хориог хөнгөвчлөх шийдвэрт хүрч байгаа.

Гэхдээ энэ нь аюулгүй боллоо гэсэн үг огтхон биш бөгөөд тэмцлийг сулруулж болохгүй. Харин ч илрүүлэх, хавьтлыг тодорхойлох ажлаа улам эрчимжүүлэх шаардлагатай. Энэ вирус учраас завсар зай л гарвал дахин орж ирэх аюултай” гэж анхааруулсан байна. Мөн манай 119 дугаарын утсанд өчигдөр нийт 154 дуудлага ирсний ихэнх дуудлага нь гадуур иргэд ялангуяа бага насны хүүхэд амны хаалтгүй явж байгааг анхааруулахыг хүссэн байна. ОХУ, Австрали улсаас гурван иргэн утсаар холбогдож зөвлөгөө авсан” гэлээ.

ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ХӨСҮТ-Д 154 ХҮНД ЭМЧИЛГЭЭ, ХЯНАЛТ, АЖИГЛАЛТ, ТАНДАЛТ, ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙГДЭЖ БАЙНА

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны 4 дүгээр сарын 20-нд буюу өчигдөр ХӨСҮТ; 341 хүний шинжилгээ хийлээ. Тандалтын 11 сорьцод коронавирус илрээгүй. Баянгол, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс тандалтын зорилгоор авсан сорьц юм. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн өчигдөр 341 хүнд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 154 хүнд эмчилгээ, хяналт, ажиглалт, тандалт, лабораторийн шинжилгээ хийгдэж байна.

Өнөө өглөө үүрээр 05:00 цагт "Интермед" эмнэлгээс нэг сорьц авчирч шинжилгээ хийж байна. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 69 настай иргэн амьсгал бачууран, сүүлийн долоо хоногт ханиалгасан, халуунгүй, хоёр уушгиндаа хатгаатай гэсэн шинж тэмдэгтэй. Эмнэлгийнхэн түргэвчилсэн оношлуураар тухайн иргэнээс шинжилгээ хийхэд эерэг гарсан. Энэ хариуг баталгаажуулахаар PCR шинжилгээг ХӨСҮТ-д хийж байна.

Халдвар судлалын буюу тандалтын тооцооллоор гайгүй байх гэсэн төлөвтэй байна. Тухайн иргэний хүүхэд 1 дүгээр сарын 27-ноос 2 дугаар сарын 7-нд Солонгост байж байгаад ирсэн. Тооцоод үзэхэд хүүхэд нь ирээд 2 сар гаруй болсон. Хэрэв коронавирусийн халдварын нууц хугацаа байсан бол илрэхээр хугацаа. Гэхдээ 69 настай хүний ойрын гурван хүнийг тэнд нь тусгаарласан. "Интермед" эмнэлгийнхэнд ХӨСҮТ-өөс зөвлөгөө өгөөд хянаж байна. Үдээс хойш шинжилгээний хариу гарна" гэлээ.