ОУВС: “Covid-19”-ийн улмаас дэлхийн эдийн засаг урд өмнө байгаагүйгээр хямралд орно

Ц.Анударь / Эдийн засаг

Олон улсын валютын сангаас гаргадаг “World Economic Outlook” тайланд “Covid-19”-ийн улмаас дэлхийн эдийн засаг урд өмнө байгаагүйгээр хямралд орно гэдгийг онцолжээ. Дэлхийн ДНБ энэ жил 3 хувиар агшиж, ирэх жилд 5.8 хувиар өснө гэх тооцооллыг гаргаж байгаа ч коронавирусний тархалтаас шалтгаалж 2020, 2021 онуудад дэлхийн ДНБ нийт 9 их наяд ам.доллар буюу Япон, ХБНГУ-ын эдийн засагтай тэнцэх хэмжээний алдагдал хүлээх, өндөр хөгжсөн эдийн засагтай улс орнууд 6.1, хөгжиж буй орнуудын эдийн засаг 1 хувиар тус тус агших тооцооллыг гаргаад байна. Харин БНХАУ болон Энэтхэгийн эдийн засгийн эрч саарах хэдий ч 1.2-1.9 хувийн хооронд өсөх таамаглал дэвшүүлж байна.

Цар тахлын улмаас Зүүн өмнөд Ази, цаашлаад Ойрхи Дорнод, Африкт хүнсний хомсдол үүсэх нөхцөл байдал бий болж байна. Улс орнууд хилээ хаасны улмаас ажиллах хүчний урсгал зогсож, зарим улс дотоодын хүнсний хэрэгцээгээ хангах үүднээс тодорхой нэр төрлийн хүнсний экспортоо зогсоож нөхцөл байдал хүндэрчээ. Тухайлбал, нийт хүнсний хэрэглээний 90 орчим хувийг импортоор авдаг Сингапур улсын хэмжээнд хүнсээ хангалттай нөөцөлсөн гэж байгаа ч Худалдаа, үйлдвэрлэлийн яамнаас “Экспортлогч орнуудад тогтоосон хөл хорионы улмаас хүнсний хангамжид саатал гарч болзошгүй”-г мэдэгдсэн байна. Мөн ОХУ 7 дугаар сарын 01-нийг хүртэл үр тариа, гурил будааны экспортоо зогсоосон нь Булангийн орнуудад томоохон цохилт болов. Тус бүс нутгийн орнуудын дотоодын хүнсний хэрэгцээний 80-90 хувь нь импортоос хамааралтай, түүний дотор Египет, Иран улсууд голлон импортлогчийн хувьд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний стратегийн нөөцийг бүрдүүлэх шаардлагатай тулгарчээ.

Эх сурвалж: ТЕГ