ОХУ: Халдвар авсан иргэдийн 45-50 хувь шинж тэмдэггүй өвчтөнүүд байна

Ц.Анударь / Гадаад мэдээ

ОХУ-ын хэмжээнд хоногт 150,000 гаруй хүнийг шинжилгээнд хамруулж халдвар авагсдыг тухай бүрт нь илрүүлж байгаатай холбоотойгоор бүртгэгдсэн халдварын тоо 7 хоногт 70 хувиар нэмэгдсэн бөгөөд халдвар авсан иргэдийн 45-50 хувь шинж тэмдэггүй өвчтөнүүд байна. Түүнчлэн сүүлийн 7 хоногт эмнэлгийн байгууллагуудад өвчлөл нэмэгдэж, Санкт-Петербургийн Марийский эмнэлэгт 50, Москва орчмын Люберецы хотод 60, Перми хотод 30 эмч, эмнэлгийн ажилтан халдвар авсан бөгөөд Краснодарын хязгаар, Буриадын БНУ, Ярославь, Ленинград, Челябинск, Владивосток зэрэг 10 гаруй хот, мужийн эмнэлэгт халдвар гараад байна.

Сингапурын Технологи, дизайны их сургуулийн судлаачид ОХУ-д халдварын тархалт 5 дугаар сарын 20-ны өдөр 97 хувь, 28-ны өдөр 99 хувьд хүрч, 06 дугаар сарын 20 гэхэд бүрэн зогсоно гэсэн математик загварчлал гаргажээ. Харин Оросын мэргэжилтнүүд “Covid-19”-ийн 3 дахь далд үе ойрын хугацаанд эхлэх тул “өөрийгөө тусгаарлах” дэглэмийг 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл үргэлжлүүлж, түүнээс хойш үе шаттайгаар сулруулах эсэхийг хэлэлцэх нь зүйтэй гэжээ.

ОХУ-ын Ерөнхий сайд М.Мишустин импортоор авч буй уушги орлуулах төхөөрөмжид гэрчилгээ олгох журамыг хялбарчлах; халдвар авсан өвчтөнүүдтэй ажиллаж буй анагаахын сургуулийн 4 болон 5 дугаар дамжааны оюутнуудад мөнгөн төлбөр олгох; хязгаарлалтын дэглэмийг үе шаттайгаар сулруулах замаар аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломж олгох гарцыг тодорхойлж 4 дүгээр сарын 30 гэхэд танилцуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов. Статистик дүнгээр, хорио цээрийн дэглэм голлон дунд давхаргад сөргөөр нөлөөлж, ажилгүйдэл 4.7 хувьд хүрч, 3.5 сая хүн ажилгүй байгаа бөгөөд оны эцэст энэ үзүүлэлт 8 хувьд хүрэх төлөвтэй байна.