О.Амартүвшин: Хувийн хэвшлийнхэн төр засгийг зөв хамтын ажиллагааны төлөө шахаж ажиллана

Aдмин / Эдийн засаг

- АЖИЛЧДАА ЦОМХОТГОХООС АРГАГҮЙД ХҮРСЭН ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН ТАВДУГААР САРЫН 1-НД ЖАГСАНА -

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.


-Тавдугаар сарын 1-нд хувийн хэвшлийнхэн тайван жагсаал хийх юм байна. Засгийн газрын авч буй арга хэмжээнүүд хувийн хэвшилд нөлөөлөхгүй, хөрсөндөө буухгүй байгаа нь бизнес эрхлэгчдийг жагсахад хүргэчихэв үү?

-Тэгж хэлж болно. Өмнөх нийгмийн үед хөдөлмөрчид тавдугаар сарын 1-нд хөдөлмөрчдийн эв санааг илэрхийлж жагсдаг байсан. Энэ өдрийг гучин жилийн дараа “Ажлын байраа хадгалцгаая” гэдэг уриан дор, хувийн хэвшлээ дэмжье, эдийн засгаа эрчимжүүлье гэсэн зорилгоор тэмдэглэх гэж байна. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхэн бүх нийтийн тайван жагсаал хийнэ. Бодит эдийн засгаа олж харахгүйгээр, эдийн засгийн хүндрэлээ зөв тодорхойлж оношлохгүйгээр суугаад байх нь маш өндөр эрсдэлтэй. Өнөөг хүртэлх бүх ололт амжилтаа үгүй хийх эрсдэл дунд бид амьдарч байна. Сая гаруй ажлын байрыг шингээдэг хувийн хэвшлийг зөв бодлогоор дэмжихгүйгээр, өнөөдрийнх шиг аргацаасан байдлаар хандаад байвал эдийн засгийн эрсдэлийг зөв бодлогоор удирдах ямар ч боломж байхгүй.

-Хувийн хэвшлийнхнээс гадна ажлаа алдсан, алдахад ойрхон байгаа хүмүүс ч жагсана гэцгээж байна. Хэчнээн компани оролцох бол?

-МҮХАҮТ-ын гишүүн компани гэвэл 5000-аар тоологддог. Ташраараа хэцүүдчихсэн байгаа болохоор бүгдээрээ оролцох байх. Маргааш, нөгөөдрөөс тодорхой тоонууд гарах болов уу. Бид хувийн хэвшлийн бүх компаниудыг энэ жагсаалд нэгдэхийг уриалж байгаа. Ер нь дэлхийн хандлага маш тодорхой. Хувийн хэвшлээ дэмжих замаар л ажлын байр бий болгодог. Эдийн засаг хэвийн байсан бол энэ асуудлыг хувийн хэвшил нуруундаа үүрээд гарна. Гэтэл нэг компани, нэг улсаас биш дэлхий нийтэд нөлөөлсөн хямрал болж байна. гинжин хэлхээ бүхий хямрал үүссэн ийм үед төр, хувийн хэвшил зайлшгүй хамтрах шаардлагатай. Ингэж байж хямралыг аль болох бага эрсдэлтэйгээр даван туулна.

-Шаардлага хүргүүлнэ гэж байсан. Засгийн газарт хүргүүлэх үү?

-Бид Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт бүгдэд нь шаардлага хүргүүлнэ.

-Ямар шаардлага тавих вэ?

-Ард түмнээ ядуурлын эгнээ рүү шилжүүлчихэлгүйхэн шиг, ямар нэг байдлаар ажилтай орлоготой байлгахыг хүсч байгаа бол хувийн хэвшилтэйгээ бодитойгоор хамтарч ажиллахыг л шаардана. Хувийн хэвшил, төр хамтарч байж эдийн засгийн эрсдэлийг удирдах боломжтой. Засгийн газар, хувийн хэвшил тус тусдаа тэмцээд үр дүнд хүрэхгүй л дээ.

Ажлын байр шингээх ямар салбаруудыг хамтдаа дэмжихээ ярилцах ёстой. Экспортыг хэрхэн дэмжих, банкны реформоо яаж хийх, нэн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг гэх мэтээр асуудлыг багцаар нь харж байж урагшилна. Төсвийн тодотголыг зайлшгүй хийх хэрэгтэй. Шаардлагагүй, яаралтай биш зүйлүүдийн зардлуудыг танах шаардлага үүсчихсэн. Танасан мөнгөөр нь аж ахуйн нэгжүүдээ нэн хөнгөлөлттэй зээл гэх мэтээр дэмжээд явчих хэрэгтэй. Төр нь аж ахуйн нэгждээ итгээд, батлан даалт гаргаад хамтарч ажиллах гарцыг л бид санал болгоод байгаа юм. Түүнээс биш хувийн хэвшлийнхэн зүгээр мөнгө хүсээгүй.

-Засгийн газар хувийн хэвшилтэй хамтраад ажиллавал хэр хугацааны дараа хямралыг давах бол?

-Тууштай хамтраад ажиллавал 6-9 сарын дараа хямралын ард гарах боломжтой. Хятадын хувьд нөхцөл байдал харьцангуй сайжирч байна. Энэ бол бидний хувьд боломж. Яг энэ үед экспортын бүтээгдэхүүнээ дэмжихээс эхлээд маш олон гарц шийдлийг хайж олох хэрэгтэй. Сая гаруй ажлын байр шингээсэн хувийн хэвшлийнхэн төр засгийг зөв зүйл хийлгэх, зөв хамтын ажиллагааны төлөө шахаж ажиллах болно.

-Танхимаас тавих шаардлагыг өмнөх шигээ үл тоовол дараагийн алхам юу байх вэ?

-Хэрвээ энэ шаардлагыг үл тоомсорловол хоёр, гурван сарын дараа нийгмээрээ үүнээс ч хүнд нөхцөл байдалтай нүүр тулна. Ажилгүй, ядуурлын эгнээ рүү шилжсэн нэг сая таван зуун мянган хүнээс үүдэх нийгэм, эдийн засгийн хямрал ямар байх нь тодорхой. Төсөөлөхөөс ч халшрам эрсдэлүүд бий болно. Хулгай дээрэм танхайрал газар авахаас эхлээд маш олон сөрөг зүйл газар авна. Байдлыг тиймд нь тулгавал нийгмээрээ маш хүнд сорилттой нүүр тулна.

-Иргэд, компаниудын байдал яг одоо ямаршуу байна?

-Судалгаа хийгээд үзэхээр иргэдийн 72 хувь нь ямар ч хадгаламжгүй амьдарч байна. 14 хувь нь 30 хоног хүртэл, наймхан хувь нь гурван сар хүртэл амьдрах мөнгөтэй гэж байна. Компани, аж ахуйн нэгжүүд ялгаагүй тийм л байгаа. Судалгаа хийж үзсэн. Дийлэнх нь өөрт байдаг бүх хуримтлалаа зээлийн хүү, цалин хөлс, түрээс, дулаан цахилгааны төлбөртөө зарцуулаад дуусч байна. Цаашид зардлаа хумихын тулд ажлын байраа цомхотгохоос аргагүй. 260 орчим мянган хүн ажилгүйдлийн эгнээ рүү шилжинэ гэсэн тооцоо бий. Ингэвэл Монголын ард түмний 50 хувь нь ядуурлын эгнээ рүү шилжинэ.

-Байдал энэ хэвээр үргэлжилбэл компаниуд ямар эрсдэлтэй нүүр тулах бол?

-Компани, аж ахуйн нэгжүүд өнөөдрийг хүртэл боловсон хүчнээ чадавхжуулах, салбартаа хөлөө олох, технологи нэвтрүүлэх, тоног төхөөрөмжөө шинэчлэх гэх мэт маш том хөрөнгө оруулалтуудыг хийсээр ирсэн. Энэ бүгдийг богино хугацаанд үгүй хийчихвэл буцаад сэргэх, өнөөгийн түвшинд очиход маш хүндрэлтэй. Өрх гэрээр төсөөлөөд үзье. Арав, хорин жил ажиллаад байр, машин, тодорхой хэмжээний хуримтлалтай болж, үр хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлээд явж байсан гэр бүл байлаа гэж бодъё. Хямрал даамжирвал бүхнээ алдаж, ерэн оны өмнөх рүүгээ шилжих эрсдэлтэй. Хямралын дараа өнөөгийн түвшиндээ хүрэх гэж дор хаяж арван жил зарцуулж таарна. Компаниуд ч гэсэн ялгаагүй. Үүдээ хаачихвал эргэж сэргэтлээ маш олон жил зарцуулна.

-Компаниуд байгаа бүх боломжоо шавхжээ гэж ойлголоо. Засгийн газраас гаргасан шийдвэрүүдээс амьдралд наалдсан, хувийн хэвшилд эерэгээр нөлөөлсөн шийдэл байна уу?

-Вирусээс үүдэлтэй хөл хорио тогтоод үндсэндээ 100 хонож байна. Өөрөөр хэлбэл, нэг жилийн бүтэн улирал гаруйн хугацаа өнгөрчихлөө гэсэн үг. Энэ хугацаанд хувийн хэвшлийнхэн өөрсдөөсөө шалтгаалах бүх л зүйлийг хийлээ. Жишээ нь, хүнсний бүтээгдэхүүний үнэд огцом өөрчлөлт орсонгүй. Хангалт нь ч хэвийн байгаа. Мэдээж экспорт нэлээд буурсан. Гэхдээ компаниуд өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийсээр өнөөг хүрсэн. Монголбанк мөнгөний бодлоготой холбоотойгоор зээлийн хүүг хойшлуулах, ямар нэгэн торгууль алданги тавихгүй байх гэх өөрсдөөс нь шалтгаалах олон алхам хийлээ. Засгийн газар одоогоос сар гаруйн өмнө эдийн засгаа эрчимжүүлье, хувийн хэвшлийг дэмжье гэсэн санааг гаргаж, Ерөнхий сайд долоон багц асуудал танилцуулсан. Үүнээс хойш Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Чинзориг гэх мэт хүмүүс олон талаас нь тайлбарласаар өнөөг хүрлээ. Асуудал УИХ-аар орж шийдэгдсэн. Гэхдээ эдийн засгийг бодитойгоор дэмжсэн, ажлын байрыг хадгалахад чиглэсэн, ямар нэгэн байдлаар бүтээн байгуулалт, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжсэн чигийн шийдлүүд одоогоор алга.

Бид байдал ямар байгааг судалгаа, тооцоотойгоор олон удаа хэлж байгаа. Иргэдийг банктай, аж ахуйн нэгжүүдийг банктай, эсвэл малчдыг ноолуурын компаниудтай, ажилчдыг компанийн эзэдтэй гэх мэтээр хоёр талд үл ойлголцол үүсгэсэн, талцуулсан, ялгаварлан гадуурхсан дүр зураг бий болчихлоо л доо.

-Сангийн сайд нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд бүх компани хамрагдана гэж мэдэгдсэн. Үнэхээр бүгд хамрагдах боломж бий юү?

-Сангийн сайдын хэлээд байгаа шиг нийт компанийн 99.99 хувийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх боломж байхгүй. Компаниудын 70 гаруй хувьд нь борлуулалт буучихсан. Тэр утгаараа ажилтнаа халаагүй компани хуруу дарам цөөн байна. Тэгэхээр нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үлдсэн цөөхөн хувьд нь үйлчилнэ гэсэн үг. Шуудхан хэлэхэд хүнд байдалд орчихсон, асуудлаа шийдэх гэж оролдож байгаа болгонд хүртээлгүй зүйл болсон. Дахиад хэлэхэд бид өнгөрсөн хугацаанд нөхцөл байдал ямар байгааг судалгаа тооцоотой танилцуулж, шийдэл гарц хайж олж, санал хүсэлт тавьсан боловч эдийн засгийг аврах бодитой алхам огт хийгдсэнгүй.

-Бүтээн байгуулалт өрнөж эдийн засаг сэргэдэг улирал ирчихээд байна. Улирлын эерэг нөлөө ажиглагдаж байна уу?

-Улирлын шинж чанартай ажлууд эхэлчихсэн байдаг цаг ч гэлээ харамсалтай нь компаниуд үйл ажиллагаагаа эхлээгүй, бүгд ямар нэгэн байдлаар зогсонги байгаа. Асуудлыг яаралтайгаар хэлэлцэж, бодитой, хөрсөндөө буусан шийдлүүдийг гаргахагүй байдал байдал бүр л дордоно.

Эх сурвалж: Ц.Баасансүрэн, ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл

зочин [202.179.31.42] 2020-05-01 02:07:00

Хувийн хэвшлийн ААН-үүд хүнд байгаа. Гэхдээ төр засаг эд нарт маш их боломж олгож ирсэн. 2 удаа татварын өршөөл үзүүлсэн гээд л.... Гэтэл наадуул чинь хэдэн төгрөг олохоороо хүүхэн шуухан, мөрийтэй тоглоом, үнэтэй машин, юм сурдаггүй хүүхдүүдээ гадаадын сургуульд сургана, одоо бүр УИХ-д сууна гээд бөөн мөнгө зарлагадаад л. Ажилчидаа цалин гэж олигтой юм өгөхгүй. ... Буянгийн Жагаагаас эхлээд . Малчид үндэсний үйлдвэрлэгч мөн үү Амартүвшин гуай Одоо энэ цаг үед малчид ч хэцүү байна. Малчдын жилийн 4 улиралд зовж өсгөсөн хэдэн малын бэлэн байгаа түүхий эд болох ноос ноолуур, арьс ширээр олигтойхон шиг юм хийж чадахгүй та хэдийг яах вэ Наад Жагаа чинь одоо ноолуурыг үнэгүй авна гэнэ Үнэгүй байгаа арьс ширээр юм хийж чадахгүй байж одоо ноолуурын бас ийм байдалд оруулах уу

Зочин [66.181.161.54] 2020-05-01 05:00:42

Солиор чи. ААН үүдийн зовлонг мэдэхгүй чам шиг бөгс долоогч цаашаа.

зочин [66.181.181.26] 2020-05-01 02:00:05

Төр засаг бодлогоор чадах юмаараа дэмжих л байх, хамгийн гол нь ААН, тэдгээрийн удирдлагын мэдрэмжээс их зүйл шалтгаална шүү, зах зээлийн хууль үйлчилнэ, үнийг бол нөгөө "үзэгддэггүй гар" өөрөө зохицуулаад явна, төрд найдах хэрэггүй, өөрсдийнхээ давуу талд найддаа.

Зочин [59.153.115.24] 2020-05-01 01:59:49

Цар тахал дэлхий даяар тархаж байгаа энэ vед ДЭМБ болон улс орнууд иргэдийнхээ эрvvл мэндэд онцгойлон анхаарч хол хорионы дэглэмийг баримтлан олон хvн цугларч жагсаал цуглаан хийхгvй байхыг хатуу анхааруулж хориглож байхад иргэдийг жагсаал цуглаанд уриалж эрсдэл учруулж болохгvй шvv Амартvвшин даргаа. УОК болон ЗГ-аас дэс дараатай хэрэгжvvлж байгаа арга хэмжээг дэмжиж эв нэгдэлтэй хамтран ажиллаж байж л хvндрэлийг хохирол багатай даван туулна гэдгийг анхаара хэрэгтэй.

Зочин [122.201.19.99] 2020-05-01 01:09:48

Юм л бол хувийн хэвшлээ тарамталдаг татвар авах болхоор хувийн хэвшил л төлнө энэ ариун явдал уу ПОП сайдаа улсын байгуулагд чинь мөнгөөр л баячуулын хүүхэд орно 4-жил л улсынхан гэсэн үгийг амнаас нь сонсов

tusa [64.119.23.190] 2020-05-01 00:44:36

Хамгийн гол нь төр засгийн дэмжлэгтэйгээр бий болсон эдийн засгийн хүндрэлийг эрсдэл багатай даван туулах хэрэгтэй. Ер нь аж ахуйн нэгжүүдэд энэ цаг үе шалгуур болж үлдэнэ. Зарим нь дампуурна, зарим нь хагас зогслтын байдалтай, зарим нь хэвийн үйл ажиллагаагаа хангаад явна. Ийм дүр зураг харагдаж байна. Нэн ялангуяа хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд эн хүндрэлийг эрсдэл багатай даван туулна. Мөн аж ахуйн нэгжүүдийн удирдлагын арга, ур чадвараас ажилчдын цаашдын хувь заяа их шалтгаална. Жагсаж цуглах яах вэ, ажлын байраа хэрхэн авч үлдэх тухайгаа өнөөдөр өөрийн байгууллагын хэмжээнд тооцолж, төлөвлөсөн байх ёстой. Төр засагт хэт найдах хэрэггүй, зах зээлийн хуулиар явна гэдгийг мэдэж байгаа биз дээ захирал нар аа.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.