ОХУ: Коронавирусын халдвар өдөрт дунджаар 14-17 хувийн өсөлттэй байна

Ц.Анударь / Гадаад мэдээ

ОХУ-д коронавирусний халдвар өдөрт дунджаар 14-17 хувийн өсөлттэй байгаа бөгөөд тогтоон барьж байгаа хэмээн Хорио цээрийн алба мэдээлж байгаа ч улсын хэмжээнд бүртгэгдэж буй тархалт идэвхтэй хэвээр байна. Москва хотод өвчний тархалт эрчимтэй нэмэгдэж, шинж тэмдэггүй хэлбэрийн халдвар авсан хүний тоо нийт өвчлөлийн 50 хувьд буюу 32 гаруй мянга болсон тул хотын захиргаа хотод тогтоосон хязгаарлалтын дэглэмийг 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгахаар болов.

ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Михайл Мурашко эрүүл мэндийн системд шаардлагатай тоног төхөөрөмжийг шуурхай хангах зорилгын хүрээнд ирэх долоо хоног гэхэд нийт 300 ширхэг уушги орлуулах амьсгалын аппарат үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаас одоогоор 200 гаруй нь бэлэн болсон хэмээн мэдээллээ. Улсын хэмжээнд коронавирустэй тэмцэж байгаа 60 эмнэлэгт нийт 45,000 ор нэмэлтээр бий болгохоор ажиллаж байна. ОХУ-ын Иркутск, Владимир, Удмур, Коми, Забайкальскийн бүс нутагт коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг шат ахиулах шаардлагатай гэж үзжээ.

Тус улсын Засгийн газраас нийт 56 тэрбум рубль /675 сая ам.доллар/-ийг цар тахлын дэгдэлтийг хязгаарлахад зориулан зарцуулаад байгаа бөгөөд үүнээс 33 тэрбумыг уг вирусээр халдварласан иргэдэд зориулж эмнэлгийн ор нэмж байгуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийг бэлтгэхэд, 17.7 тэрбумыг орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж болон гар амьсгалын аппарат, яаралтай тусламжийн үйлчилгээнд зориулан зарцуулсан байна.

Орон нутгийн эмнэлгүүд өвчтөн хүлээн авах орны тоог яаралтай нэмэгдүүлж байгаа бөгөөд Засгийн газар орон нутагт 32.4 тэрбум рублийн тусламж олгож, шаардлагатай уушгины төхөөрөмжөөр 3 сарын дотор хангахаар болов.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “өөрийгөө тусгаарлах” дэглэм нь эдийн засагт 17.9 их наяд рублийн хохирол учруулаад байгаа бөгөөд уг арга хэмжээ нь 3 сарын хугацаанд үргэлжилсэн тохиолдолд иргэдийн бодит орлого 5-50 хувь, ДНБ-ий хэмжээ 21 хувиар буурч,15 сая хүртэл ажлын байр хаагдах эрсдэлтэй байна гэсэн тооцоо “Деловая Россия” байгууллага гаргажээ.

ОХУ-ын “Олон нийтийн санал бодлыг тандах судалгааны төв” 4 дүгээр сарын 16-ны өдөр 18 ба түүнээс дээш насны 1600 иргэнтэй утсаар холбогдож судалгаа явуулжээ. Судалгаанд хамрагдагсдын 80 орчим хувь нь коронавирусний халдвараас “урьдчилан сэргийлж” байгаа бол 10 гаруй хувь нь “огт арга хэмжээ аваагүй” гэжээ. Харин үлдсэн 12 орчим хувь нь “энэ талаар бодоогүй” гэж хариулсан байна.