Б.Ууганцэцэг: Хүүхдэдээ гадаа тоглох нь ямар эрсдэлтэй байгаа талаар ярьж ойлгуулах хэрэгтэй

Aдмин / Эрүүл мэнд

Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн Гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.


-Хөл хорио тогтоогдсоноос хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Гэртээ удаан хугацааны туршид хөл хорионд байгаа хүүхдүүдийн сэтгэл зүйд ямар нэг өөрчлөлт ордог уу?

-Нэг газраа удаан байх нь хүүхэд, насанд хүрэгчдийн аль алинд нь нөлөөлнө. Хязгаарлагдмал харилцааны орон зай нь сэтгэл зүйн хувьд давчдах, сэтгэл санаа тогтворгүй байх, хямрах зэргийг дагуулж болно. Үүнээс үүдэн хүүхдүүд ууртай болох, уйлах байдал гарч болно. Ялангуяа цэцэрлэг, сургуульд явдаг хүүхдүүдийн хувьд багш, анги, найзуудаа үгүйлэх, гадаа гарахыг хүсэх нь гэртээ байдаг хүүхдүүдээс илүү байх талтай. Тиймээс эцэг эхийн хүүхдэдээ зориулж байгаа чанартай цаг чухал.

-Хүүхдүүдийн сэтгэл зүйн өөрчлөлт нь тэдний насны онцлогоос хамаарч өөр байдаг уу?

-Тийм ээ. Насны онцлогоос хамааран өөр өөр байна. Тухайлбал, сургуулийн өмнөх насны хүүхдүүдээс сургуулийн бага ангийн сурагчид ялгаатай. Сургуулийн өмнөх насанд буюу цэцэрлэгт явдаг хүүхдүүдийн хувьд өдөр унтлагын цагтай байх, тоглоомоор голчлон тоглож байдаг бол сургуулийн бага ангийн сурагчид хичээл даалгавраа хийх, тогтвортой сууж сурах эхлэл тавигдсан зэрэг ялгаанууд бий. Үүнийг эцэг эхчүүд сайтар харгалзан гэртээ байх хугацаанд нь аль болох энэ хэмнэлийг нь алдагдуулахгүй байх нь зүйтэй.

-Хүүхдүүд нэг газраа удаан хоригдоод байх дургүй. Тэгэхээр тэднийг гэрт нь хэрхэн тогтоох ёстой вэ?

-Бага насны хүүхдүүдийн үндсэн хэрэгцээ нь тоглох, хөдөлгөөн хийх, гүйж харайх байдаг. Хөдөлгөөн нь хоригдоод ирэхээр хүүхдүүд уурлах, уйлах, нойрондоо муудах, аав ээждээ муухай аашлах зэрэг зан ааш гаргаж болно. Үүнийг эцэг, эхчүүд сайтар ойлгож өдрийн тодорхой, тогтмол цагт хөдөлгөөн хийх, гэртээ гүйж харайх боломжийг олгоосой гэж хүсч байна.

-Гэртээ удаан байх нь хүүхдүүдэд хязгаарлагдмал орчинд байгаа мэт мэдрэмжийг төрүүлж, үүнээс хамаарч гадагш гарахыг илүүтэй хүсэх тохиолдол бий юү?

-Тийм ээ, гарч тоглох, агаар амьсгалахыг хүсдэг учир сайтар тайлбарлах хэрэгтэй. Дөрвөөс дээш насныханд өөрийн ойлгох хэлээр нь ойлгомжтой тайлбарыг хийх хэрэгтэй. Хүүхдүүд өөрсдийн авсан мэдээллээс өөрөө дүгнэлт хийн айж түгших, эцэг эхдээ энэ байдлаа хэлэхгүй байх, сэтгэл түгшил өндөртэй байж болох тул хөл хорио болон гэрээсээ дуртай үедээ яагаад гарахгүй байгаа мөн гадаа тоглох нь ямар эрсдэлтэй байгаа талаар ярьж ойлгуулах хэрэгтэй.

-Тоглох хүүхэдгүй гэртээ хөл хорионд буй хүүхдүүдийн сэтгэл зүйд ямар өөрчлөлт ордог вэ?

-Энэ бол нэлээд бэрхшээлтэй асуудал тул гэрт байгаа насанд хүрэгчид аль болох амьд харилцааг үүсгэх, хамт тоглох, асуулт асуух, насанд нь тохирсон гэрийн ажилд туслалцаа авах зэргийг хийх нь чухал. Энэ үед насанд хүрэгчдэд ч ганцаардах, сэтгэл түгших, гутрах байдал байдаг тул ялангуяа хүүхдүүдэд онцгой анхаарал, халамж чухал.

-Хүүхдүүд гэртээ удаан байхаар тэдэнд медиа хамаарал ихсэх тал ажиглагддаг. Үүнийг саармагжуулахын тулд эцэг эхчүүд халамжаа сайн нэмэгдүүлэх хэрэгтэй мэт санагддаг?

-Тодорхой буюу насанд нь тохирсон хугацаагаар хүүхдүүд утас, дэлгэцтэй харьцаж болно. Унтахаас бусад үед хүүхдийг утас, дэлгэцтэй хамааралтай байлгах нь хүүхдийг хөдөлгөөнгүй, хөшингө болгодог. Тиймээс цэцэрлэг, сургуульд байхдаа ямар дэглэмтэй байсан түүнийг нь алдагдуулахгүй байх нь чухал. Босох, хооллох, хичээл даалгавар хийх, өдрийн унтлага, тоглох, гэрийн ажилд туслах зэргийг нь аль болох цагийн хуваарийн дагуу байлгавал насанд хүрэгчдийн хувьд ч хүүхдүүдийн хувьд ч медиагаас хамаарлаа багасгах чухал ач холбогдолтой.

-Ер нь өнөөгийн онцгой нөхцөлд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хэрхэн ажиллавал зохих вэ. Тухайлбал, сөрөг мэдээллийг ямар харьцаатайгаар тэдэнд өгвөл зохих юм бол?

-Өөрийн авч байгаа мэдээ мэдээллийг хянах, нэгэнт хүүхэдтэйгээ сөрөг мэдээллийг авсан бол түүнийг заавал тайлбарлаж өгөх нь чухал. Хүлээн авсан сөрөг хүчтэй мэдээллийн улмаас насанд хүрсэн ч түгшүүр, айдас нь арилаагүй хүмүүс байдаг тул хүүхдийн дэргэд үзэж байгаа мэдээ мэдээллийн хяналтаа насанд хүрэгчид өөрсдөө сайтар хянах хэрэгтэй.

-Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ үзэж буй сувгийг хянах хэрэгтэй юм болов уу?

-Хүүхдийн үзэж байгаа мэдээ мэдээлэл ялангуяа утсаар үзэж байгаа зүйлийг нь мэдээж хянаж байх хэрэгтэй. Олон цагаар утас, дэлгэц үзэх нь хүүхдийн сэтгэл зүйд сөрөг нөлөөтэй. Тиймээс аль болох хүүхдэд олон цагаар утас, дэлгэц үзүүлж суулгахгүй байхыг эцэг эхчүүд эрхэмлээрэй. Нэгэнт ийм байдалдаа дассан хүүхэд утас дэлгэцээ нэхэх, өгөхгүй бол уурлаж уйлах, тайвшрахгүй байх зэрэг үйлдэл гаргадаг. Эцэг эхчүүд үүнийг зохицуулж өөр арга хэрэглэж тайвшруулахгүйгээс дахин утас дэлгэцээ авч энэ байдал хүүхдэд улам батаждаг. Тиймээс нэгэнт энэ зуршил хүүхдэд эхлэсэн бол зохицуулахад эцэг эхээс илүү анхаарал шаарддаг тул аль болох буруу зуршлыг эхлүүлэхгүй байхыг хүсч байна.

Эх сурвалж: У.Чинзориг, Өдрийн сонин