А.Амбасэлмаа: Сэлэнгэд тусгаарлагдсан 12 хүний сорьц ирсэн. Одоогоор шинжилгээ хийгдэж байна

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

ХӨСҮТ-ийн лабораторид коронавирусын шинжилгээ хийгдэж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 8-нд Сөүлээс тусгай нислэгээр ирсэн 288 зорчигчид давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор Чингэлтэй, Сүхбаатар, СХД-ээс сорьц авч, 25 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Харин дөрөвдүгээр сарын 21-нд батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтлын нэг хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илэрчээ. Манай улсад бүртгэгдэж байгаа тохиолдлууд бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Иймээс иргэд ЭМЯ-наас өгч байгаа зөвлөмж дагах хэрэгтэйг анхааруулж байна. Мөн амны хаалтаа тогтмол зүүж, гараа сайтар угааж байх хэрэгтэй.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас ЭМЯ-ны хурлын үеэр зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ сарын 21-нд батлагдсан тохиолдлыг олон хүнтэй уулзсан учраас хавьтлуудыг алдсан гэх ойлголт иргэдийн дунд байна. Тиймээс УОК хуралдаж, зам хаасан гэсэн мэдээлэл байна?

-Тийм зүйл байхгүй. Монгол Улсад COVID-19 бүртгэгдсэн тохиолдолд УОК хуралддаг. Үүний дагуу Улсын онцгой комиссын 17 дахь хуралдаан болсон.

-Сүүлд бүртгэгдсэн хоёр тохиолдлын хувьд машинд хамт сууж явсан гэр бүлийн хоёр иргэн байсан гэлээ. Гэр бүлийн хүн нь ирээд өөр хүнтэй уулзсан болов уу?

-Коронавируст халдварын 34, 35 дахь тохиолдол ОХУ-аас ачаа тээвэр эрхэлдэг жолооч нарын дундаас илэрсэн. Бид гуравдугаар сарын 10-наас эхлэн ачаа тээврийн машины жолооч нарыг тосож авч, гурван газарт барааг нь буулгаж байгаа. Тухайн үед нь ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг ажиллаж, тэр хүмүүсийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлаж байна.

Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр ОХУ-аас Алтанбулагийн боомтоор нийт 32 ачаа, тээврийн машин хилээр орж ирсэн. Үүнээс 21 жолооч нь орос иргэн учраас ачаагаа буулгаад шууд буцсан. Үлдсэн 11 Монгол жолоочийн хоёр нь үлдэж, ес нь буцсан.

Үлдсэн хоёр жолооч нь л нэг гэр бүлийн хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, 35 дахь тохиолдол болох гэр бүлийн хүн нь ч бас жолооч. Одоогоор хилээр буцаж гарсан есөн жолоочийн дөрөв нь ирснийг Сэлэнгэ аймагт тусгаарласан. Мөн энэ тохиолдлын хавьтал болох 49 хүнийг тогтоогоод Сэлэнгэ, Дархан-Уул, Замын-Үүдэд тусгаарласан байгаа.

Сэлэнгэд тусгаарлагдсан 12 хүний сорьц үүрээр ирсэн. Одоогоор шинжилгээ хийгдэж байна. Харин Замын-Үүдэд тусгаарлагдсан хүмүүсийн сорьц ирж байгаа. Улаанбаатар хотод тусгаарлах байранд аваачсан 24 хүний шинжилгээ сөрөг гарсан.

ХАЛДВАР ХААНААС Ч ОРЖ ИРЖ, ХЭНД Ч ХАЛДАХАД БЭЛЭН БАЙГАА

-Ойрын хавьтал гэж тусгаарласан хүмүүсийн талаар мэдээлэл өгөөч?

-Бид ачаа тээврийн жолооч нарыг ирэхэд нь тусгаарлаж, 2-3 хоногийн зайтай шинжилгээ хийж байгаа. Мөн тэдгээр машинуудыг хилээр орж ирэхэд ард, урд нь цагдаагийн машин замд нь буулгахгүйгээр дагаж байгаа. Ойрын хавьтал болоод тусгаарласан гээд байгаа хүмүүс бол ихэвчлэн жолооч нарыг хилээр орж ирэхэд нь хяналт тавьсан хилийн байцаагч, гаалийн ажилтнууд болон ачаа буулгасан хүмүүс юм.

Гэхдээ тэд бүгдээрээ хамгаалах хувцас, хэрэгсэлтэйгээр ажилласан учраас эрсдэл харьцангуй бага. Түүнээс гадна ачаа тээврийн жолооч нар их олон сараар явдаг учраас гэр бүлийн хүмүүс нь уулзахыг боддог. Энэ нь халдвар тараах эрсдэл болох учраас иргэд энэ тал дээр анхааралтай байх хэрэгтэй. Халдвар хаанаас ч орж ирж, хэнд ч халдахад бэлэн байгаа учир мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхийг хүсье.

-Хилээр орж ирж байгаа жолооч нарыг тусгаарлаж, эрсдэл бага гэж үзэж байгаа юм бол яагаад хөдөлгөөн хаах шийдвэр гаргасан юм бол?

-Тэднийг хилээр орж ирэхэд нь ариутгал, халдваргүйтгэлийг хийж байгаа. Тийм ч учраас бид халдварыг хил хязгаар дотроо илрүүлэн, тогтоон барьж байна. Харин энэ ачаа, тээврийн машины хувьд машин нь эвдэрсэн зэргээр хөдөлгөөн их байна. Ачаа тээврийн жолооч нараас халдвар гарсан учраас УОК ийм шийдвэр гаргасан. Үүнийг иргэд ойлгох хэрэгтэй.