Дэлхийн 35 орноос 9900 гаруй иргэний эх орондоо буцах  хүсэлт ирүүлжээ

Aдмин / Эрүүл мэнд

Дэлхий нийтэд коронавирусын тархалт буурахгүй байна. Гадны улс оронд амьдрах, сурах, аялах жуулчлал эмчилгээ зэрэг олон шалтгаанаар зорчсон байгаа Монголчуудын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байгаа аж. Тиймээс тэд эх орондоо буцах хүсэлт ирүүлж байгаа билээ. Өвчлөл гарснаас эхлэн Монгол улс гадны орноос иргэдээ боломжит нөхцлөө дайчлан татан авсан. Энэ хугацаанд 8 удаагийн нислэгээр1800 гаруй, хилийн болон төмөр замын боомтоор 2400 нийт 4300 гаруй иргэнийг эх оронд нь авчирчээ.

СӨҮЛЭЭС ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 30-НД ЗӨВХӨН ТРАНЗИТ ЗОРЧДЫГ ,ТАВДУГААР САРЫН 1-НД СОЛОНГОС ДАХЬ ИРГЭДИЙГ АВНА

image

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: УОК-ын шийдвэрээр Солонгос улс руу дахин хоёр тусгай үүргийн нислэгийг өнөөдрөөс эхлэн үйлдэж байна. Дэлхийн долоон улсаас Солонгос улсаар дамжин ирж буй 273 зорчигч өнөөдрийн нислэгээс бууна. Маргааш буюу тавдугаар сарын 1-ний нислэгт зөвхөн Солонгост оршин сууж байгаа 271 монгол иргэн ирэх юм. Солонгос улсын элчин сайдын яамны зүгээс тусгай шаардлага тавьсан нь визийн хугацаа хэтэрч саатуулагдах байранд буй 30 Монгол иргэнийг дээрх нислэгт багтааж зайлшгүй авах шаардлага тавьсныг авч байгаа юм байна. Харин тавдугаар сарын гуравны үүрээр буух Герман Франкфуртын нислэгээс 13 улсаас 263 зорчигч бууна. Европоос ирэх зорчигчдод боломж олгох үүднээс тус нисэх буудлыг сонгожээ.

Инчеон олон улсын нисэх онгоцны буудлаас транзит нислэг хоорондын зайг 24 цагаас багагүй байх шаардлагыг тавьсан байна. Энэ нь транзит шаардлага хангасан зорчигчид тус буудал дээр ирээд гацах, олон хоног саатах зэргээр вирусын халдварыг зөөвөрлөх гол замуудын нэг болж байгаа гэж үзсэнтэй хамт хэрэгжиж байгаа шинэ журам гэлээ. Тиймээс Франкфуртын нислэгт нэр нь орсон ч дээрх 24 цагийг мөрдөх журмаас шалтгаалаад зарим хүн хасагдаж байгаа тохиолдлууд гарч байгааг хэллээ.

ТУРК ДАХЬ МОНГОЛЧУУДЫН АСУУДЛЫГ СУДАЛНА

Турк улсад суугаа иргэнтэй холбогдож зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр “Турк улсад ойролцоогоор 5-6 мянган Монгол иргэн байдаг гэсэн. Иргэдийн ажил зогсоод зогсоод хоёр сар гаруй болж байгаа. Тиймээс орлогын эх үүсвэргүй болсон иргэд байрны түрээс ,хоол хүнс, тог ус, интернэт, газ гэх мэт зүйлсээ төлөх чадваргүй болсон. Нялх хүүхэдтэй айлууд байрнаасаа хөөгдөхгүйн тулд бүх л арга хэмжээг авч байгаа. Зарим Монгол хүмүүс бие биедээ сэтгэлийн дэм гээд нялх хүүхэдтэй өндөр настантай 10-30 айлд хүнс тарааж өгсөн. Буцах хүсэлтэй иргэд удаа дараалж консулын газар луу бичиг илгээсэн ч хариу ирүүлээгүй. Турк улс дахь манай улсын элчин сайдын яамны консулын хоёр ажилтан хар тамхины хэрэгт холбогдсон гэх мэдээлсэн гарсан. Тиймээс Турк улсад амьдарч байгаа иргэдийн асуудалд Консулын газар ямар арга хэмжээ авахгүй байна гэж бид харж байна” гэлээ.

Дээрх асуудлыг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигээс тодруулахад “Консулын ажилтаны хар тамхины хэргийг мэдээлэх боломжгүй. Харин Турк дахь иргэд эх орондоо ирэх хүсэлтийг ойрын хугацаанд хэлэлцэж шийдвэрлэх чиглэлтэй байгаа. Одоогийн байдлаар тус улсаас 500 гаруй иргэн албан ёсоор буцах хүсэлт гаргасан мэдээлэл ирсэн” гэв.

ЯПОН РУУ НИСЛЭГ ХИЙХ ЭСЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Япон улсаас ирэх хүсэлтэй иргэдийн хүсэлт мөн нэмэгдсээр байна. Гэвч одоогоор тус улс руу хийх нислэгийн мэдээлэл байхгүй байгаа. УОК оршин суугаа улс орноосоо ирэхээр хүсэлт ирүүлсэн Монгол улсын иргэдийн хүсэлтэд судалгаа хийсний үндсэн дээр чартер нислэгийн хуваарийг гаргана. Тус улс дахь ЭСЯ буцах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг хүлээн авч эхэлсэн тухай мэдээлэл байгаа.

ЭНЭТХЭГ РҮҮ НИСЛЭГ ҮЙЛДЭХ САНАЛЫГ АЛЬ Ч ТҮВШИНД АЛБАЖУУЛААГҮЙ

Дөрөвдүгээр сарын 28-нд Энэтхэг улсаас ирэх хүсэлтэй байгаа иргэдийн ар гэрийнхэн ЗГ-т хандсан. Тус улсад хөл хорионд орсон Монгол иргэд ахуйн болон хоол хүнс гачигдах байдалтай байгааг тэд мэдээлж байв. УОК-оос Энэтхэг улсад тусгай нислэг зохион байгуулах боломжгүй. Гэвч дээрх улсад байгаа иргэд чартер нислэг үйлдэгдэж байгаа улс руу дамжин ирсэн тохиолдолд Монгол улс иргэнээ авна. Үүнтэй зэрэгцээд “Хүннү эйр” авиа компани холбогдох зөвшөөрлийг олгосон нөхцөлд Энэтхэг улсад нислэг үйлдэх боломжтой тухайгаа зарласан. Гэвч МИАТ ХХК-ийн албаны хүний тайлбарт “ Энэ бол манай салбарын адил үйл ажиллагаа явуулдаг байгууллагын гаргасан хүсэлт. Тийм учраас өөр компаний асуудлыг бид хариулж мэдэхгүй” гэсэн юм.

Н.Баярмаа